Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/00943

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-48 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овгийн Гомборагчаагийн Отгонбаяр /НИ74100801/

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14-99 тоотод оршин суух, Урианхан овгийн Жалбаагийн Мөнхцэцэг /ДЕ72090808/,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат зураа 8-8 тоотод оршин суух, Дөрвөд овгийн Бадамын Цогзолмаа /ОВ65092407/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг зүүн дэнжийн 5-30 тоотод оршин суух, Хиад боржигон овгийн Сангаагийн Амарсанаа /ИЙ70062801/-д холбогдох

Г.Отгонбаярын 4 498 137 төгрөг, Ж.Мөнхцэцэгийн 3 150 000 төгрөг, 1 000 000 төгрөг тус тус гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Отгонбаяр, Ж.Мөнхцэцэг, Б.Цогзолмаа, хариуцагч С.Амарсанаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Энхбаяр, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Отгонбаяр, Ж.Мөнхцэцэг, Б.Цогзолмаа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Отгонбаяр би С.Амарсанаагийн хүсэлтээр 6 000 000 төгрөгийг 3 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь гуйсны дагуу бэлнээр дээрх мөнгийг 2015 оны 05 сарын 16-нд өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд С.Амарсанаагаас зээлийн төлбөр 4 498 137 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг би С.Амарсанаагийн хүсэлтээр 7 000 000 төгрөгийг 2 сарын хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь гуйсны дагуу бэлнээр дээрх мөнгийг 2014 оны 11 сарын 15-нд өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд С.Амарсанаагаас зээлийн төлбөр 3 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 2 452 059 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цогзолмаа би С.Амарсанаагийн хүсэлтээр 1 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаагаар зээлдүүлэхээр болсон. Ингээд өөрийнх нь гуйсны дагуу бэлнээр дээрх мөнгийг 2015 оны 08 сарын 13-нд өгсөн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн ч одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд С.Амарсанаагаас зээлийн төлбөр 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Амарсанаа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Амарсанаа би нэхэмжлэгч Г.Отгонбаяр, Ж.Мөнхцэцэг, Б.Цогзолмаа нарын нэхэмжлэлийн дагуу хариу тайлбар гаргаж байна. 2008 оноос хойш миний охин Б.Хүдэрхишигт, хүү Б.Замбалгарав нар УБ хотод оюутан, нөхөр Б.Бархас эрхэлсэн ажилгүй, өөрөө цалингийн зээлтэй цалин мөнгө хүрэлцэхгүй байсан учир эхлээд ламборданд өөрийн ээмэг, бөгж, эд зүйлсээ тавьж, дараа нь хүүтэй мөнгө зээлдэг хүмүүсээс мөнгө зээлдэг болж, эдгээр хүмүүсийн хүүтэй мөнгөний хүүг өгөхийн тулд дараах хүмүүсээс өөрийн үнэн байдлаа хэлж мөнгө зээлж байсан нь үнэн болно. Ж. Мөнхцэцэг бид хоёр 1996 оноос хойш өнөөг хүртэл хамт ажиллаж байгаа тул өөрийн үнэн байдлаа хэлж 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 7 000 000 төгрөгийг нөхөр Баттогтохтой нь цалингийн зээл 2015 оны 01 дүгээр сард авч өгөх, эсвэл хүргэнээрээ боломжтой бол цалингийн зээл авахуулахаар тохиролцож авахуулсан ба өөрөө цалингийн зээл нэмж авч хүүгийнхээ сургалтын төлбөрт өгч, хүргэн цалингийн зээл авах боломжгүйг хэлж сар бүрийн төлөлтийг хийж, хойшлуулж одоог хүртэл зээлийг хаагаагүй байна. Ж.Мөнхцэцэг 2015 оны 08 дугаар сард 2 оюутаны төлбөр хийхээр болж би зээлийг хааж өгч чадахгүй байсан тул би хүүтэй мөнгө түр зээлж байх саналыг тавьж, Ж. Мөнхцэцэг хүмүүсээс 900 000 төгрөг зээлсэн тухайгаа надад хэлж хүүгийн хамт 980 000 төгрөг болж байна гэсэн. Ингээд би Ж.Мөнхцэцэгт

- 2015 оны 09 дүгээр сарын 28- нд 200 000 төгрөг

- 2015 оны 10 дугаар сарын 02-нд 150 000 төгрөг өгөхөд зээлсэн мөнгөнийхээ хүүд өгнө гэж байсан

- 2015 оны 12 дугаар сарын 07-нд өөрийнх бүлэгт явдаг хүүхдийн ээж Ж.Мөнхцэцэг багшаас 200 000 төгрөг 60 000 төгрөгний хүүгийн хамт авах тухайгаа хэлж орж ирэхэд 260 000 төгрөгийг өгсөн.

- 2015 оны 12 дугаар сарын 30-нд 300 000 төгрөг

- 2016 оны 01 дүгээр сарын 28-нд 500 000 төгрөг

- 2016 оны 02 дугаар сарын 05-нд 300 000 төгрөгийг тус, тус бэлнээр өгсөн байна.

            Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3 952 059.3 төгрөгнөөс бэлнээр өгсөн 1 500 000 төгрөгийг хасаж 2 452 059.3 төгрөг төлөхөөр байна.

            Багш Т.Отгонбаяраас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 6 000 000 төгрөгний цалингийн зээлийг 2015 оны 09 дүгээр сард хааж өгөхөөр өөртэй нь тохиролцож авахуулсан ба сар бүрийн төлөлт 220 500 төгрөгийг хуваарийн дагуу төлж одоо 4 498 137.6 төгрөгний үлдэгдэлтэй байна.

            Угаагч Б.Цогзолмаагаас 2015 оны 08 дугаар сарын 13-нд 1 000 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй авч 09, 10, 11, 12-ныг хүртэл сар бүр 100 000 төгрөг буюу бүгд 400 000 төгрөгийг өгч, одоо үндсэн мөнгийг 2016 оны 01 сарын 13-наас хойших хүүгийн хамт төлөөгүй байна...

            Хамт ажиллаж байсан эдгээр хүмүүсээ хохиролгүй болгохийн тулд 2016 оны 04 дүгээр сарын 06-нд үл хөдлөх, хөдлөх хөрөнгө зуучлалын “ОСЗА” төвд өөрийн эзэмшлийн хашаа, байшингаа 45 000 000 төгрөгнөөс зарахаар зарж өгсөн байгаа тул хашаа байшингаа зарж эдгээр хүмүүсийг хохиролгүй болгож өрийг барагдуулна. Эдгээр хүмүүст өгсөн мөнгөний хүүг үндсэн мөнгөнөөс нь тооцож хасаж миний өрийг барагдуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч С.Амарсанаа шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: ... Ж.Мөнхцэцэгийн 2 452 059 төгрөг, Т.Отгонбаярын 4 498 137 төгрөг, Б.Цогзолмаагийн нэхэмжилсэн 1,0 сая төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.   

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Отгонбаяр нь 4 498 137 төгрөг, Ж.Мөнхцэцэг нь 3 150 000 төгрөг, Б.Цогзолмаа нь 1,0 сая төгрөг тус тус хариуцагч С.Амарсанаагаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Отгонбаярын нэхэмжилсэн 4 498 137 төгрөг, Б.Цогзолмаагийн нэхэмжилсэн 1,0 сая төгрөгийг хариуцагч С.Амарсанаа төлөхийг хүлээн зөвшөөрсөн, харин нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг 3 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2 452 059 төгрөг болгосныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Отгонбаярын 4 498 137 төгрөг, Б.Цогзолмаагийн нэхэмжилсэн 1,0 сая төгрөгийг хариуцагч С.Амарсанаа төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч Ж.Мөнхцэцэг 3 150 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2 452 059 төгрөг болгосныг хариуцагч С.Амарсанаа төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг  хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 830 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 86 920 төгрөг гаргуулан Г.Отгонбаярт, 54 183 төгрөг гаргуулан Ж.Мөнхцэцэгт, 28 550 төгрөг гаргуулан Б.Цогзолмаад тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА