Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01643

 

 

 

 

 

 

 

   2023       08          23                                    210/МА2023/01643

 

 

Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01687 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э ХХК, Ф ХХК, С.Т-д тус тус холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,345,457,958 төгрөг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч С.Т-, хариуцагч Э ХХК-ийн өмгөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч Э ХХК нь Т ХК-аас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 346900198640 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан сарын 2.20 хувь, жилийн 26.40 хувийн хүүтэйгээр 1,000,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар зээл авсан. Ф ХХК, С.Т- нар нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 346900198640 тоот “Батлан даалтын гэрээ”-гээр зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдэгчийн банкнаас авсан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлүүлэх ажиллагаатай холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийн үүргийг бүрэн хэмжээгээр гүйцэтгэх батлан даалтыг гаргасан. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 346900198640 тоот барьцааны гэрээ байгуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцаа хөрөнгүүдийг барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэгдсэн, №000321668 гэрчилгээний дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг Говил, Хонхор А гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6048 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, нэгж талбарын 18435436814305 дугаартай, №0003317975 гэрчилгээний дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сумын Говил баг, хуучин МБҮ-ийн хашаанд байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай 14700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, барьцааны гэрээний хавсралт 1-д дурдсан үйлдвэрийн тоног төхөөрөмж зэргийг барьцаалан зээл авсан. Зээлийн гэрээний хавсралт 1-т харилцан тохиролцсон зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүрийн 02-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийх, 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл зээлийн хүүг төлөх, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс үндсэн төлбөрийн хүүгийн хамт хэсэгчилж төлөх нөхцөлийг тохиролцсон. 2017 оны 09 дүгээр сараас эхлэн зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг гаргаж 2017 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг гэрээнд заасан ёсоор гүйцэтгээгүй. Банкны зүгээс тухай бүр зээлдэгч байгууллагын холбогдох хүмүүстэй уулзаж, зээл төлөх мэдэгдлийг тухай бүр өгч байсан. Зээл авснаас хойш Э ХХК нь зээлийн төлбөрт 106,323,319.10 төгрөгийн төлбөр төлсөн байна. 2018 оны 02 дугаар сард зээлдэгч Э ХХК-ийн захирал С.М- нь нас барсан тухай түүний ар гэрийнхэн банкинд мэдэгдсэн. Тус хугацаанаас хойш Э ХХК-ийн захирал С.М- агсны ар гэрийнхэн болох эхнэр Д.Б-, хүү М.Б-, М.БЭ- нартай удаа дараагийн уулзалтыг хийсэн.

Зээлийн гэрээний үүрэгт 1,794,660,639.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг зээлийн гэрээний эргэн төлөгдөх үүрэгт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон тооцож гаргасан. Ийнхүү гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлага тооцсоноос хойших буюу 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн хүү 478,816,422 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,980,898 төгрөг, нийт 550,797,320 төгрөгөөр ихэсгэж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2,345,457,958 төгрөг болгож байна.

Төрийн банкны холбогдох журамд заасны дагуу журамд заасны дагуу чанаргүй актив төлүүлэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тодорхой хугацаанд маргаан шийдвэрлэгдээгүй бол зээлийн гэрээний үүрэгт холбогдох үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж зээлдэгч болон батлан даагчаас шаарддаг.

Хариуцагч Э ХХК, Ф ХХК, С.Т- нараас зээлийн болон батлан даалтын гэрээний үүрэгт 2,345,457,958 төгрөг гаргуулах, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж өөрчилж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э ХХК-ийн тайлбарын агуулга:

Т ХК-ийн зүгээс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг, гэрээний 6.2.2-т заасны дагуу зориулалт бусаар ашигласан гэх үндэслэлээр буюу Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт заасны дагуу цуцалж, үлдэгдэл бүх төлбөрийг төлөх талаар мэдэгдэж, түүнийг Э ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал С.М- гардаж авч гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан. Мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/154, 155 дугаартай албан бичгээр иргэн С.М- болон Э ХХК нарт зээлийн гэрээний үндсэн төлбөр буюу үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь буцаан төлөх талаар тус тус мэдэгдсэн.

Түүнчлэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т ХК нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр энэхүү иргэний маргаан бүхий зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээг цуцалж, зээлийн гэрээг дуусгавар болгосон талаар маш тодорхой дурдсан байсан.Өөрөөр хэлбэл 2018 оны 05 дугаар сараас өмнө гэрээг цуцалж гэрээний үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлж барагдуулах тухай 3 удаа мэдэгдэл хүргүүлж, мөн гэрээг цуцалсан талаараа дурдаж шүүхэд нэхэмжлэл тус тус гаргачихсан атлаа, дахин өөрийн дотоод журам гэх зүйлээ үндэслэн цуцлагдаж, дуусгавар болсон гэрээг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй.

Учир нь хууль болон гэрээнд заасны дагуу хэтэрсэн хугацаа хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нь зөвхөн хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй зээлийн гэрээнд үндэслэн үүсэх тул хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсэхгүй.

Иймд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэж, энэ хугацаанаас хойш зээлдэгч талаас төлсөн буюу 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 21,621,167 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 22,421,917 төгрөг, нийт 49,043,084 төгрөгийг, гэрээг цуцалж зээлийн бүх төлбөрийг төлөхийг шаардсан төлөхийг шаардсан 1,007,815,688 төгрөгөөс хасахад 958,772,604 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үндэслэлгүй нэхэмжилсэн 1,386,685,354 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ф ХХК болон хариуцагч С.Т- нарын тайлбарын агуулга:

Т ХК-ийн нэхэмжлэлд дурдсан Э ХХК-ийн зээл болон хүүгийн талаар Ф ХХК-ийн батлан даалтын гэрээний дагуу батлаг даагчийг төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн байна. Манай Ф ХХК нь төслийг санхүүжүүлэхээр Э ХХК нь Т ХК-аас зээл авсан боловч Ф ХХК-д санхүүжилт, хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд манай компани нь уг батлан даалтын тоот гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх боломжгүй болно. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу Э ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1,078,476,681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,981,277 төгрөг, хариуцагч Ф ХХК, С.Т- нарт холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил хонхор, А гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6,048 м.кв талбайтай барилга, мөн хаягт орших МБҮ-ийн хашаанд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалтай, эзэмших эрхийн 000317975 тоот гэрчилгээтэй, 14700 кв.м талбай бүхий газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг мөн барьцааны гэрээний хавсралтын 02 дугаарт бүртгэсэн “Чулуу боловсруулах төхөөрөмж” буюу үнийн 5,800,000 төгрөг, 22 дугаарт бүртгэсэн “Кривошипний пресс төхөөрөмж” буюу үнийн 5,300,000 төгрөг, 33 дугаарт бүртгэсэн “Өргөх механизм 2,0 тн төхөөрөмж” буюу 5,200,000 төгрөг, 101 дугаарт бүртгэсэн “Өрмийн суурь машин /ширээний/ төхөөрөмж” буюу үнийн 100,000,000 төгрөгийн үнэ бүхий хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 12,043,190 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Э ХХК-аас 5,550,333 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Т ХК нь зээлдэгч Э ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, тухайн компанид хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл олгосон. Зээлдэгч Э ХХК нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 болон Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу “...татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдаж хуулийн этгээдийн эрх зүйн чадвар дуусгавар болоогүй” нөгөө талаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд 240.1.4-т “хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдаагүй” үүрэг дуусгавар болоогүй байхад хуулийн этгээдэд хамаарахгүй өөр хуулийн зохицуулалтыг хэрэглэж хариуцагч компанийг төлөөлөх гүйцэтгэх удирдлага болох зээлийн гэрээнд гарын үсэг зурсан этгээд нас барсан гэсэн үндэслэлээр үүрэг дуусгавар болсон гэж үзсэн байна.

4.б. Мөн хэсэгт нэхэмжлэгч нь батлан даагч Ф ХХК, С.Т- нарын хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлон хариуцагчаар татаж, “Т” ХХК, Э ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардсан бөгөөд үндэслэл нь Батлан даалтын гэрээний 3.1.1-д заасныг тайлбарласан. Хамтран үүрэг гүйцэтгүүлэгчийг хуульд “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж тодорхойлсноор хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хариуцах үндэсгүй байх тул тэдгээрт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэсэн нь талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээний 1.2, 2.1, 3.1.1, 3.2.2 болон Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар банк зээлийн гэрээний үүргийг Батлан даалтын гэрээний дагуу батлан даагч, хариуцагч “Фиберкомпозит”ХХК, С.Т- нараас зээлдэгчтэй нэгэн адил шаардаж мэдэгдэл, мэдээлэл хүргүүлж байсан нь нотлогддог. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон шаардлагаас үзэхэд батлан даагч этгээдүүд нь нөхөн хариуцлага биш хамтран хариуцлага хүлээж батлан даалтын үүргээ гүйцэтгэх ёстой.

4.в. Дээрх байдлаар нотлох болон үйл баримтыг зөв үнэлж, хуулийг хэрэглээгүй тул Хариуцагч “Э- ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,000,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, гэрээнд зээлийн хүү сарын 2,20 хувь тохиролцсоноор 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 7 сарын хүү 154,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,800,000 төгрөг нийт 1,184,800,000 төгрөг байна. Үүнээс нэхэмжлэлдээ хариуцагчийг 106,323,319 төгрөгийг төлсөн гэж дурдсан тул уг дүнг нийт үнийн дүнгээс хасаад 1,078,476,681 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулах нь зүйтэй” гэж шүүх үзэж зээлийн эргэн төлөлт хүү тооцооллыг буруу хийсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн “нэхэмжлэлийн шаардлагаас 1,266,981,277 төгрөг, хариуцагч “Ф” ХХК, С.Т- нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” хэсгийг өөрчлөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд Э ХХК-ийн гаргасан тайлбарын агуулга:

Э- ХХК-ийн захирал С.М-ийг нас барсны дараа 2018 оны 02 сарын үед Т ХК-ийн холбогдох ажилтан хэд хэдэн удаа гэр бүлийнхэнтэйн хамт С.М-ийн авсан зээлийг төлүүлэхээр өв хүлээн авагч нартай уулзсан. Хууль ёсны өв хүлээн авагч Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд заасны дагуу өвийн хөрөнгийг өвлөж авсан эсэхээс үл хамааран хариуцагчаар татаж, зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх боломжтой байсан. Нэхэмжлэгч Т ХК-ийн зүгээс уг арга хэмжээг авалгүй цаг хугацааны хувьд удааж, 5 жилийн хүү бодож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ эс үйлдэхүйг Иргэний хуулийн 223 дугаар зүйл, мөн хуулийн 224 дүгээр зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнтэй адилтгаж үзэхээр байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч талаас удаа дараа шүүх хурлыг хойшлуулдаг. Т ХК 2017 оны 10 сараас эхлэн зээлийн гэрээгээ цуцалж байна гэж, үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх тухай мэдэгдлийг бичгээр удаа дараа өгч эхэлсэн. Уг хэргийн 38, 52 дугаар талуудад нотлох баримтаар авагдсан байгаа. Иймд Т ХК-ийн зүгээс их хэмжээний хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч Ф ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч С.Т- нарын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан, давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Э-” ХХК, Ф ХХК, С.Т- нарт тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 999,999,967.84 төгрөг, зээлийн хүү 768,854,769.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,805,902.14 төгрөг, нийт 1,794,660,639.36 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,345,457,958 төгрөг болгон ихэсгэсэн байна.  

 

2.а. Хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаас 958,772,604 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргасан байна.

 

2.б. Хариуцагч Ф ХХК болон хариуцагч С.Т- нар татгалзлын үндэслэлээ манай компани нь Т ХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй тул Э ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна уу гэжээ.

 

3. Т ХК болон Э ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 346900198640 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 1,000,000,000 төгрөгийг сарын 2,20 хувь буюу жилийн 26,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд, зээлийг зээлийн хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10-11/

 

3.а. Мөн өдрийн барьцааны гэрээгээр Э ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101003375 дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, Говил хонхор, А гудамж хаягт байрлах үйлдвэр үйлчилгээний зориулалттай 6,048 м.кв талбайтай барилга, мөн хаягт орших МБҮ-ийн хашаанд байршилтай, үйлдвэрлэлийн зориулалтай, эзэмших эрхийн 000317975 тоот гэрчилгээтэй, 14700 кв.м талбай бүхий газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

            Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. 

 

4. Зээлдүүлэгч Т ХК нь 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,000,000,000 төгрөгийг Э ХХК-ийн эзэмшлийн дансанд шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд нийт 106,323,319 төгрөгийг төлсөн тухайд талууд маргаагүй. /3хх 189-197/

 

5. Т ХК нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зээлдэгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан мэдэгдлүүд, уулзалтын тэмдэглэлээр нотлогдож байна. /1хх 38-52,106/

 

6. Зээлийн гэрээний нэг тал нь Э ХХК тул Э ХХК-ийн захирал ажилтай байсан С.М- зээлийн гэрээ байгуулагдсаны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэсэн үндэслэлээр гэрээ дуусгавар болсон гэж Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3 заалтыг буюу хууль буруу тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулна.

 

7. Харин нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх тул, үндсэн зээлд 999,999,967.84 төгрөг, зээлийн хүүд 768,854,769.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 25,805,902.14 төгрөг, нийт 1,794,660,639.36 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулж нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 550,797,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэнэ.

 

7.а. Учир нь нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.б. Түүнчлэн, шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна. Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсгийг анхан шатны шүүхээс баримталж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул хасна.

 

8. Зээлийн гэрээний батлан даагч Ф ХХК болон С.Т- нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/01687 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,078,476,681” гэснийг “1,794,660,639” гэж, “1,266,981,277” гэснийг “550,797,320” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “453 дугаар зүйлийн 453.2” гэснийг хасаж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “5,550,333” гэснийг “9,131,253” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,492,856 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

       ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ