Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/00934

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээлийн 2-46 тоотод оршин суух Тайж овгийн Сангидоржийн Мөнхбат /ИН78083019/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 24-07 тоотод оршин суух, Боржигон овгийн Цэрэндондовдонгийн Өлзий-Орших /ФД83121711/-д холбогдох

“2 500 000 төгрөг гаргуулах, сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч Ц.Өлзий-Орших, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Мөнхбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Ц.Өлзий-Орших 2015 оны 01 сарын 10-аар миний эзэмшлийн НИССАН ТИНА маркийн 05-99 УНС улсын дугаартай суудлын автомашиныг маань 5 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиолцон тухайн үедээ надад 1 000 000 төгрөг өгч, үлдэх 2 500 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байна. Мөнгө өгөхгүй зугтаад утсаа ч авахаа больсон байсан чинь миний нэг найз маань нөгөө нэг машиныг чинь барилгачдын талбайн урд хайс мөргөөд урд тал нь авах юмгүй болсон байна гэхээр нь нь яваад очтол шал согтуу нэг хүүхэнтэй явж байсан. Энэ өдрөөс хойш миний машиныг ахынхаа хашаанд тавьчихаад засаж янзалсан ч юмгүй мөнгийг маань өгөхгүй байна. Анх надтай тохирохдоо 5 000 000 төгрөгөө 2 хувааж өгөхөөр тохиролцсон ч энэ үүргээ биелүүлэхгүй намайг хохироож байна. Би аргаа бараад цагдаагийн газарт хандаж үзлээ. Иймд Ц.Өлзий-Оршихоос 2 500 000 төгрөг гаргуулан С.Мөнхбат надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Өлзий-Орших шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Ц.Өлзий-Орших нь 2015 оны 01 сарын 15-нд С.Мөнхбат надад машинаа хямдхан зармаар байна гэж ярьсан. Тэгэхээр нь би чи машинаа хэдээр зарах юм гэж асуухад Мөнхбат 4 500 000 төгрөгөөр зарчихмаар байна гэсэн. Тэгэхээр нь би 4 000 000 л авъя гэсэн. Тэгсэн Мөнхбат за гээд тэгээд хэд хоногийн дараа би ээлжийнхээ амралтаа авсан байх үед надтай уулзсан. Надад Мөнхбат чи нөгөө машинаа авах юм уу гэхээр нь одоогоор яг мөнгөгүй байна гэхэд, надад яаралтай 2 500 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би надад 2 500 000 төгрөг алгаа 1 000 000 төгрөг л байна гэхэд тэгвэл байгааг чинь түрүүлээд авч байя гэхээр нь хамт банк орж би Мөнхбатад 1 000 000 төгрөг авч өгсөн. Үүнээс 10 хоногийн дараа 1 500 000 төгрөг авсан. Мөнгө авах үедээ надад машинаа өгсөн. Тэгээд машиныхаа бичиг баримтыг шилжүүлэх үү? гэсэн чинь үлдэгдэл мөнгөө авахдаа шилжүүлж өгье гэсэн. Үүнээс хойш 1 сар хагасын дараа машинтайгаа явж байгаад авто осол гаргаж машинд гэмтэл гаргасныг С.Мөнхбат нь мэдээд үүнийг далимдуулан үлдэгдэл 1 500 000 төгрөг дээрээ нэмж 1 000 000 төгрөг нэхэмжилсэн. Тэр үед би анх ярилцаж тохиролцсон мөнгөө л өгнө нэмж өгч чадахгүй гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь миний ажлын газрын цагдаагийн хэлтэсд өргөдөл өгсөн байсан. Би өргөдлийн дагуу байцаагчтай нь очиж уулзаад энэ хүн чинь бичиг баримтаа шилжүүлж өгөөгүй байгаа гэдгээ хэлсэн чинь С.Мөнхбатыг машиныхаа бичиг баримтыг авч ир гээд Мөнхбат бичиг баримтаа авч ирсэн чинь Мөнхбатын нэр дээр биш өөр хүний нэр дээр байсан болохоор бид 2-н хооронд бичиг баримт шилжүүлэх боломжгүй болсон учир би НИССАН ТИНА 05-99 УНИ улсын дугаартай уг машиныг шалгуулах хэрэг гарсан. Ингээд шалгуулахад надад зарсан уг машин надаас өмнө өөр хүнд зараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 4 000 000 төгрөгөнд битүүмжлэгдсэн машин байсан учир би С.Мөнхбатад дахин нэмж мөнгө өгөөгүй” гэжээ.

Ц.Өлзий-Орших шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Өлзий-Орших нь С.Мөнхбатаас 4 000 000 төгрөгөөр 05-99 УНС улсын дугаартай Ниссан тина маркын авто машиныг худалдан авахаар болсон. 2015 оны 01 сарын сүүлээр ээлжийн амралтаа авсан байх үед С.Мөнхбат таарч надтай хамт банк орж би Мөнхбатад 1 000 000 төгрөг өгсөн. Үүнээс хойш 10 хоногийн дараа 1 500 000 төгрөгийг өгсөн. Нийт 2 500 000 төгрөгийг авсаны дараа машинаа надад өгсөн. Үлдэгдэл мөнгө 1 500 000 төгрөгийг авахдаа машины бичиг баримтыг шилжүүлж өгье гэсэн. 2015 оны 03 сард би уг машиныг унаж яваад хашлага мөргүүлж гэмтээсэн. Машинд гэмтэл гарсныг С.Мөнхбат мэдээд далимдуулан анх тохирсон үнээсээ буцаж нэмж 1 000 000 төгрөг нэхэж эхэлсэн. Би анх тохирсон үнийн дагуу үлдэгдэл 1 500 000 төгрөгийг өгье, харин машиныг миний нэр дээр шилжүүлж өг гэсэн шаардлага тавьсан. Гэтэл уг машин нь С.Мөнхбатын нэр дээр биш өөр бусдын эзэмшлийн машиныг зарж намайг хуурсан төдийгүй олон нийтийн газар хэл амаар доромжилж, гэр оронд хэрүүл маргаан үүсгэн надад мэдэгдэхгүйгээр эхнэрээс маань 100 000 төгрөг авсан байсан. Ийм учраас машины бичиг баримт нь зөрчилтэй, эрхийн доголдолтой өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөх боломжгүй байх тул гэрээнээсээ татгалзаж машины үнэнд төлсөн 2 600 000 төгрөгийг буцаан нэхэмжилж байна. Уг машинд учруулсан гэмтлийг Өлзий-Орших би өөрөө бүрэн хариуцан арилгаж засаж өгөх болно гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: “С.Мөнхбат Ц.Өлзий-Оршихоос авто машины үнийн үлдэгдэл 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 500 000 төгрөгөөр бууруулж 2 000 000 төгрөг болгож багасгахаар 2 тал харилцан тохиролцов. Нэмэлт нөхцөл гэвэл 2 000 000 төгрөг нэхэмжлэгчид өгснөөр авто машины бичиг баримтыг хариуцагчид шууд шилжүүлэх, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Мөнхбат нь хариуцагч Ц.Өлзий-Оршихд холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага болох 2 500 000 төгрөгийг бууруулан 2 000 000 төгрөг болгосныг хариуцагч Ц.Өлзий-Орших төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, машины бичиг баримтыг Ц.Өлзий-Оршиход шилжүүлэхээр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Мөнхбат нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 2 000 000 төгрөг болгосныг хариуцагч Ц.Өлзий-Орших төлөхийг хүлээн зөвшөөрч, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, машины бичиг баримтыг Ц.Өлзий-Оршиход шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ,,,, төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн ,,,  төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнхбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА