Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

   

 

  2019         01          08                                 2019/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

Улсын яллагч С.Оюунжаргал,

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бэд холбогдох эрүүгийн 1806087200440 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр  хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн зүүн замд “Ниссан Эдван” маркийн 43-75 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 56 настай Б.Уранцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн зүүн замд “Ниссан Эдван” маркийн 43-75 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 56 настай Б.Уранцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Б.Уранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг Офицеруудын ордноос хойшоо Генерал гэсэн автобусны буудал дээр буугаад замын зүүн талаас баруун тийш чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарсан. Тэгээд би замын голд ирээд машин байхгүй болохоор нь зам хөндлөн гарцаар гүйгээд гартал машин орж ирээд намайг мөргөсөн. Тэгээд түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Автомашин зүүн урд хэсгээрээ миний баруун талаас мөргөөд би мөргүүлээд газар унасан. Нурууны 4-р нугалмын их бие, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, нуруу зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байсан. Одоо баруун гар даагдахгүй бадаараад шөнө өвдөөд байгаа мөн нуруу өвдөж байгаа. Жолооч нурууны бүс авч өгсөн Бүх шинжилгээ зургийг авахуулж өгсөн. Яг хэдэн төгрөг зарцуулсныг мэдэхгүй байна. Би өөрөөсөө 2 удаа кальц авч мөн эм авсан ба 130.760 төгрөгөөр эм авч уусан. Би хөдөө сумандаа хөдөө аж ахуйн худалдааны төв дээр ногоо зарж амьжиргаагаа залгуулдаг байсан ба ослын улмаас явж чадалгүй хотод эмчилгээ хийлгэж байгаа мөн эмчилгээний зардлаа төлүүлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 18, 42-43/,

 

Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 489 дугаартай:

Б.Уранцэцэгт бүсэлхийн 4-р нугалмын их бие, бүсэлхийн 5-р нугалмын сэртэнгийн хугарал, бүсэлхий нуруу, зүүн өгзөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах Шүүх Эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдахгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,

 

-зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 5-10/,

-хохирогч Б.Уранцэцэгийн хохиролын талаарх эмнэлгийн баримтууд /хх-ийн 46, 70-73/,

 

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Цайзаас Офицеруудын ордон орох замд би өөрийн эзэмшлийн 43-75 УНТ улсын дугаартай “Ниссан Адван” маркийн автомашин жолоодоод ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй 1-р эгээнд явж байтал Генерал төвийн харалдаа явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлтэй нэг эмэгтэй хүн гүйгээд ороод ирсэн. Би тэр хүнийг автомшины зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Явган зорчигч мөргүүлээд зам дээр унасан ба би машинаас буугаад 102, 103 руу дуудлага өгч удалгүй түргэн тусламж ирээд явган зорчигчийг аваад явсаны дараа замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Хавтаст хэргээс шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Т.Бийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62-68/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээчийн, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Б нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Т.Бэд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, энэ төрлийн гэмт хэргийн санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг байдал,  хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэрэг нөхцөлүүдийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Т.Б нь хохирогчид 1.174.400 төгрөгийн хохирол төлж барагдуулсан байна.

 

Хохирогч Б.Уранцэцэг нь өөрт учирсан, цаашид гарсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди, 01776685 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, В ангиллын 594493 дугаартай жолооны үнэмлэх зэрэг хураагдан ирсэн.

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Бэд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Шүүгдэгч Т.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Уранцэцэг нь өөрт учирсан цаашид гарсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Т.Бээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

01776685 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, В ангиллын 594493 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ