Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 203

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Б.Э, Я.Ж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын Б.Э, Я.Ж нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд зааснаар газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч Д.Д, Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч Д.Д, Н.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э, Я.Ж бид 2006 оноос хойш Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбат зөрлөгт нүүж ирэн өртөөний даргаас зааж өгсөн газарт ямар ч айл, хашаа хороо байхгүй газарт бууж хашаагаа хатган тэрнээс хойш уг хаягтаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа ба иргэд бид олон удаа өөрсдийн амьдарч байгаа газар болон арчлан хамгаалж байсан газраа Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хариуцагч Засаг даргаас өнөөдрийг болтол ямар нэг хариу бидэнд өгөлгүй байсаар байгаа ба энэхүү асуудлаас болж бидний газар эзэмших хүсэлт гаргасан газар дээр Г.А, н.О, н.Б гэх хүмүүс ирж буун хүч түрэмгийлэн хүсэлт гаргасан газрыг маань булааж, бодит байдал дээр өөрсдийн хүсэлт гаргасан газраа эзэмшиж, ашиглаж ямар ч боломжгүй болгож бидний эрхийг зөрчиж байна. 

Хуульд зааснаар хариуцагч Засаг дарга нь тухайн газрыг эзэмшүүлж болохоор тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, өөр иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх тохиолдолд иргэн бидний гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүрэгтэй байсан ба энэ үүргээ биелүүлээгүйгээс болж бид өнөөдөр өөрсдийн эзэмшихийг хүссэн газраа бусдад хууль бусаар ашиглуулж, эрхээ хамгаалж чадахгүйд хүрч байна. 

Бид удаа дараа холбогдох байгууллагад хандаж байсан боловч ямар нэг нааштай хариуг өгөөгүй ба ийнхүү иргэдээс төрийн байгууллага, захиргааны албан тушаалтанд хандаж холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн хүсэлтээ гаргасаар байхад шийдвэрлэхгүй өндөр настай хүмүүсийг чирэгдүүлж, хуувилдах байдлаар эрхийг минь зөрчиж байгаад гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Засаг даргатай өөрийн биеэр орж уулзан учирсан бэрхшээлтэй асуудал, гаргасан хүсэлтийг минь шийдвэрлэж өгөх талаар хүсэлтийг амаар гаргахад төрийн албан хаагч хүн байж хуульд нийцсэн хариуг надад өгөөгүй гаргасан. 

Иргэд бид өөрсдийн хүсэлт гаргасан газраа эзэмших эрхтэй ба энэ эрхийг минь хуульд зааснаар олгож өгөхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болох нь хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий хариу өгөх ёстой хуулийн заалт, бидний гаргасан хүсэлт, холбогдох бичиг баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно. 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэгч Б.Э, Я.Ж нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд зааснаар газар эзэмшүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Д.П, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, У.Н, Э.Т нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...2006 оноос хойш Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбат зөрлөгт нүүж ирэн өртөөний даргаас зааж өгсөн газарт ямар ч айл, хашаа, хороо байхгүй газарт бууж хашаагаа хатган өдийг хүртэл амьдарч байгаа ба Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хариуцагч Засаг даргаас өнөөдрийг болтол ямар нэг хариуг бидэнд өгөлгүй, иргэн бидний гаргасан хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэх үүргээ биелүүлээгүйгээс өөрсдийн эзэмшихийг хүссэн газраа бусдад хууль бусаар ашиглуулж, эрхээ хамгаалж чадахгүйд  хүрээд байна” гэжээ.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний гаргасан өргөдөл, гомдлыг төрийн байгууллага заавал бүртгэн авах журамтай бөгөөд тус дүүргийн Газрын албаны 2006 оноос 2015 он хүртэлх өргөдөл, бүртгэлийн дэвтрээс шүүж үзэхэд иргэн Б.Э, Я.Ж нарын нэрээр газар эзэмших хүсэлт бүртгэгдээгүй байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан нь бүртгэлийн 2830 дугаарт бүртгэгдэж, Дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний 1164 дугаартай албан бичгээр хариу өгч байсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан эс үйлдэхүйг ойлгоно, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшүүлэхээр удаа дараа гаргасан хүсэлтэд хариуцагч дүүргийн Засаг даргаас хариу өгөөгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хэдээс хэдэн онд, ямар баримт бичиг бүрдүүлж, хэрхэн хүсэлтээ өгч байсан нь тодорхойгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2006 оноос хойш өдийг хүртэл төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөл, эрхийн гэрчилгээгүй эзэмшиж, ашигласан байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э, Я.Ж нар “Баянзүрх дүүргийн Засаг даргын Б.Э, Я.Ж нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд зааснаар газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...2006 оноос хойш Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбат зөрлөгт нүүж ирэн өртөөний даргаас зааж өгсөн газарт буусан бөгөөд үүнээс хойш уг хаягтаа өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бид өөрсдийн амьдарч байгаа газраа эзэмшихээр удаа дараа хариуцагчид хүсэлт гаргасан боловч ямар нэг хариу өгөөгүй” гэсэн тайлбарыг өгчээ . 

Тус шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албаны 2011-2012 оны өргөдөл, бүртгэлийн дэвтэр, 2013-2016 оны өргөдөл, гомдлын программын бүртгэлд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э нь гомдол гаргаж байсан нь бүртгэгджээ . 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл  гаргаж байсан талаарх өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолтыг хавсарган өгсөн боловч уг өргөдлийг бүртгэж авсан бүртгэл Баянзүрх дүүргийн Газрын албанд байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байсан нь түүний хүсэлт, өргөдөл, гомдлын бүртгэлээр  тогтоогдож байх төдийгүй хариуцагчаас баримт материалыг шаардахад Б.Э, Я.Ж нарын кадастрын зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгснөөс үзвэл иргэн Б.Э, Я.Ж нар газар эзэмших хүсэлтийг удаа дараа гаргаж байжээ. 

Үүнээс гадна Б.Э амьдарч байгаа газраа эзэмших хүсэлтийг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гаргаж байсан нь түүний хүсэлт , бүртгэл хяналтын карт , Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5/2257,  Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгүүдээр  нотлогдож байна.

Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга нэхэмжлэгч Б.Э-д 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгүүдээр  “...Тус хашааг 2016 оны “Хашаа” нэгдсэн арга хэмжээний судалгаанд хамруулсан, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол хийгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны А/644 дүгээр захирамжаар Нийслэлийн хэмжээнд газар олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон” гэж иргэнд ойлгомжгүй, тухайн газарт газар эзэмшүүлж болох эсэх нь тодорхойгүй хариу өгсөн нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалданд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “Өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх”, 7.1.6 дахь заалтад “Өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх” гэсэн  хуулийн заалтыг биелүүлээгүй, иргэнийг удаа дараа явуулж чирэгдүүлжээ. 

Харин нэхэмжлэгчээс Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргад хандан гаргасан өргөдлийн дагуу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны газар зохион байгуулагч Л.Г “Газрын асуудлаар ирүүлсэн хүсэлттэй танилцлаа. Хүсэлт гаргасан газар Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна” гэж заасан харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт орсон. Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3-т “Дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдаагүй, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагыг хангах боломжгүй байх тул газар эзэмших эрх олгох боломжгүй байна” гэж хариу өгснийг  тухайн иргэний өргөдлийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 

Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын газрын нэгдмэл сангаас холбооны сүлжээнд зориулан олгосон газар, орон зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэнэ. Хамгаалалтын зурвас газар нь дараахь хэмжээтэй байна”, 28.1.3 дахь хэсэгт “Радио релейн шугамын станц хоорондын буюу сансрын холбооны хиймэл дагуулын газрын нэвтрүүлэх станцын долгион цацалтын орон зай, тухайн станцаас тал бүртээ 300 метр голчтой” гэж заажээ.

Уг хуулийн дагуу Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ нь 716 га газар эзэмшдэг болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/501, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-ын 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 164 дүгээр албан тоот, эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, кадастрын зургаар   нотлогдож байна. 

Мөн шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр  Б.Э, Я.Ж нар нь холбооны сүлжээнд зориулан олгосон газрыг тогтоосон хашаатай тулгаж хашаагаа барьсан байх бөгөөд хуульд заасан 300 метрын голчтой хамгаалалтын зурвас газарт нэхэмжлэгч нарын буусан газар хамаарч,  тэдгээрийн хүсэлт гаргасан энэ газар нь Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-т эзэмшүүлсэн газартай давхцалтай ажээ.

Харилцаа холбооны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Харилцаа холбооны хамгаалалтын зурвас газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 29.3.1 дэх заалтад “барилга, гэр, хашаа барих, мод тарих”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн үндэслэлээр өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь “Холбооны сүлжээнд зориулан олгосон газар дээр ажилчдын орон сууцны барилгын ажлыг төлөвлөн, шугамын антеныг буулгаж байгаа” гэх тайлбар өгсөн боловч уг тайлбар нь ор үндэсгүй болохыг мэдэгдсэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 164 тоот албан бичгийг  Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ-аас ирүүлсэн.         

Иймд нэхэмжлэгч нарын гаргасан өргөдөл нь Газрын тухай хууль, Харилцаа холбооны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, энэ талаар хариуцагч үндэслэлтэй хариу өгч шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.  

Баянзүрх дүүргийн Газрын алба нь өргөдөл, гомдлыг шийдвэрлэхдээ ойлгомжгүй, тодорхой бус хариу өгснөөс иргэдийг удаа дараа өргөдөл, гомдол гаргуулан чирэгдүүлж байгааг үүгээр тэмдэглэн хэлье. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Харилцаа холбооны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3, 29 дүгээр зүйлийн 29.3, 29.3.1 дэх заалтад заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э, Я.Ж нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын нэхэмжлэгч Б.Э, Я.Ж нарын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуульд зааснаар газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ