Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/0011

 

“Ц” ХХК

“Ц м э э” ХХК

“Б т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Баян болон Баянжаргалан сумын

Засаг дарга нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:              П.Соёл-Эрдэнэ

           Танхимын тэргүүн             Ч.Тунгалаг      

            Шүүгчид:                                М.Батсуурь

                                                              Х.Батсүрэн                                                             

            Илтгэгч шүүгч:                   Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалтай,

Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгч нарын төлөөлөгчдийн гомдлоор, нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ц м э э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, нэхэмжлэгч компаниудын өмгөөлөгч Б.Б, хариуцагч нарын өмгөөлөгч А.М нарыг (цахимаар) оролцуулан хянан хэлэлцэв.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: нэхэмжлэгч “Ц м э э” ХХК-иас хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

Нэхэмжлэгч “Ц” ХХК болон “Б т” ХХК-иас Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Баян сумын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр №03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүйг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д заасны дагуу хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг тус тус гаргасан.

            2. Хэргийн нөхцөл байдал:

2.1. Нэхэмжлэгч “Ц м э э” ХХК, “Б т” ХХК, “Ц” ХХК-иуд нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумын Цайдам нэртэй газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл тус тус эзэмшдэг, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/14 захирамжаар 7112.52 га газрыг, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/22 захирамжаар 377.16 га газрыг “Б т” ХХК-д, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/10 захирамжаар 77.93 га газрыг, мөн өдрийн А/13 захирамжаар 256.2 га газрыг “Ц м э э” ХХК-д, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/11 захирамжаар 650.94 га газрыг, мөн өдрийн А/12 захирамжаар 79.16 га газрыг, А/15 захирамжаар 341.91 га газрыг “Ц” ХХК-д тус тус уул уурхайн зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, “газрын төлбөрийг улирал бүрийн 25-ны дотор төлөх”-өөр захирамжилсан, эдгээр газрууд нь нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдэд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байна.

2.2. “Ц м э э” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16/20 дугаартай албан бичгээр Төв аймгийн Баян сумын Засаг даргад хандан “...”Ц м э э” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Ц” ХХК, “Б т” ХХК-ийн хамтаар Төв аймгийн Баян сумын нутагт орших ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. ... тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрийн талбай дээр онцгой давуу эрхээр газар, газрын хэвлийг ашиглах эрх эдэлдэг зохицуулалт үйлчилж байна. Түүнчлэн манай байгууллага тусгай зөвшөөрлийн төлбөрийг эзэмшиж буй талбайн хэмжээгээр жил бүр төлдөг тул тухайн талбайн ашиглаагүй хэсэгт давхцуулан дахин газар эзэмших гэрээ байгуулж газрын төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. ... уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт газар эзэмших гэрээ байгуулан төлбөр төлөн ажиллахад татгалзах зүйлгүй. ... тусгай зөвшөөрлийн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай газар эзэмших гэрээ байгуулах шаардлага байхгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү” гэх, нэхэмжлэгч “Ц” ХХК-иас Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад хандаж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 дугаар албан бичгээр мөн ... “Ц” ХХК болон хамаарал бүхий “Б т” ХХК нь өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгт газар эзэмших гэрээ байгуулах шаардлагагүй, иймд газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг тус тус гаргасан, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг...” мэдэгдсэн, хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга хүсэлтэд албан бичгээр хариу өгөөгүй, ... эхлээд 2019 оны газрын төлбөрөө төлж дуусга, дараа нь энэ асуудлыг авч хэлэлцье” гэж амаар хэлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

2.3. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс ашиглалтын тусгай зөвшөөрлийг авч жил бүр талбайн хэмжээгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байгаа. Уурхайн эдэлбэр газраас бодитойгоор ашиглаж уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа хэсэг буюу уурхайн кэмп, үйлдвэрийн барилга хөрс хуулсан талбай, овоолго, зам гэсэн хэсгүүдэд орон нутгийн байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулан газрын төлбөр төлж байна.  ... Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.18, 4.1.19, 35 дугаар зүйлийн 35.3.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн уурхайн эдэлбэрийн зөвхөн ашиглалт явуулж байгаа хэсэгт зохих хууль тогтоомжийн дагуу газар ашиглах гэрээ байгуулах хуулийн үндэслэлтэй. ... /гэтэл/ орон нутгаас тавьсан шаардлагын дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсэгтээ орон нутагтай зайлшгүй газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх нөхцөл бий болсон, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайн ашиглаагүй хэсэгт давхцуулан дахин газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх үндэслэлгүй. ... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд үндэслэн газар эзэмших эрхийг дуусгавар болгох хүсэлтийг сумын Засаг даргад гаргасан. Гэтэл маргаан бүхий албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу өгсөн ... нь Газрын тухай хуулийн 39.1.3-д эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болгох эрхийг үндэслэлгүй хязгаарласан, цаашид газрын төлбөр төлж хууль ёсны эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүсгэж байна ...”, ... хариуцагч Баянжаргалан сумын Засаг даргаас уг хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэж, хариу өгөөгүй нь хууль бус ... гэх зэргээр тайлбарлажээ.

2.4. Хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.М-Э, Баянжаргалан сумын Засаг дарга Ө.Н нараас ирүүлсэн хариу тайлбартаа “... Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж сумын Засаг даргын эрхийг тодорхойлсон. Иймд нэхэмжлэгч нарт эдэлбэр газар олгох тухай Засаг даргын шийдвэрийг үндэслэн, эрх бүхий ажилтан, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар газар ашиглуулах, эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч мөн. ... Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д зааснаар үзвэл, хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн хэмжээгээр газрын гэрээ байгуулж төлбөр төлөх үүрэгтэй, ... ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн ашиглаагүй хэсгийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоно гэсэн заалт биш. ... Сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 тоот албан бичиг нь холбогдох хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан, хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

3. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ “ ... нэхэмжлэгч нараас ... хуульд заагаагүй үндэслэл дурдан газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй, ... хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариу өгсөн нь үндэслэлтэй буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд байна. ... /нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар/ нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг сэргэх нь тодорхойгүй. ... /Баянжаргалан сумын Засаг дарга/ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль ... –д хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ гэж зааснаар хариу өгсөн гэж үзэх үндэслэлтэй ...” гэх зэрэг дүгнэлтүүд хийжээ.

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын  төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор хэргийг хянаад, “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор газрын төлбөрийн хэмжээг тогтоон тооцож байгаа тул газрын төлбөрийн хэмжээг өөрчлөх эрх хэмжээ хариуцагч сумын Засаг даргад хуулиар олгогдоогүй тул хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг мэдэгдсэн агуулгатай Баян сумын Засаг даргын 2020 оны 85 дугаар албан бичгийг хууль бус гэж үзэх боломжгүй, ... хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байх хэдий ч хариуцагч Баянжаргалан сумын Засаг дарга амаар уг албан бичигт хариу өгсөн, ... хоёр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тухайд ижил байр суурьтай байх тул Баянжаргалан сумын Засаг даргад хариу өгөхийг даалгах шаардлагагүй бөгөөд даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдсан эсэхээс үл хамааран энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна ...” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

5. Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ц м э э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, “Б т” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г нар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хяналтын журмаар гаргасан гомдолоо: “... магадлалын Хянавал хэсгийн 4 дэх талд “Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэж мэдэгдсэн бус харин “Ц м э э” ХХК-д “... ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг...” мэдэгджээ” гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай албан бичгээр өгсөн хүсэлтийн хариуд хариуцагч нь газрын харилцаа дуусгавар болоогүй тул төлбөрөө төлөхийг шаардсан талаар шүүхээс үндэслэлгүй дүгнэсэн байна. Магадлалын Хянавал хэсгийн 5-6 дахь талд “... нэхэмжлэгч нарын хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдож байх хэдий ч ... шүүх хуралдаанд хариуцагч “амаар уг албан бичигт хариу өгсөн” хоёр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын тухайд ижил байр суурьтай байх тул” гэж дүгнэсэн. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаа бичиг хэрэг хөтлөлтийн албан стандарын дагуу бичгээр гардаг. Тэр тусмаа газар эзэмшихтэй холбоотой төр, хувийн хэвшлийн харилцаа гэрээ, гэрчилгээ зэрэгт үндэслэн үүсдэг тул уг асуудлаар гаргасан албан тоотын хариуг “амаар хариу өгөх” байдлаар төрийн ажил явагдах үндэслэлгүй. Мөн хуульд зааснаар албан бичгээр хариу өгөх үүрэгтэй байсан захиргааны актыг хожим шүүхэд “амаар өмнө нь өгсөн байсан” гэж нөхөж тайлбарлах нь үндэслэлгүй гэх зэргээр тодорхойлжээ.

6. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “Ц” ХХК, “Ц м э э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М, нэхэмжлэгч “Б т” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

7. Хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын өмгөөлөгч А.М нарт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч нараас хяналтын журмаар гомдол гаргасан тухай мэдэгдсэн, гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд маргааны үйл баримтад холбогдох эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр, нэхэмжлэгч  “Ц” ХХК, “Ц м э э” ХХК, “Б т” ХХК-иудын төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон газарт Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газар эзэмших эрхээ дуусгавар болгох хүсэлт гаргасныг сумын Засаг дарга татгалзсан маргааны үйл баримтууд, үндэслэлд холбогдуулан, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн газар ашиглах эрх-ийн агуулгыг тодорхойлох, уг харилцаа нь аль хуулиар буюу Ашигт малтмалын тухай, Газрын тухай хуулиар, эсхүл Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдах талаар, тухайн тохиолдолд, эдгээр хуулиудын маргааны үйл баримтуудад хамаарах зохицуулалтуудын харилцан хамаарал, ерөнхий болон нарийвчилсан зохицуулалтыг ялгаж дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал алдаатай болжээ.   

 10. Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино”, 2 дугаар зүйлийн 2.2-т “газрын хэвлий ... байгалийн бусад баялгийг ашиглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор зохицуулна”, Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах ерөнхий зохицуулалтай хууль нь Газрын тухай хууль, харин ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн газрын гадарга, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд холбогдох харилцааг тусгайлан зохицуулсан нарийвчилсан зохицуулалттай хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна.

11. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3-т “газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-т “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 3.1.7-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж /Газрын тухай/ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 3.1.8-д “газар ашиглах эрхийн гэрчилгээ гэж /Газрын тухай/ хуулийн дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн, харъяалалгүй хүний газар ашиглах эрхийг баталгаажуулсан баримт бичгийг” тус тус ойлгохоор зааснаас үзэхэд Газрын тухай хуульд заасан “газар эзэмших (ашиглах) эрх”, “газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ний хууль зүйн агуулга, уг эрхийг олгох, цуцлах, хүчингүй болгох, тэдгээртэй холбоотой Газрын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагууд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, түүнтэй холбоотой харилцаанд шууд хамааралгүй байна.

12. Нөгөө талаар, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл” нь ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг бөгөөд ашигт малтмал ашиглах гэдэг нь “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох ... болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгох”-оор зааснаас үзэхэд ашигт малтмал ашиглах эрх нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд газар, түүнийг хэвлийг ашиглах эрхийг өөртөө шууд агуулах бөгөөд Газрын тухай хуульд заасан газар эзэмших, ашиглах эрхийг олж авах, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу газрыг эзэмшиж ашиглах харилцаанд хамааралгүй.

13. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжид төрөөс хуульд заасан үндэслэл, журмын дагуу ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон нь газар, түүний хэвлийгээс ашигт малтмал олборлох эрхийг буюу уг газрыг энэ зорилгоор ашиглах эрхийг шууд олгож байгаа гэж үзнэ, энэ тохиолдолд, ашигт малтмал ашиглах эрх нь газар ашиглах эрхийн агуулгатай салшгүй холбоотой тул хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлолтын үйл ажиллагаа явуулахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмаар газар ашиглах шийдвэр гаргуулахыг шаардахгүй, эрх бүхий этгээдээс нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг үндэслэн уурхайн эдэлбэрт газар ашиглах тухай гэрээг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах, уг гэрээний дагуу Газрын төлбөрийн тухай хуульд заасан журмаар газрын төлбөр төлөх харилцаа сумын Засаг дарга, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд үүсэх учиртай.

14. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т “/сумын Засаг дарга/ эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” гэж заасан нь Засаг даргад үүрэг болгосон агуулгатай буюу Засаг дарга  тухайн тохиолдолд газар олгох эсэхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бус, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд заасны дагуу, уул уурхайн кадастрт заасан байршил, хэмжээгээр уурхайн эдэлбэр газар олгох тухай ойлголт бөгөөд Газрын тухай хуульд заасан “газар ашиглах эрх олгох эсэх талаар” шийдвэр гаргах Засаг даргын эрхийн агуулгад хамааралгүй гэж үзнэ.

15. Харин, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д “/тусгай зөвшөөрөл эзэмшигч/ ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах”, 27.1.11-т “холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг баталгаажуулсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих” зорилгоор газар эзэмших, ашиглах тохиолдолд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхээр байна.

16. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18-д “уурхайн талбай гэж …/ашиглалтын/ тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг”, 4.1.19"уурхайн эдэлбэр гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг” ойлгохоор тус тус зааснаас үзэхэд уурхай талбай, уурхайн эдэлбэр нь ялгаатай ойлголт бөгөөд уурхайн эдэлбэр газрыг тусгай зөвшөөрлөөр олгосон нийт газар буюу уурхайн талбайтай ижил гэх, талбайн зориулалт, хэмжээг адилтгаж үзэх үндэслэлгүй, дээрх хуулийн зохицуулалтын дагуу сумын Засаг дарга нь уурхайн эдэлбэр-ийн зориулалтаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид газар олгож, газар ашиглах гэрээг байгуулах үүрэгтэй, үүний зэрэгцээ нутаг дэвсгэрт нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах” чиг үүргийг мөн хэрэгжүүлэхээр   Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тодорхой заажээ.

17. Гэтэл хариуцагч Засаг дарга нар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон “уурхайн талбай”-н хэмжээгээр тусгай зөвшөөрөл эзэмшигчид “газар эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэж, газрын төлбөр төлүүлэхээр захирамжилсан, ингэхдээ Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэснийг тус тус үндэслэсэн, нэхэмжлэгч аж ахуйн нэгжүүдээс гаргасан “/уурхайн эдэлбэр/ газрын хэмжээгээр гэрээ байгуулж төлбөр төлөх, бусад ашиглаагүй хэсэгт холбогдох эзэмших гэрээг дуусгавар болгох” агуулгатай хүсэлтэд маргаан бүхий Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 дугаар албан бичгээр “...ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан газрын төлбөр төлөгч тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан хувь хэмжээгээр газрын төлбөр төлөх үүрэгтэй. Хуульд заасан үндэслэлээр газрын гэрээ байгуулж, төлбөр төлөхийг... /мэдэгдсэн/” нь дээрх хуулийн зохицуулалтуудад нийцээгүй, хууль бус гэж үзэхээр байна.

18. Хариуцагч Төв аймгийн Баян сум, Баянжаргалан сумын Засаг дарга нар нь маргаан бүхий актын үндэслэлээ “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.10-т “энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх /эрхтэй/” 35 дугаар зүйлийн 35.3.7-д т “/ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь/ ... газар, ус ашиглах тухай гэрээг уурхай дээр байлгана” гэж зааснаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн нийт хэмжээгээр газрын гэрээ байгуулж төлбөр төлөх үүрэгтэй”, “... тусгай зөвшөөрлийн дагуу газар эзэмшүүлсэн учраас Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй” гэх зэргээр тайлбарласнаас үзэхэд, хариуцагч нар тухайн тохиолдолд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасан “эрх бүхий байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд заасны дагуу эдэлбэр газар олгох” чиг үүргийг  “сумын Засаг даргын эрх” гэж тодорхойлон, Ашигт малтмалын тухай болон Газрын тухай хуулийн дээрх заалтуудыг буруу ойлгож хэрэгжүүлжээ.

19. Анхан шатны шүүх “… тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаа явуулж байгаа талбайн газар ашиглах асуудлаар хуульд заагаагүй үндэслэл дурдан газар эзэмших эрхийг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэгч хариуцагч нар гэрээний үүргийн харилцаанд орсон, ... гэрээний оролцогч талаас гэрээний агуулгад холбогдох асуудлаар хүсэлт гаргасан, ...Засаг дарга нарт  газрын төлбөрийн асуудлаар тодорхой хүсэлт гаргаагүй ... /тул/ газар эзэмших эрхийн гэрээний зүйлийг өөрчлөх ... үндэслэлгүй гэх зэргээр буруу дүгнэлт хийсэн маргааны үйл баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглээгүй, маргаан бүхий харилцаанд хамааралгүй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг хэрэглэсэн, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх дээрх алдааг засаагүй, маргааны үйл баримтуудад холбогдох эрх зүйн харилцаа болон хэрэглэх ёстой хуулийг буруу тодорхойлж, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтуудыг хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй,  нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

20. Тухайн тохиолдолд, хариуцагч Засаг дарга нарын гаргасан газар эзэмшүүлэх тухай захирамжуудаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайг Газрын тухай хуулийг баримтлан тусгай зөвшөөрөл эзэмшигчид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг талбайн хэмжээгээр газрын төлбөр төлөхийг даалгаж захирамжилсан нь Ашигт малтмалын тухай хуульд заасан газар ашиглах гэрээ байгуулах, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан “уурхайн эдэлбэр газар олгох” зохицуулалтуудтай нийцээгүй тул, дээрх захирамжуудын дагуу байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрын төлбөр төлөхийг шаардсан хариуцагч нарын шаардлага, хариу хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

21. Түүнчлэн, захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарт тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээгээр “газрын төлбөр төлөх” үүрэг үүссэн байхад шүүхүүд нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

22. Нэхэмжлэгч “Ц” ХХК болон “Б т” ХХК-иас газар эзэмших эрхийг дуусгавар болгох-оор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 тоот хүсэлтэд хариуцагч  Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга бичгээр хариу өгөөгүй гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсний дагуу хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч  Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга тухайн хүсэлтэд бичгээр хариу өгөөгүй боловч татгалзсан агуулгатай хариуг амаар өгсөн, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын тухайд ижил байр суурьтай буюу аль аль нь “... газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, газрын төлбөр төлөх үүрэгтэй гэх хариуг нэхэмжлэгч нарт өгсөн, талууд энэ үйл баримттай маргаагүй байх тул хяналтын шатны шүүх нэхэмжлэгч “Ц м э э” ХХК, “Ц” ХХК, “Б т” ХХК–иудад өгсөн хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг дарга, Баянжаргалан сумын Засаг дарга нарын ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг хууль бус болохыг тогтоож, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар албан бичгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

23. Эдгээр үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 627 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 4.1.16, 4.1.19, 27 дугаар зүйлийн 27.1.11, 35 дугаар зүйлийн 35.3.7, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай (2006) хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц м э э” ХХК, “Ц” ХХК, “Б т” ХХК–иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Төв аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад газар эзэмших эрхийг дуусгавар болгохоор хандсан 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03/20 тоот хүсэлт гаргах тухай албан бичигт хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 85 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ашиглагдаагүй талбай дээрх газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй гэсэн хариуг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас тус бүр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Ч.ТУНГАЛАГ    

             ШҮҮГЧИД                                                  М.БАТСУУРЬ

                                                                                    Х.БАТСҮРЭН

                                                                                    Д.МӨНХТУЯА