Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 003

 

   Л.Цэцгээгийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

 

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дугаартай шийдвэртэй,

Л.Цэцгээгийн нэхэмжлэлтэй Л.Чулуунбатад холбогдох оёдлын машин буюу оёдлын машины үнэ 450000 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгч Л.Цэцгээгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч Л.Цэцгээ

            Хариуцагч Л.Чулуунбат

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Чулуунбат нь 2015 оны 02 дугаар сард “оёдлын машинаар чинь 2 хоног юм оёчихоод өгье” гэж хэлээд оёдлын машиныг маань аваад одоо хүртэл өгөхгүй байна. Миний оёдлын машиныг яасныг юм бүү мэд, солиод өөр машин авчирч өгөөд байгаа. Өмнө нь Чулуунбат миний машиныг гуйж аваад юм оёдог байсан. Сайн мэдэх л ёстой хүний нэг.  Надад 2-3 янзын өөр машин үзүүлж байна.  Өнөөдөр шүүх хурал дээр авчирсан энэ машин миний оёдлын машин биш. Миний оёдлын машин бол цул хар өнгөтэй, жижиг толгойтой, хүзүү нь нарийхан, ардаа таггүй, голын тохируулга нь төмөр. Гэтэл хариуцагчийн надад өгөх гээд байгаа оёдлын машины толгой нь ялимгүй том, хүзүү нь бүдүүвтэр, хар өнгөн дээр бага зэрэг шар цэцэг орсон, тохируулга нь пивор байна. Гадна хайрцагны хувьд хэлбэр дүрс нь ойролцоо боловч өнгө нь арай өөр байна. Иймд би өөрийн ээжээс өвлөж ирсэн оёдлын машинаа буцааж авна, эсвэл түүний үнэ 450000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Л.Чулуунбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Л.Цэцгээ эгчийн машиныг өмнө нь авч хэрэглэж байгаагүй. 2015 оны 2 дугаар сард дөрвөн бэрхний шагайны уут оёхоор Л.Цэцгээ эгчийн оёдлын машиныг гуйж авч хэрэглэсэн  нь үнэн. Уутаа оёж дуусчихаад 10-аад хоногийн дараа оёдлын машиныг нь буцааж аваачиж өгсөн. Гэтэл 2 хоногийн дараа хүүгээрээ “миний оёдлын машин биш байна” гээд буцаагаад өгөөд явуулчихсан байсан. Тухайн үед би 2 хөл машин, 3 гар оёдлын машинаар шагайны уут оёж байсан. Гар нь солигдсон юм болов уу гээд нөгөө 2 машины гарыг үзэхэд солигдоогүй байсан. Нэг нь манай дүүгийнх, нөгөө нь манай өөрийн оёдлын машин байсан.Тэр 2 машин одоо ч байгаа /үзвэл/.Солигдох ямар ч үндэсгүй. Л.Цэцгээ эгч намайг оёдлын машин авчихаад өгөхгүй байна гэж цагдаад өргөдөл өгсөн. Би цагдаа дээр, бас эвлэрүүлэн зуучлагчийн өрөөнд, өнөөдөр энэ шүүх хуралдааны танхимд өөрийнх нь оёдлын машиныг 3 удаа өгөх гэж авчирч байна. Гэтэл Л.Цэцгээ эгч “миний машин биш” гэж хэлээд авалгүй өнөөдрийг хүрсэн. Би өөрийнх нь оёдлын машиныг л буцааж өгч байна. Өөр надад өгөх оёдлын машин байхгүй. Манай  гэрийн оёдлын машин Хятад улсад үйлдвэрлэсэн оёдлын машин байгаа. Би машиныг нь буцааж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин машиныг буцаагаад өгөхөд өөрөө авахгүй байгаа тул түүний үнэ 450000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 342 дугаар зүйлийн 342.3-т зааснаар Л.Чулуунбатаас оёдлын машин буюу түүний үнэ 450000 /дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулах Л.Цэцгээгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14150 /арван дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч Л.Цэцгээ давж заалдах гомдолдоо: “...шүүх үүнийг үнэлж үзэхгүй, намайг ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Ээжээсээ үлдэж, насаараа хэрэглэсэн машинаа би танихгүй байна гэж байхгүй. Миний машин маш сайн оёдолтой юманд сайн явдаг машин юм. Чулуунбат миний машиныг авч юм оёсноо маргахгүй боловч өнөөдрийг хүртэл машиныг буцааж өгөөгүй байгаа тул машин буюу түүний үнэ 450000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч Л.Цэцгээ нь хариуцагч Л.Чулуунбатад холбогдуулж оёдлын машин буюу үнэ 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Л.Чулуунбат нь 2015 оны 2 дугаар сард Л.Цэцгээгийн оёдлын машиныг гуйж шагайны уут оёхоор авсан болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон зохигчдийн хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ хийгдсэн, хариуцагч Л.Чулуунбат нь мөн хуулийн 340 дүгээр зүйлийн 340.1.4-т зааснаар “... эд хөрөнгийг бүрэн бүтэн буцааж өгөх” үүрэгтэй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Цэцгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Л.Цэцгээ нь маргааны зүйл болж байгаа оёдлын машины талаар  шүүхийн хэлэлцүүлэгт  “...миний оёдлын машин цул хар өнгөтэй, жижиг толгойтой, хүзүү нь нарийхан, ардаа таггүй, голын тохируулга нь төмөр, зузаан зүйлийг сайн оёдог,орос машин ээжээс өвлөгдөж ирсэн машин байгаа юм” гэж онцлог шинж байдлын талаар тодорхой тайлбарсаныг хариуцагч үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэгчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан бодит үнэнд нийцсэн гэж үзэхээр байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 219 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1,340.1.4,342.3-т зааснаар хариуцагч Л.Чулуунбатаас оёдлын машин буюу үнэ 450.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Цэцгээд олгосугай гэж,

2. 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “ ...үлдээж, хариуцагч Л.Чулуунбатаас 14150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Цэцгээд олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгчийн  давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 14150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

     

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                       М.ХҮРЭЛБААТАР