Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

 

 

Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                     Прокурор     Б.Мөнгөншагай

                                     Өмгөөлөгч   П.Адьяасүрэн

                                    Р.Шүрхүү

                                    Т.Оюунчимэг

                                    Н.Оюун-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Д.Цэцэгээ, М.Мандахбаяр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар шүүхийн тогтоолд улсын яллагчийн гаргасан  эсэргүүцлээр, Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт холбогдох эрүүгийн 201615000242 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1993 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, 3 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, Өлзийтийн  22-369 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд Баянзүрх дүүргийн 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Бага баруун овгийн Дашдэлэгийн Баясгаланмэндээ  /Регистрийн дугаар ЙД 93031218/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Баянгол суманд 1995 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, Бурхийн  46-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Цэдэндоржийн Мөнх /Регистрийн дугаар ЙВ 95020313/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1994 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик электроникийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 28-367 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Нянгай овгийн Өнөрбатын Түмэнжаргал /Регистрийн дугаар ЙЮ 94031538/.

Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, танхайн сэдэлтээр иргэн Г.Өлзийбаярын баруун бөөрний харалдаа ар нуруунд 1 удаа хутгалж, баруун бөөрний паранхимийн шарх, цус хуралт, хийн хуралт, хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.Мөнх нь согтуугаар, Ө.Түмэнжаргалтай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Өлзийбаярыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодод дээд эрүүний үүдэн шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Ө.Түмэнжаргал нь согтуугаар, Ц.Мөнхтэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 03 цагаас 05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Өлзийбаярыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодод дээд эрүүний үүдэн шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Д.Баясгаланмэндээгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Анхан шатны шүүх, Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт холбогдох 201615000242 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Прокурор газарт буцааж, хэргийг прокурорт очтол Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр жижиг хутга 1 ширхэгийг шүүхийн тогтоол хүчинтөгөлдөр болмогц хэргийн хамт прокурорт хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар прокурор шүүхийн тогтоолыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Улсын яллагч Б.Мөнгөншагайгийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар эсэргүүцэлд:

 Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ нь танхайн сэдэлтээр хохирогч Г.Өлзийбаярын баруун бөөрөнд хутгалж хүнд гэмтэл учруулсан, шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь бүлэглэн, хохирогч Г.Өлзийбаярыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, бие махбодид нь үүдэн шүдний 2 дугаар зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч Г.Өлзийбаярын хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Мөнхийн хувцсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Г.Өлзийбаярын өвчний түүх, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 233 тоот дүгнэлт, ШША-ны криминалстикийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 202 тоот дүгнэлт, хохирогч Г.Өлзийбаярын анхны тайлбар, хохирогч Г.Өлзийбаярын мэдүүлэг, гэрч Г.Мөнхзул, С.Билгүүн, Б.Энхтөр, Ү.Тогообат, сэжигтэн Т.Пүрэвгэрэл, Ч.Ганболд, Э.Доржзовд, Ч.Нямдорж, Т.Түмэнжаргал, Ц.Мөнх, Д.Баясгаланмэндээ, яллагдагч Э.Доржзовд, яллагдагч Ч.Нямдорж, Ц.Мөнх, Д.Баясгаланмэндээ нарын мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, хохирогч Г.Өлзийбаяр, гэрч С.Билгүүн, Б.Энхтөр нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

1.  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.13-т хэвлийн гялтангийн арын зайд
нэвтэрч бөөр гэмтсэн бол гэмтлийн хүнд зэрэгт хамааруулахаар заасан ба шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Өлзийбаярын хэвлийн гялтангийн арын зайд нэвтэрсэн шарх үүссэн, мөн бөөрөнд паранхимийн шарх, цус хуралт, хийн хуралт бүхий гэмтэл учирсан болохыг тогтоосон. Хохирогч Г.Өлзийбаярын биед хийсэн эмчийн үзлэгээр “ЭХО-д ...баруун бөөрний дээд хэсгийн паранхимд d=1.86х 1.66см ...зон ...бөөрний гадна хэсгийн өөхөн доор 8.6х.4.9 см эхо голомтууд зонтой байна. ...бөөрний паранхими хүртэл 7 см урт, шулуун булчин дотор 5.7 см урт 2.5 цус хуралт бүхий хэсэг байна. Бөөрний дээд 3.1 хэсэгт ардаа паранхимид
1.5 см гүн, 0.5 см өргөн цус хуралт бүхий зонтой. Бөөрний өөхлөгт цус хуралт хийн бөмбөлөгтэй.              ...Клиникийн   оношийн   үндэслэл   ...баруун   бөөрний түвшинд хутгалагдсан гүн шархтай, ...ЭХО-д баруун бөөрний доод хэсэгт 3.1 хэсэгт ардаа паранхимд 1.5 см цус хуралттай” гэсэн онош тогтоогдсон ба уг оношинд тулгуурлан шинжээчийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч дүгнэлтээ гаргасан.

Эдгээр нотлох баримтуудаар хохирогч Г.Өлзийбаярын хэвлийн гялтангийн арын зайд хутга нэвтэрч, баруун бөөрийг гэмтээсэн болох нь хангалттай нотлогдсон, хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээгүй байна.

2.  Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын гэмт хэрэг
үйлдсэн сэдэлт нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, танхайн сэдэлттэй болох нь
хэрэгт цугларсан Г.Өлзийбаярын тайлбар “...нэг залуу нь чи яаж зөрж байгаа юм
бэ гээд Билгүүнийг цохиод авсан. Тэгэхээр нь Мөнхзул бид хоёр салгах гээд
очиход юу юугүй 2-3 залуу цохиж аваад замын хажуу руу унагаасан”, хохирогч
Г.Өлзийбаярын мэдүүлэг “...тэр хэдийн зогсож байсан замаар Билгүүн, Энхтөр
хоёр хажуугаар нь зөрөөд гарсан. Тэгтэл Билгүүн нэг хүнтэй юм яриад байх шиг
байсан. Тэгсэн Энхтөр, Билгүүн хоёрын нэг нь цохиулаад ойчих шиг болохоор нь
би наанаас нь Мөнхзултай гүйгээд очтол тэр хэдийн нэг нь миний хажуугаас орж
ирээд намайг цохиод авахаар нь би тэр хүмүүсийг хартал тэнд манай дээд ангид
байсан Мөнхөө байхаар нь би гар утас барьчихсан баруун гараараа Мөнхөө рүү
чичилж заагаад хөөе таньдаг хүн байна шүү би чамайг таньж байна ш дээ зүгээр
байгаарай гэж хэлтэл нэг нь хажуугаас ирээд цохихоор нь би тэр залууг нь бариад
автал юу юугүй л мотоцикльтой хүн ороод ирсэн. Тэгсэн нэг нь араас түлхээд би
замын хажуу руу өнхрөөд ойчсон. Тэгээд босох гэтэл дээрээс өшиглөөд байхаар нь би толгойгоо бариад эвхэрээд хэвтчихсэн. Тэгтэл гэв гэнэт нурууны ар баруун бөөр хэсэг рүү юмаар дүрэх шиг болоод хүйтэн оргиод явчихаар нь гараа тавиад үзтэл гар нил цус болчихсон байхаар нь би босоод иртэл хажууд нэг хүн байх шиг байхаар нь би тэр залууд намайг хутгалчихаж байгаа юм уу гэж хэлтэл юу яриад байгаа юм бэ гээд цаашаа гүйгээд явчихсан. ...Би хутга гаргаж ирээгүй, миний гарт ээжийн утас байсан. Тэр утсаар Мөнхөө рүү таньдаг хүүхэд байна ш дээ дараа таарна шүү дээ зүгээр байгаарай гэж хэлсэн”, гэрч Г.Мөнхзулын мэдүүлэг  “...явган хүний зам дээр байсан залуучуудын хажуугаар нь Энхтөр, Билгүүн хоёр өнгөрөөд явсан. Тэгтэл Билгүүн эргээд харсан. Нэг хар куртиктэй өндөр залуу очоод Билгүүний шанаа руу цохьсон”, гэрч С.Билгүүний мэдүүлэг ...би тэр хүмүүсийн хажуугаар нь “...зөрчихье, зөрчихье” гээд зөрөөд цаашаа явж гартал араас нэг залуу дуудаад “...холуур зөрчихөж чадахгүй байна уу” гэж асуухаар нь “Уучлаарай хөгшөөн зөрчихье гэж хэлээд зөрж байна ш дээ” гэж хэлтэл шууд намайг ирээд миний шанаа руу гараараа нэг удаа нэг өндөр залуу ирээд цохиод авсан”, гэрч Б.Энхтөрийн мэдүүлэг “...Тэр явган хүний зам дээр байсан залуучуудын хажуугаар нь Билгүүн гараад өнгөртөл Билгүүнийг тэнд байсан залуучуудаас нэг нь дуудаад гэнэтхэн цохиод авсан”, сэжигтэн Д.Баясгаланмэндээгийн мэдүүлэг “...цаана явган хүний зам дээр Мөнхөө, Доржзовд, Нямдорж тэр хэд байсан. Тэгтэл Мөнхөө нь энэ манай доод талын үеийн бацаанууд ямар том болчихсон юм бэ гэж орилсон. Тэгсэн гэнэтхэн пид пад гээд явчихаар нь мотоцикль хаазлаад явчихсан. Тэгтэл Мөнхөө замын цаад талд нэг залуутай зодолдож байсан. ...Тэгтэл тэр хүүхдийг Түмэнжаргал ард талаас нь жийтэл замын хажуу руу тэр хүүхэд гишгэгдэл алдаад унасан. Тэр хүүхдийн араас нь эхлээд Мөнхөө очсон. Тэгээд араас нь Түмэнжаргал гүйж очсон. Харин би тэр хоёрын араас нөгөө хүүхдийн барьж байсан хутга замын хажууд байхаар нь тэрийг аваад тэр залуу руу яваад очтол нөгөө хоёр тэнд тэр залууг өшиглөөд байсан. Нөгөөдөх босох гээд өндийх гэхээр нь би ар нуруу хэсэг рүү барьж очсон хутгаараа нэг удаа дүрсэн. Тэгсэн пүд гээд сонин дуугараад явчихаар нь би нөгөө хутгаа зүүн ханцуйдаа арчаад тэр хавьдаа шидчихээд замын цаана байх Пүрэвгэрэл рүү гүйсэн. ...Тэр залууг Мөнхөө, Түмээ хоёр зодсон. Миний харснаар хамгийн эхлээд Түмээ араас нь жийж унагаагаад ойчсон байхад нь Мөнхөө очоод тэр залууг дээрээс хэд хэдэн удаа өшиглөөд дэвссэн. Мөн Түмээ бас тэр залууг ар нуруу хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд байсан. Би тэр залуугийн газар хаячихсан хутгыг аваад тэр залуу дээр яваад очтол тэр залуу нь Түмээгийн хөлнөөс бариад босох гэхээр нь би араас ар нуруу хэсэг рүү нь нөгөө хутгаараа нэг удаа хатгачихсан. ...Юунаас болж маргасныг сайн мэдэхгүй байна. ...Тэр залууг хутгалах ямар нэгэн шалтгаан байгаагүй. Би тэр залуутай хэрэлдэж маргалдаагүй. Тэр залууг танихгүй. Яагаад хутгалсан эсэхээ мэдэхгүй, нэг мэдсэн л хутгалчихсан байсан. Пүд гээд сонин дуугарахаар нь сандраад хутгаа тэр газраа хаясан. ..Бид хэд нилээн согтсон, би л лав тухайн үед их согтсон байсан” гэсэн мэдүүлгүүд болон Т.Пүрэвгэрэл, Ч.Ганболд, Э.Доржзовд, Э.Нямдорж, Ө.Түмэнжаргал, Ц.Мөнх нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар нь хохирогч Г.Өлзийбаярыг хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус үйл ажиллагаа зэрэг тодорхой сэдэлтийн улмаас зодоогүй, харин ямар ч шалтаг шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр зодож, бие махбодид нь гэмтэл учруулсан ба энэ нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдсон. Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх нар нь хохирогч Г.Өлзийбаяр хутга гаргаж ирж чичилсний улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч нарын мэдүүлэг нь хохирогч, гэрч, зарим сэжигтэн яллагдагч нарын мэдүүлгүүдээр няцаагдсан.

3. Шүүгдэгч Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын дээд боловсролын гэрчилгээг хэрэгт хавсаргаагүй нь хэргийн зүйлчлэл болон шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлд нөлөөлөхгүй байна.

Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасны дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Хэрэг хянан хэлэлцэхэд энэ хэрэгт шинжээчээр оролцсон Шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийг оролцуулах нь шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хянахад чухал ач холбогдолтой байх тул шинжээч эмч Л.Амгаланг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээ гаргаж ...байна.

Мөн давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцох хүсэлтээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д зааснаар гаргаж байна... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөншагай гаргасан дүгнэлтдээ:

Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгон Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарт холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах саналтай байна... гэв

ХЯНАВАЛ:

2016 оны 07 дугаар сарын 14-15-нд шөнийн 03-05 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Баясгаланмэндээ нь танхайран бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нар нь бүлэглэн догшин авирлан танхайран бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

                                                                  

Шүүгдэгч Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг нарийвчлан тогтоох,

Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын хувийн байдлыг тэдний дээд боловсролтой эсэхээс гадна тогтоох нь шүүхээс Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв тогтоож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3, 80.1.4-т заасан дээр дурдсан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй  байна.

Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт анх хохирогч Г.Өлзийбаярыг хутга гаргасан, мөрдөн байцаалтын шатанд Ц.Мөнх, Доржзовд нар Г.Өлзийбаярыг хутга гаргасан талаар мэдүүлдэг зэргийг тэмдэглэж байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.2-т заасан үндэслэлийн хүрээнд хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хавтаст хэрэгт авагдсан Г.Мөнхзулын “...араас мотоцикльтэй ирээд хашаан дотор ороод мотоциклийнхоо гэрлийг тусгаад намайг бариад авсан. Намайг барьж авахад дээлтэй залуу байсан.Тэгээд намайг барьж аваад гараараа миний толгой руу 2 удаа цохисон. ...би толгойгоо дараад доош хараад хэвтэхэд миний баруун талаас нэг нь мотоциклийн дугуйгаар мөргүүлээд байсан” гэсэн /хх-25бх/ тайлбар,

Т.Түмэнжаргалын ...Мөнхөө, Баясаа хоёр Өлзийбаяртай зууралдсан байсан чинь  Өлзийбаяр нь газар өнхөрөөд унасан. Өлзийбаярыг газар унахаар нь би бөгс орчимд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би өшиглөчихөөд буцаад гүйх гэтэл Нямдорж мотоцикльтойгоо ирээд миний хөл рүү мөргөөд газар унагасан...” гэх мэдүүлэг /хх-125-126х/,

Ч.Нямдоржийн  ...Би Доржзовдын хамт ...очиход ...Баясаа Пүүжээ, Мөнхөө нар тэр хоёр залуутай зодолдож байсан. Тэгтэл Баясаа “нэг нь хутгатай байна шүү” гэхээр нь улаан фудболктой залууг хутгатай байгаа юм байна гэж бодоод мотоциклоороо очоод  мөргөх гэтэл бид нартай явж байсан цэнхэр өнгийн цамцтай залууг мөргөөд унагасан...гэх мэдүүлэг /хх-119-120х/ зэргээс харахад Эрдэнэбатын Доржзовд, Чулуундоржийн Нямдорж

нарын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Прокурорын  67 дугаар тогтоол/хх-220-221х/ хууль ёсны үндэслэлтэй болоогүй байна.

Иймд Э.Доржзовд, Ч.Нямдорж нарын хэргийг сэргээж,  Д.Баясгаланмэндээ, Ц.Мөнх, Ө.Түмэнжаргал, Э.Доржзовд, Ч.Нямдорж нарын гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг дахин шалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин Г.Өлзийбаярт учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэлтэй байх ба хэрэв анхан шатны шүүх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл шаардлагатай ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой тул энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 317 дугаар зүйлийн 317.1.1-д заасныг тус тус удирдлага болгон;

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай  аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын тодорхойлох хэсэгт энэ магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж, улсын яллагч Б.Мөнгөншагайгийн  бичсэн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг уншиж сонсгомогц нэн даруй заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд тус магадлалд хяналтын гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

      

                              ДАРГАЛАГЧ,

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                         ШҮҮГЧИД                                           Т. ДАВААСҮРЭН

                                                                                     М.МӨНХДАВАА