Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0323

 

П.Ж-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын давж заалдах гомдлоор, П.Ж-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ж-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт Х б-ны 603 дугаар салбарт 4014,8 м.кв газар эзэмшүүлснээс “Т д” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газарт холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоож, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 8 дахь хэсэгт Х б-ы 603 дугаар салбарт 3533,5 м.кв газар эзэмшүүлснээс “Т д” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Т д” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас П.Ж-д шилжүүлэхгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч П.Ж-д нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г давж заалдах гомдолдоо:

“... уг маргаан бүхий газрыг 1993 оноос хойш Х б-ы Хөвсгөл салбар эзэмшиж ирсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Газрын албатай 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 4000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших гэрээг байгуулан 210106225 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээг авсан байдаг. Газрын эзэмших эрх Мөрөн сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18 тоот захирамжаар үүссэн болно.

Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 136 тоот захирамжаар гэрээг шинэчлэх шийдвэр гарч 2005 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулан газрын гэрчилгээг шинэчлэн авсан болно.

Энэхүү гэрээг шинэчлэн байгуулж гэрчилгээ авах үед Мөрөн сумын Газрын албанаас манай байгууллагын эзэмшил бүхий газарт өөр ямар нэгэн байгууллага иргэн газар эзэмшиж байгаа талаар ямар нэгэн бүртгэл байгаагүй бөгөөд маргаангүй байсан болно.

Улмаар Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 тоот захирамжаар инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж газар эзэмших гэрчилгээ шинэчлэх шийдвэр гарч 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газартай гэрээ байгуулан 000298403 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ авч нэгж талбарын 210700225 дугаартай 3533,5 м.кв газрыг 29 жилийн хугацаатай эзэмших эрхийг хууль ёсоор баталгаажуулж авсан болно. Энэ талаар “...шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн болон урьд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа билээ.

Мөн С д /хуучин нэр Т д/ ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 04/22 тоот албан бичигт “...2007 оны 12 дугаар сарын 29-ний 235 дугаар тушаалаар акталсан агуулах гэдэг нь 21070032 тоот нэгж талбарын дугаартай газар дээр орших модон байшин байсан” гэж дурдсан бөгөөд газар эзэмшиж байсан талаар дурдаагүй газар эзэмшиж байсан талаар нотлох баримт байхгүй уг газар байгаагүй гэсэн талаар дурдсан.

2019 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Балдангийн мэдүүлэгт “...Х б-ны Хөвсгөл салбарын захирлын гарын үсэгтэй албан тоотоор “Т д” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт газар олгосныг зөвшөөрсөн бичиг авч өгсөн” гэх мэдүүлэг өгөх ба уг албан бичгийг үндэслэж “Т д” ХХК-д газар эзэмшүүлсэн талаар мэдүүлсэн.

Гэтэл Х б-ы Хөвсгөл салбарын 2004 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолтод “Т д” ХХК-ийн Хөвсгөл салбарын агуулахыг зориулалттай 8x6 метрийн харьцаатай барилга манай байгууллагын хашаанд байрлаж байгаа болохыг тодорхойлсон.

Гэтэл Газрын алба нь “Т д “ХХК-д 2004 онд газар эзэмших гэрчилгээ олгохдоо “Т д” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбараас 2004 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05 тоот Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөл авах тухай албан тоотод “... Х б-ы хашаан дотор байгаа газрын зөвшөөрөл олгохыг хүсэж” албан тоот хүргүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байна.

Энэ талаар хэрэгт авагдсан 23-04-023/386 тоот гэрчилгээ шалгасан тухай албан тоотод “...Т д” ХХК нь Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 86 тоот захирамжаар 150 м.кв газрыг Х б-аас шилжүүлсэн байх бөгөөд тухайн үед хувийн хэрэгт 2 талын өргөдлөө Х б-аас газар шилжүүлэхийг зөвшөөрсөн бичиг байхгүй байгаа нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн ба энэ талаар бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.

Мөн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар уг маргаан бүхий газар нь “Т д” /хуучин нэрээр/ ХХК-д олгогдсон нь тогтоогдохгүй харин ч үгүйсгэгдэж байгаа бөгөөд Х б болон Х б-ы Хөвсгөл салбараас “Т д” /хуучин нэрээр/ ХХК-д ямар нэгэн байдлаар газар олгохыг зөвшөөрч байгаагүй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдэж байгаагүй байхад анхан шатны шүүх анхан шатны шүүхээс Газрын тухай хуульд буцаан хэрэглэхээр хуульчлаагүй байхад хуулийг буцаан хэрэглэсэн нь талуудын тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан, шүүх шийдвэр гаргахдаа хэтэрхий нэг талыг баримталсан гэж үндэслэл тогтоогдож байна.

Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн /2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнө/ 38.2.1-д “... Нотариатаар гэрчлүүлсэн гэрээ”, мөн зүйлийн 38.2.2-т “...эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрсөн нотолгоо” байхыг эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийн үндсэн шинжээр хуульчилсан байхад анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг үгүйсгэж чадаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Иймд ... 12 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Ж “... намайг ажиллаж байх үед “С д” ХХК тухайн үед актлагдсан байсан тус компанийн хөрөнгө болох 150 м.кв газар эзэмших эрхийг надад шилжүүлсэн ... газар эзэмших эрхээ баталгаажуулахаар хандахад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар “хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүл” гэсэн ... аймгийн Засаг даргад хандахад 2010 оны А/141 дүгээр захирамжаар Х б-ы эзэмших эрхтэй газар болсон тул газар эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй гэсэн ... уг газар анхнаасаа Т д /одоо нэр нь С д/-ын газар ...” гэх үндэслэлээр Мөрөн сумын 8 дугаар багт байрлах 150 м.кв газрыг Х б-д эзэмшүүлсэн “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 дүгээр захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, П.Ж-ын нэр дээр тус газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 1999 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаар захирамжаар Х б-ы 603 дугаар салбар /тухайн үеийн нэрээр/-т 4000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлснээр газар эзэмших гэрээ[1] байгуулагдаж, гэрчилгээ олгогдсон байна.

Улмаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн 86 дугаар захирамж[2]-аар Х б-ы Хөвсгөл салбарын хашаан дахь складны 150 м.кв газрыг Х б-аас ““Т д” ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбар Ү.П”-д шилжүүлэн эзэмшүүлж, нэгж талбарын 201070032 дугаар олгож, газар эзэмшүүлэх гэрээ[3] байгуулж, гэрчилгээ[4] олгожээ.

Уг захирамжийг “Х б” ХХК нь 2013 онд мэдсэн болох нь “Х б” ХХК-ийн Хөвсгөл салбарын 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 731 дүгээр албан бичиг[5], Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 23-04-023/386 дугаар дүгнэлт[6] зэргээр тус тус тогтоогдож байна.

Х б, түүний Хөвсгөл салбараас тухайн цаг хугацаанаас хойш болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Мөрөн сумын Засаг даргын 2004 оны уг 86 дугаар захирамжтай маргаагүй, захирамж хүчин төгөлдөр байх тул энэ талаар гаргасан “...  Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн “С д” ХХК-ийн эзэмшлийн Хөвсгөл аймаг дахь салбарт ашиглагдаж байсан агуулахын зориулалттай хөрөнгийг тухайн үеийн “Т д” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал, тэдгээрийн хавсралтаар акталж, тухайн үеийн салбарын захирлаар ажиллаж байсан Ү.П-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн[7], Ү.П нь дээрх агуулахыг 150 м.кв газрын хамт нэхэмжлэгч П.Ж-д шилжүүлэн өгөхөөр тохирч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 01 дугаар гэрээ[8] байгуулсан энэ үйл баримттай гуравдагч этгээд “С д” ХХК-аас /өмнө нь “Т д” байсан/ мөн маргахгүй гэдгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа илэрхийлсэн, тус газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр байгаа болох нь тогтоогджээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 136 дугаар захирамж[9]-аар сумын Засаг даргын 1999 оны 18 дугаар захирамжийг хүчингүй болгож, аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байсан аж ахуйн нэгж, иргэдийн гэрээ, гэрчилгээг шинэчилж, Х б-ы Хөвсгөл салбарт 4018.8 м.кв олгохдоо өмнө “Т д” ХХК-ийн Хөвсгөл салбарт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 86 дугаар захирамжаар олгосон 150 м.кв газрыг хамт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл тухайн үед Мөрөн сумын Засаг даргын 86 дугаар захирамжаар тус газар Т д /Ү.П/-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, тус шийдвэр хүчин төгөлдөр байхад газрыг давхцуулан эзэмшүүлсэн зөрчлийг арилгаагүй нь буруу.

Улмаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т заасны дагуу инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмших эрхтэй аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийг шинэчилж, Хөвсгөл аймгийн Засаг даргаас 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-141 дүгээр захирамж[10]-аар Х б-ы Хөвсгөл салбарын эзэмшиж байсан 4014.8 м.кв газраас нийтийн эдэлбэрийн газрыг хасч 3533.5 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа ч “Т д” ХХК-ийн Хөвсгөл салбарын эзэмшлийн 150 м.кв газрыг хасаагүй, газар давхцуулан эзэмшүүлсэн шийдвэрээ засаагүй нь хууль бус байна.

Мөн нэхэмжлэгч П.Ж-аас “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу маргаан бүхий 150 м.кв газрыг шилжүүлэн авсан талаар баримт нотолгоог гарган хандахад ч нөхцөл байдлыг судлан тогтоогоогүй, түүнд газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн “нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газрыг иргэн П.Ж-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

“Даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу татгалзсан үйлдэл, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс шаардагдах захиргааны актыг гаргахыг холбогдох захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгаж шийдвэрлэхээр хуульчлагдсан.

Нэхэмжлэгч П.Ж-ын “...аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт гаргасан “газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт”-ийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэж, хариуг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гардуулсан, Хөвсгөл аймгийн Засаг даргад 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасан, аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/2039 тоот албан бичгээр хариу авч шүүхэд хандсан. Улмаар 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дахин гомдлоо гаргасан” гэх тайлбартай хариуцагч маргаагүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “... Уг газар нь Х б-ы 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Гэрээ, гэрчилгээ шинэчилж өгнө үү” гэх 284 дугаартай хүсэлтийг үндэслэн аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/141 тоот захирамжаар шийдвэр гаргахад Х б-ы эзэмших эрхтэй газар болсон байна. Иймд таны хүсэлтийг хүлээн авч, тань газар эзэмшүүлэх тухай албан ёсны шийдвэрийг гаргах боломжгүй байх тул шүүхэд хандана уу” гэх 1/557 дугаар хариу албан бичгээс үзвэл хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмших гэрчилгээг шилжүүлэн авах тухай хүсэлтэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасан үндэслэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар үндэслэл дурдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй талаар хариу өгөхдөө “газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн бүрдүүлбэр дутуу”, хуулийн шаардлага хангаагүй гэж үзээгүй, тус газрыг Х б-ы салбар эзэмших эрхтэй гэсэн үндэслэлээр татгалзсан нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий биш байна. 

“Т д” ХХК /одоогийн “С д” ХХК/-ийн Хөвсгөл аймаг дахь салбарт 150 м.кв газар эзэмшүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2004 оны 86 дугаар захирамж хүчин төгөлдөр, хариуцагч нар гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн Хөвсгөл салбарт Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасан нь зөв байна.

Мөн нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахаар анх 2017 оны 07 дугаар сард хандаж, хариуг авсан байх тул шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийг шүүх хэрэглэн нэхэмжлэгч П.Ж-д нэгж талбарын 21070032 дугаар бүхий 150 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлэхийг Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч  этгээд “Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 


[1] 1ХХ-ийн 60 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 85 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 109 дүгээр хуудас

[4] 1ХХ-ийн 108 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 71 дүгээр хуудас

[6] 2ХХ-ийн 48 дугаар хуудас

[7] 2ХХ-ийн 18 дугаар хуудас

[8] 1ХХ-ийн 5 дугаар хуудас

[9] 1ХХ-ийн 70 дугаар хуудас

[10] 2ХХ-ийн 83-86 дугаар хуудас