| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0782/Э/Т |
| Дугаар | 219 |
| Огноо | 2019-01-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч М.О /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1706 0105 50173 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.О, 1978 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 14-197 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд гурван удаагийн ял шийтгэлтэй,
Шүүгдэгч М.О, Г.Э нар нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөлийн зогсоолд байсан иргэн Д.Нямбаярын жолоодог явсан “Голден саякэл” ХХК-ний эзэмшлийн 36-58 УБГ улсын дугаартай автомашинаас 2.500.000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү. Хохиролд би 1 сая төгрөгийг нөхөн төлсөн” гэв.
Хохирогч Н.Дугарсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай “Голден Сая дугаар сарын кел Эшиа Пэсифик” ХХК-ны борлуулагч жолооч ажилтай Д.Нямбаяр нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Нарантуул захын Өргөтгөл дээр ажлаа хийж яваад өдрийн орлогын мөнгө 2.530.000 төгрөгийг машин дотроос алдаж манай компанид хохирол учирсан тул манай байгууллагаас намайг хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрсөн тиймээс надад татгалзах зүйл байхгүй байна. Манай компаниас 2.530.000 төгрөг алдагдсан болох нь тухайн өдрийн баримтаар шахагдаад тодорхой харагдаж байгаа...” гэх мэдүүлэг. /хх 12/,.
Гэрч Д.Нямбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эдгээр мөнгийг би өөрийн өөрийн мөнгө хийдэг хар өнгийн жижиг цүнхэнд хийгээд мөрөндөө үүрч явж байгаад машиндаа 16 цагийн орчим орж ирээд зорчигч талын суудал дээр тавьсан энэ үед минийутас дуугарсан харахад эхнэр залгасан байсан би утсаа салгаад эргүүлээд залгах үед бараа тарааснаас болоод нэлээд их халууцаж хөлөрсөн учир сэрүүцэх зорилгоор машинаас түр зуур буцсан утсаар ярих үед машины зөв талын цонх онгорхой буруу талын цонх хаалттай хаалга хаалттай мөртлөө цоожгүй байсан. Би утсаар 2 минут ярьсан тэр үед цаг 15:49 минут болж байсан. Би утсаар ярьчихаад эргээд машины араар тойроод буруу талд гарахад машины буруу талын хаалга онгорхой байсан. Би тэр хавиар хайгаад хажууд зогсож байсан машины жолооч нараас асууж сураглаж үзэхэд анзаарсан хүн байгаагүй. Тэгээд шууд цагдаагийн хэлтэс дээр очиж мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаагийн ажилтангууд Нарантуул захын цагдаа дээр байдаг камерын бичлэгийг шүүж үзэхэд доогуураа хар өнгийн өмд, дээгүүрээ цагаан өнгийн подволк өмсөж, биеийн тамирын цамц шиг зүйлийг цээжин биеэрээ ороосон 160-165 см орчим өндөртэй эрэгтэй бор царайтай хүн ганцаараа очоод буруу талын хаалга онгойлгоод цүнх аваад цээжээрээ ороосон байсан зүйлээ тайлаад цүнхийг ороогоод цаашаа яваад өгч байгаа бичлэг авагдсан байсан. Тэр хүнийг захын цагдаа нар хараад шууд таньж байсан О гэж хэлж байсан шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг. /хх 13-14/,
Яллагдагч М.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ямар хэрэгт яллагдагчаар татаж байгаа ойлгож байна. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлоо бүрэн барагдуулж дуусгана. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 82/,
Камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх 5/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 56-59/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 41/, ял шалгах хуудас /хх 42/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч М.О нь Г.Э-тай нь бүлэглэн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөлийн зогсоолд байсан иргэн Д.Нямбаярын жолоодог явсан “Голден саякэл” ХХК-ний эзэмшлийн 36-58 УБГ улсын дугаартай автомашинаас 2.500.000 төгрөгийг хулгайлсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүх шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу тусгаарлаж М.О-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн болно.
Прокуророос шүүгдэгч М.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.О-г бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.О нь хохирол төлбөрт 1 сая төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь хамтран хариуцах нь хуульд нийцэх тул түүнээс 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Голдэн саякэл ХХК-нд олгохоор шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч М.О-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди г хэрэгт хавсаргахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар М.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.О-ээс нийт 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Голдэн саякэл ХХК-нд олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР