Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 262

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Н.Анармаа,                            

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч О.И  /өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.И-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 0885 60197 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн О.И, 1987 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Увс аймагт төрсөн, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдүүдийн хамт  Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 1-48 дугаар байр 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан, 

Шүүгдэгч О.И нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Сарантуяагийн Хуавэй матт 8 маркийн 350.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч О.И шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Ч.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 10 дугаар байрны тэнд байрлах Саражим нэртэй эмчилгээний ор зардаг газар ороод сууж байхад араас нэг цагдаа орж ирээд –Чи юмаа алдсан уу гэхээр нь би цүнхээ уудалж үзэхэд миний гар утас байхгүй байсан. Тэгээд цагдаа нэг залуу дагуулаад явж байсан. Миний гар утсыг нөгөө хулгайч Нарантуул захаас 13 дугаар хорооллын өгсөх зам дагуу байрлах Пирошки нэртэй цайны газрын хойно чулууны дор нуусан байсныг гаргаж өгсөн. Би гар утсаа таксины мөнгө өгөөд өмсөж явсан саарал өнгийн пальтоны халаасанд хийсэн байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 8-9/,

Түр хураан авсан эд зүйлийг буцаан өгсөн тэмдэглэл /хх-ийн 5/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн “Хуавэй матт 8 маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээ /хх-ийн 15-16/, Яллагдагч о.Ихбаярын мэдүүлэг /хх-ийн 25-28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 32/ шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.И нь 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Сарантуяагийн Хуавэй матт 8 маркийн 350.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч О.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.И нь учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. О.И-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.И-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар О.И-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.И-ын урьд цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.И бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  2. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл О.И-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР