Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01660

 

 

 

 

 

 

 

   2023       08          25                                    210/МА2023/01660

 

 

Г ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/02459 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,270,083 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагч Д.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Б- нь Г ХК-тай 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1505015554 тоот зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг, жилийн 24.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хүүгийн хамт төлөх үүргийг хүлээж, хэрэглээний зээл авсан. Зээлдэгч Д.Б-гаас талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,485,572.75 төгрөг, үндсэн хүү 7,348,386.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,436,123.62 төгрөг, нийт 12,270,083.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь цалингийн зээлийн гэрээг 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан. Улмаар зээлдэгч Д.Б- нь 2013 оны 05 дугаар сарыг хүртэл цалингийн зээлийг төлж байсан боловч ажлаас халагдсан тул зээлийн төлөлтийг хийж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дууссан. Нэхэмжлэгч нь Д.Б-гаас дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэгч Г ХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу 3 жилийн дотор гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй байсан бөгөөд уг хугацаа 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дууссан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Голомт банк дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хандсан болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2396 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэг болон үндэслэх хэсэгт харагдаж байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 12,270,083.13 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 211,272 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.б. Зээлийн гэрээний 3.3-т “Дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй. Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, түүнд бодогдох шимтгэл хураамжийг хугацаанд нь төлөөгүй, зээл авахтай холбоотой баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн болон зээлдэгчээс банкинд өгсөн мэдээлэл, баримт бичиг хуурамч болох нь тогтоогдсон бол...” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс зээлдүүлэгчийн шахалтад орж гэрээний хугацаа дууссан байхад амлах бичиг бичиж өгсөн, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тухайгаа илэрхийлсээр ирсэн.

4.в. Түүнчлэн, зээлийн гэрээний хувийн хэрэг нотлох баримтаар авагдаагүй, зээлдэгч амлах бичиг бичиж өгсөн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласнаар хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “зээлийн гэрээний хувийн хэргийг татуулах, улмаар шүүхэд хэрэгт өгөөгүй баримтыг нэхэмжлэгчийн төлөөлөгч үндэслэлдээ дурдаж тайлбарласан зэргээр шүүх хэт нэг талыг барьж буюу нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн шийдвэрлэсэн.

Шүүх зээлийн хүүгийн тооцоолол дээр дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй гэж дүгнэхдээ ямар заалт зохицуулалтыг зөрчсөн эсхүл зөрчөөгүй талаар тодорхой дүгнэлт өгөөгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу зохигчдод мэтгэлцэх боломж олгоогүй гэж үзэж байна.

Түүнчлэн, зээлийн гэрээний 3.3.3-т заасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл бүрдсээр байтал уг эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд улмаар 2015 оны сүүл, 2016 оны эхээр зээлийн хүү төлүүлэх болон амлалт бичиг бичүүлж авах зэргээр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулж, улмаар дахин 3 жилийн дараа буюу 2018 оны 11 дүгээр сард зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анх шүүхэд хандсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

Улмаар 2015 оны 11, 12 сар, 2016 оны 01-02 саруудад зээлийн хүү бага хэмжээгээр төлүүлж, улмаар амлалт бичиг бичүүлж авсан зэрэг нь хууль болон гэрээгээр хүлээсэн эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй, улмаар зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэх хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2396 дугаартай шийдвэрээр Д.Б-г эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасан байх бөгөөд улмаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 235 дугаартай албан бичгээр шүүхийн шийдвэрийг Баянгол дүүргийн цагдаагийн байгууллагад даалгасан байна. Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, Д.Б-гийн хаягийг олж тогтоон нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. Гэтэл Г ХК нь 2019 оны 02 дугаар сард Д.Б-гийн хаягийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон байхад 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 28/1432 тоот албан бичгийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ хооронд нийт 4 жилийн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж нэхэмжилсэн нь зээлдэгч Д.Б-гийн хувьд хүү нэмэгдүүлсэн хүүний дарамтад орох үндэслэл болсон байхад шүүх уг байдлыг анхаарч үзээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах гаргаж өгөх хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Зээлдэгч 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Г ХК-аас 5,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай авсан. Тухайн үед зээлээс төлөлт хийж байсан. 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлдэгч хаяг дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2018 онд Г ХК-аас Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б-г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гаргуулж байсан. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгчийн хаяг, утасны дугаар албан тоотоор ирсэн. Үүний дагуу дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг боловч 2015 оны 11 сард банктай уулзаж, үүнээс хойш 5 удаагийн төлөлт хийсэн. Д.Б- нь 120,000 төгрөгөөс 240,000 төгрөгийн хооронд нийт 948,000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Хариуцагч нь зээлийн төлөлтөө хийхгүй болохоор өмнө нь 2017 онд нэхэмжлэгч шүүхэд хандаж байсан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,270,083 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1505015554 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 5,000,000 төгрөгийг, сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Г ХК нь зээлдүүлэх, зээлдэгч Д.Б- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд уг зээлийг зээлийн хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх7/

 

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

4. Зээлдэгч Д.Б- нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 1,514,427 төгрөг, зээлийн хүү 1,674,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 627 төгрөг, нийт 3,189,713 төгрөгийг төлсөн, байх ба, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 2015 оны 11, 12 сар, 2016 оны 1, 2, 3 сард 5 удаагийн төлөлт хийснээс хойш өөр төлөлт хийгээгүй болох нь хэргийн 9-10 дугаар тал дахь хүү тооцооллын хүснэгт болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

4.а. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

5. Хариуцагчийн “хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төлөхгүй, эрэн сурвалжлах ажиллагаа 2017 онд дууссан байхад 5 жилийн дараа шүүхэд хандсан нь энэ хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

5.а. Учир нь талууд 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа нь 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дууссан байх боловч хариуцагч нь сүүлийн байдлаар 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээлийн хүүгийн төлбөрт 240,000 төгрөг төлсөн энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт “...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд ... хүү төлөх ...буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 79.7 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг шинээр тоолно” гэж заасан.

 

5.б. Иймээс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу хугацааг шинээр тоолно.

 

5.в. Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүрэг шаардаж 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12847 дугаар шүүгчийн захирамж гарсны дараа нэхэмжлэгч талаас, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/02396 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Б-гийн оршин суух хаягийг тогтоолгох зорилгоор эрэн сурвалжлуулахаар шийдвэрлүүлсэн байна.

 

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хан уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр түүний оршин суух хаягийг тогтоосон талаар нэхэмжлэгч талд мэдэгдсэн баримтуудаас үзэхэд хариуцагчийг эрэн сурвалжилснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин тасалдсан гэж үзэхгүй анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульд нийцүүлэн зөв дүгнэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 11/

 

5.г. Анхан шатны шүүх хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,485,572 төгрөг, зээлийн хүү 7,348,386 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,436,123 төгрөг нийт 12,270, 083 төгрөг нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Хариуцагч нь “нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн байхад гэрээг цуцалж шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хүүгийн дарамтад оруулсан” гэх давж заалдах гомдол гаргасныг хангахгүй. Талууд зээлийн гэрээний 3.3.3-т Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан шаардах эрхтэй. Зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүү, түүнд бодогдох шимтгэл хураамжийг хугацаанд нь төлөөгүй бол цуцлах эрхтэй гэж тохиролцсон.

 

6.а. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандаж байсан, гэвч хариуцагч нь хаягтаа байгаагүйгээс түүнийг эрэн сурвалжилж байсан, эрх бүхий байгууллагаас 2023 онд түүний хаягийг олж тогтоосон зэрэг нөхцөл байдлууд хэргийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандах эрхийг үүрэгжүүлэх боломжгүй.

 

Түүнчлэн, 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байх тул хүүгийн дарамтад оруулсан гэх түүний гомдлыг хангахгүй.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо шинэ баримтыг хавсаргаж ирүүлсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх үнэлэхгүй бөгөөд мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэснийг зөрчсөн гэж үзэх тул энэ талаар гаргасан гомдлыг мөн хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/02459 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 211,272 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ