Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/00912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-17-107 тоотод оршин суух, Ар тогоруутан овгийн Сэлэгмаагийн Баасанбилэг /РБ70082618/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-80 тоотод оршин суух, Халзангууд овгийн Пүрэвравжирийн Оюунцэцэг /КЮ62121660/-т холбогдох

“1 070 180 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баасанбилэг, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Баасанбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Оюунцэцэг нь 2015 оны 10 дугаар сарын 01-ээс миний өмчлөлийн 5-4-19 тоот байрыг сарын 280 000 төгрөгөөр түрээслэж суухаар тохиролцож, эхний 3 сарын хөлснөөс 400 000 төгрөг өгч, бусдыг нь хугацаанд нь өгнө гэсэн. 2016 оны 01 дүгээр сарын 18-нд охин О.Азжаргал нь миний дансаар 300 000 төгрөг өгсөн. Нийт 700 000 төгрөг надад өгсөн. П.Оюунцэцэг нь түрээслэх хугацаандаа СӨХ-ны мөнгийг өгнө гэж гэрээ хийсэн боловч түрээсийн мөнгөнөөс 980 000 төгрөг, “Эрдэнэ-Ус” ХК-д 3 сарын мөнгө 60 000 төгрөг “Золбоо” СӨХ-д 30 180 төгрөг, нийт 1 070 180 төгрөг надад өгөх ёстой боловч өдий хүртэл өгөхгүй утсаа ч авахгүй юм. Иймд П.Оюунцэцэгээс 1 070 180 төгрөгийг гаргуулж өгнө үү. Одоо миний бие 100 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж байна гэжээ.

Хариуцагч П.Оюунцэцэг шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Баасанбилэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурьдагдсан байр түрээсэлсэн төлбөр төлөх, хугацаа зэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжилж буй үнийн дүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь 5-4-19 тоот уг байрыг түрээслэхээр тохироод очиж үзэхэд засвар хийхээс өөр сонголтгүй бохир, сантехникийн хувьд ус гоождог гал тогооны крант нь бөглөрдөг, цонхнууд нь шилгүй салж унадаг муу байр байсан. Иймээс бид доорхи засварыг хийлгэсэн. Коридор болон жижиг өрөөний обой сольсон, бүх таазыг шохойдсон,  хаалга, цонх, галын өрөөг бүгдийг нь будсан. Ажлын хөлсөнд 500 000 төгрөг өгсөн. Ингээд биднээс засварт 800 000 орчим төгрөг гарсан. Үүнээс бүгдийг нь биш юм аа гэхэд талыг нь Баасанбилэгт өгөх 1 070 180 төгрөгнөөс талыг нь буюу 400 000 төгрөгийг хасч 670 180 төгрөг төлөх болно. Хэрвээ энэ хүн будэнд ингэж хүн муутай хандаагүй бол дуугүй төлөх байсан юм. Нэгэнт нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа бол засварын ажлын зардлаас 50%-ийг нь байрны түрээсийн төлбөрөөс хасч төлүүлж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчидын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Баасанбилэг нь хариуцагч П.Оюунцэцэгээс Орон сууц хөлслөх гэрээний үүрэг 1 070 180 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 970 180 төгрөг болгосон.  

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан боловч өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 670 180 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.  

П.Оюунцэцэг нь С.Баасанбилэгийн Орхон аймгийн Баян-Өндөр 5-4-19 тоот байрыг сарын 280 000 төгрөгөөр түрээслэж суухаар тохиролцож, нийт 700 000 төгрөг өгсөн, хариуцагч нь түрээслэх хугацаандаа СӨХ-ны мөнгийг өгнө гэж гэрээ хийсэн боловч түрээсийн мөнгөнөөс 980 000 төгрөг, “Эрдэнэ-Ус” ХК-д 3 сарын мөнгө 60 000 төгрөг “Золбоо” СӨХ-д 30 180 төгрөг, нийт 1 070 180 төгрөгийг төлөөгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан Орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээгээр “хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй, хариуцагч хөлс төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж буй үндэслэлээ ...уг байрыг түрээслэхээр тохироод очиж үзэхэд засвар хийхээс өөр сонголтгүй бохир, сантехникийн хувьд ус гоождог гал тогооны крант нь бөглөрдөг, цонхнууд нь шилгүй салж унадаг муу байр байсан. Иймээс бид доорхи засварыг хийлгэсэн. Коридор болон жижиг өрөөний обой сольсон, бүх таазыг шохойдсон,  хаалга, цонх, галын өрөөг бүгдийг нь будсан. Ажлын хөлсөнд 500 000 төгрөг өгсөн. Ингээд биднээс засварт 800 000 орчим төгрөг гарсан. Үүнээс бүгдийг нь биш юм аа гэхэд талыг нь Баасанбилэгт өгөх 1 070 180 төгрөгнөөс талыг нь буюу 400 000 төгрөгийг хасч 670 180 төгрөг төлнө, засварын ажлын зардлаас 50%-ийг нь байрны түрээсийн төлбөрөөс хасч төлүүлж өгнө үү... гэж татгалзжээ.   

Нэхэмжлэгч засвар хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, би мэдэхгүй өөрсдөө өөр хүмүүс оруулсан байсан, одоо би тэр хүмүүстэй нь гэрээ хийсэн, засвар хийх талаар надтай ярилцаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т “хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх” гэж заасан. 

Хариуцагч орон сууцанд засвар хийх тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нэхэмжлэгч үүнийг хүлээн зөвшөөрөөгүй тул засварын мөнгөнөөс хасаж тооцох боломжгүй. Түүнчлэн хэргийн 2 дугаар хуудас дахь “байр хөлслөх гэрээ”-гээр хөлслөгч байр, ус, дулаан СӨХ-ийн мөнгийг төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

П.Оюунцэцэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн нэхэмжлэлээс татгалзаж буй татгалзлын үндэс болох нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.    

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар урьдчилан төлсөн 30 234 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27 834 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч П.Оюунцэцгээс 970 180 төгрөг гаргуулан С.Баасанбилэгт олгосугай.                                                        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 30 234 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27 834 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА