Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 118

 

 

 

 

 

 

 

 

   2019         01         14                                   2019/ШЦТ/118

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Намуун, 

Хохирогч, шүүгдэгч Э.З,

Хохирогч, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч Ц.Нямцоож нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.З, С.С нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 07267 2026 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүх нийгтийн багш мэргэжилтэй, Өнө мөнхийн түшиг ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Ньютавн хотхоны 43а-810 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, СШ92050903 регистрийн дугаартай, С.С,

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайт 32-331 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, УИ96103001 регистрийн дугаартай, Э.З,

 

Үйлдсэн хэргийн талаар:

2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын ойролцоо Э.З, С.С нар нь согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Э.З, С.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч, шүүгдэгч С.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... Сувд-Эрдэнэ, Э.З бид 3 үлдсэн. Э.З, Сувд-Эрдэнэ хоёр хоорондоо маргалдсан. Сувд-Эрдэнэ бие засна гээд явсан. Тэгэхээр нь Э.Зг тайвшруулах гээд түлхэж суулгахыг оролдсон. Тэр үед Э.З нь миний баруун гарын эрхий хурууг хазсан. Би тавиулах санаатай түлэхээд тавихгүй болохоор нь эрхий хуруутайгаа татаад уруулнаас нь хазаад гарыг тавиулсан. Тэгсэн чинь миний зүүн гарын бугуй хэсгээс татаад хазсан. Тэгээд байж байхад тэнд байсан хэдэн банди нар ирээд бид хоёрыг салгасан. Тэр үед миний хазсан уруулаас цус гарсан. Тэрийг Э.З нь харчихаад миний салтаа хэсэг рүү 2 удаа хүчтэй өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,

 

Хохирогч, шүүгдэгч Э.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... манай ангийн эгч Сувд-Эрдэнийн төрсөн дүүгийнх нь эхнэр С.С гэх эмэгтэй ирсэн. Тэгээд бид хэд хоолонд орьё гээд Цэ паб руу орсон. Тэндээ 0.75 литрийн архийг 7 хүн хувааж уусан. Бас 3 литрийн пиво хувааж уусан. Тэгээд тэндээсээ 19 цагийн үед гараад 100 айлын зүүн талын гүүрний доор байрлах Сэлбэ голын саадан дээр 20 цагийн үед очсон. Тэнд очихдоо 2.5 литрийн 2 ширхэг пиво авч очсон. Тухайн үед тэнд Халиун, Сувд-Эрдэнэ, С.С, Гэрлээ, Мөнхдөлгөөн нар байсан. Авсан зүйлээ хувааж ууж байгаад 21 цагийн үед зарим хүмүүс нь явж эхэлсэн. Хэрэг болох үед Сувд-Эрдэнэ, С.С бид 3 байсан. Тэгээд 21 цаг өнгөрөөгөөд би Гэрлээг таксинд суулгаж өгсөн. Эргээд очиход Сувд-Эрдэнэ бие засчихаад ирье гэж хэлээд явсан. Тэгэхээр нь Сувд-Эрдэнэ эгчийг Сувдаа эгчээ гээд дуудсан чинь С.С намайг чи миний эгчийг юу гээд байгаа юм бэ гээд шууд миний үснээс зулгаагаад уруулаас хазсан. Тэгээд би салах гээд түлхсэн чинь салахгүй байсан. Хажуу сааданд байсан 2 залуу ирээд салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,

 

Гэрч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... зүв зүгээр инээлдээд байж байгаад би 00 орчихоод 3-5 минут болоод ирэхэд баахан хүүхдүүд ирсэн С.С С.С хоёрыг салгачихсан, С.С  С.С миний уруулыг хазчихлаа гэсэн. С.Сыг чи яаж байгаа юм гэхэд тэр би харимаар байна, миний гэдэс өвдөөд байна гэж хэлсэн. ... тухайн үед С.С надад С.С намайг ингэчихлээ гэж хэлээгүй, зүгээр харимаар байна гэж байсан. Тухайн үед тас харанхуй болчихсон байсан. Биед нь ямар гэмтэл учирсан харагдахгүй байсан. Маргааш өглөө нь С.С над руу залгаад өмд дээр гарсан гутлын мөрийг надруу явуулсан тэрийг харахад С.Сгийн гутлын мөр байсан. Би яасныг бол сайн мэдэхгүй байна би хараагүй юм чинь. Бүгдээрээ нилээн ууцгаасан байсан. С.Сг зүв зүгээр байсан гэж болохгүй байна. Бас Золжаргал миний утас алга болчихлоо гэж хэлээд байсан гэтэл Э.З тухайн үед өөрийнхөө утсаар цагдаа дуудсан юм. Тэгэхээр утас авчихсан гэсэн нь худлаа гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 10917 дугаартай:

Амгалан амаржих газрын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн эмэгтэйчүүдийн үзлэгт: Анамнез: 5 хоногийн өмнө 72 цагийн эм уусан. ССТ-08/03. Толинд умайн хүзүү том сувгаас цус гарна.

С.Сын биед баруун гуя, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.С нь зулбасан байна. Дээрх зулбалт нь гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 10876 дугаартай:

Э.Згийн биед уруул, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын хазагдсан шарх,      зүүн    дээд    зовхи, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Золзаяя болон С.С нарын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-4, 14-15/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Э.З, С.С нарын иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-39/, С.Сийн хувийн байдлын талаарх ажлын тодорхойлолт, суралцаж байсан сургуулийн тодорхойлолт, дипломын хуулбар /хх-ийн 56-60/, С.Сийн шүүхэд гаргаж өгсөн яаралтай тусламжийн хуудас болон ургийн ЭХО-ны зураг зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.  

 

Шүүгдэгч Э.З, С.С нар нь 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын  ойролцоо согтуугаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч С.С нь өөрийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Э.З нь гэм буруугийн талаар маргаж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч түүний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүйгээ илэрхийлсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, холбогдосон гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан  С.Ст торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Э.Зд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, тухайн ялыг тодорхой хугацаа тогтоож хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын учир шалтгаангүйгээр гудамж талбайд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга, бусдад түрэмгий дээрэнгүй байдлаар хандах гэсэн байдал нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдалыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна.  

 

Хохирогч Э.З, С.С нар нь нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн учир шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.С, Э.З нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Э.Зг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Зд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ