Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00835/И |
Дугаар | 142/ШШ2016/00906 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2016/00906
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 22-р хороо 7-547 тоотод оршин суух, Сартуул овгийн Дагвадоржийн Мөнхсарнай /ВЮ82061305/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Согоот баг 6-11-24 тоотод оршин суух, Бат-Амгалангийн Батбаяр /ЦА79092575/-т холбогдох
“1 317 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Мөнхсарнай, хариуцагч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсарнай нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Мөнхсарнай нь хувиараа кассын машины тоног төхөөрөмж худалддаг. 2016 оны 02 сард миний зарлуулсан зарын дагуу Батбаяр холбогдож кассын машин дагалдах хэрэгслүүдийг захиалан авч зарах тухайгаа хэлж тэр үеэс нилээн хэдэн бараа авч дараа нь мөнгө шилжүүлдэг байв. Найдвартай мөнгө хийдэг байсан болохоор итгээд бараагаа шилжүүлж байв. Гэтэл удаа дараа шалтгаан хэлж зарим барааны мөнгийг хугацаанд нь өгөлгүй нэмэгдсээр 04 сарын 06-ны байдлаар өгнө гэж мэдэгдсэн. Заасан хугацаанд бүгдийг нь барагдуулалгүй 04 сарын 30-н гэхэд 1 000 000 төгрөгний тооцоо үлдэв. Би Батбаяртай 04 сарын 30-нд Эрдэнэт хотод байх ажил дээр нь ирж уулзсан. “Сургууль төгсөх болоод мөнгө зайлшгүй хэрэгтэй байна” гэхэд тэрээр яг одоо боломжгүй 05 сарын 05-ны өдөр гэхэд барагдуулъя. Хэрэв хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5% алданги тооцож олгохоор болсон. Би Шихиххутуг ХЗДС-ийн төгсөх курсын оюутан, сургуулиа төгсөх зайлшгүй шаардлагын улмаас Э.Уянгатөгсөөс 1 000 000 төгрөгийг өдрийн 1% хүүтэйгээр зээлж авсан. Авсан мөнгө сургалтын төлбөр болон сургуулийн үйл ажиллагааны зардалд төлсөн. Би Батбаярыг найдвартай 05 сарын 05 гэхэд мөнгө өгнө гэж бодоод зээлсэн мөнгөний хүүг ганц 2 хоногийг өөрөө төлье гэж бодсон. Гэтэл Батбаяр нь өнөөг хүртэл мөнгө өгсөнгүй. Иймд миний 1 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэний хоног тутмын 0.5% алданги болох 90 000, хугацаандаа өгөөгүйгээс шалтгаалан хүнээс зээлсэн мөнгөний хүү болох 180 000 төгрөг, ирж очсон зардлууд болох 46 300 төгрөг, нотариатын зардал 700 төгрөг нийт 1 317 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Бат-Амгалан овогтой Батбаяр нь Д.Мөнхсарнайгаас авсан барааны үлдэгдэл төлбөр болох 1 000 000 төгрөгийг төлөх нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчийн бусдаас зээлсэн мөнгөний хүүг төлөх боломжгүй. Харин өөрийн гараар бичиж өгсөн баримтын дагуу үлдэгдэл төлбөрийн алданги болон ирж очсон зардал нотариатын зардал гэх мэт зардлыг төлөхөд татгалзах зүйл алга. Хэдийгээр би дамжуулан зарж ашиг олж байсан ч зарсан дэлгүүрүүдээсээ мөнгийг нь одоо ч аваагүй. 200 000 төгрөгний авлага байж л байна. Харин энэ төлбөрийг төлөх боломж одоогоор маш бага байна. Нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхсарнай нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан “1 317 000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаан дээр хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэгч Д.Мөнхсарнайгийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 317 000 төгрөгийг маргаангүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Мөнхсарнайгийн нэхэмжилсэн 1 317 000 төгрөгийг хариуцагч Б.Батбаяр төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 36 022 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 36 022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхсарнайд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА