Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 181/2023/00259/И |
Дугаар | 210/МА2023/01680 |
Огноо | 2023-08-28 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 210/МА2023/01680
2023 08 28 210/МА2023/01680
Ч.М-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01128 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ч.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч М ХМХ-/РД:9133461/-д холбогдох,
М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/67 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М-, түүний өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгчийн 28 тоот тушаалаар Хүний нөөцийн менежерийн албан тушаалд томилогдон, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний зүгээс ямар нэгэн сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгч Б.Ц- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, М ХМХ-ийн Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/62 тоот тушаалыг тус тус үндэслэн хүний нөөцийн ажилтан Ч.М- намайг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан. Тухайлбал, А/67 тоот тушаалыг гаргахдаа, ямар үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа тодорхой заагаагүй. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмын заалтуудыг сонгож хэрэглэх заалтуудаа ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
Иймд, М ХМХ--ын Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/67 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
Ч.М- нь нэхэмжлэлдээ ямар нэгэн сахилгын зөрчил болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй гэжээ. Бодит байдал дээр М ХМХ--ний 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ерөнхий эрхлэгчийн 28 тоот дугаар тушаал батлагдсан өдрөөс хойш Ерөнхий эрхлэгч А.А- нь 2021 оны 12 дугаар сараас өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирэхээ больсон бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 15- ны өдрийн А/25 дугаар МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолоор ажлаас чөлөөлөх асуудлыг албажуулсан. Өөрөөр хэлбэл, “Хөдөлмөрийн тухай хууль” шинэчлэн батлагдсантай холбоотойгоор компанийн нийт ажилтнуудтай “Хөдөлмөрийн гэрээ” байгуулах эрх бүхий этгээд байхгүй буюу орлон ажиллах этгээдийг Удирдах зөвлөлөөс томилоогүй юм. Харин М ХМХ--ний санхүүгийн алба нь Ерөнхий эрхлэгчийн 28 тоот дугаар тушаалыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сар хүртэл Ч.М-д цалинг олгож байсан. Үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгчээр Б.Ц-ийг томилсноор нийт ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг байгуулах бүрэн боломжтой болсон. Үүнээс үзэхэд Ч.М-ын нь нэхэмжлэлдээ хавсралтаар гаргаж өгсөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” гэх баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь харагдаж байна. Мөн Ч.М- нь ажиллаж байх хугацаандаа ажилдаа идэвх санаачилгагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй байсан, энэ талаар удаа дараа нээлттэй сануулж байсан нь баримтуудаар нотлогдоно.
Ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1-т “Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална” гэсний дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй.
Ч.М-ыг байгууллагын бүтцийн өөрчлөлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн нь гол үндэслэл нь юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор мэдэгдлийг өгсөн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар-зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан Ч.М-ыг М ХМХ--ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7,928,583 төгрөгийг хариуцагч М Хэвлэл мэдээллийн хэрэгслээс гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч Ч.М-ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж. нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч М- Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.М- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141,807 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Уг тушаалыг М ХМХ--ийн бичиг хэргийн ажилтан хэдий техникийн алдаа гаргаж үндэслэх хэсэгтээ 80.1 дэх заалтыг оруулсан ч тушаах хэсгийн 1 дэх хэсэгт 80.1.1 гэж тодорхой зааж оруулсан байтал шүүгч тухайн албан бичгийн зөвхөн үндэслэх хэсгийг харж шийдвэр гаргасан нь өөрөө ойлгомжгүй учир дутагдалтай буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг илүүтэй харж нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
4.б. М ХМХ--ийн зүгээс нэхэмжлэгч Ч.М-д 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Мэдэгдэх хуудас”-ийг гардуулан өгсөн. Энэ цаг хугацаа буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хуанлийн аргаар тоолж үзэхэд 31 хоног дэх өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал дээр нарийн тодорхой тусгасан. Гэтэл шүүгчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааг багасгаж тоолсон нь хууль эрх зүйн хувьд огт үндэслэлгүй. Нэхэмжлэгч Ч.М- нь 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажлын хөлсөө бүрэн авч цалингийн тооцоогоо дуусгаж хаасан талаарх баримт М ХМХ--ийн архивт хадгалаастай.
4.в. Мөн “Ерөнхий эрхлэгч Б.Ц- нь өөрийн эрх хэмжээнд олгогдоогүй эрхийг эдэлсэн нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Монголын үнэн” сонины дүрмийн 2.1-т “МҮС- нь МАН-ын бодлого шийдвэр үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулна. Гишүүд дэмжигчдийн санаа бодлыг илэрхийлнэ”, 3.1-т “...Ерөнхий эрхлэгчийг МАН-ын удирдах дээд байгууллагаас томилно” гэж заасан буюу “Монголын унэн” сонины удирдах дээд байгууллага нь МАН-ын удирдах дээд байгууллага буюу Удирдах зөвлөл юм. Үүнээс харахад 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар “МАН-ын ажлын албаны бүтэц орон тоо нэмэгдүүлэхээс бусад өөрчлөлтийг оруулах эрхийг МАН-ын Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд шилжүүлэх тухай” А/25 дугаартай тогтоолыг баталж нарийн бичгийн дарга нарт зарим үүргээ шилжүүлсэн. Энэ шилжүүлсэн үүргийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хурлаар “МАН-ын төв хэвлэл МҮС-ы зохион байгуулалтын бүтэцийг хавсралтаар батлах тухай” А/82 дугаартай тогтоолыг баталсан. Намын удирдлагаас гаргасан тогтоолын дагуу “Монголын үнэн” сонин ХМХ-д шинээр томилогдсон ерөнхий эрхлэгч Б.Ц- нь өөрийн баг бүрэлдэхүүнийг эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан зарим албан тушаалыг хасч, орон тоо цөөрүүлэн бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Энэ нь удирдлагаас өгсөн эрх хэмжээний хүрээнд буюу хууль, дүрэмд нийцүүлэн гарсан. Гэвч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчин нотлох баримтаар авагдсан баримт материалыг дутуу үнэлж ерөнхий эрхлэгч Б.Ц- эрх мэдлээ хэтрүүлсэн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Шүүх хуралдааны явцад хариуцагч талаас тайлбарлан хэлсэн ажлаас гарсан 5 хүний талаар шийдвэртээ огтхон ч дурдаагүй нь огт ойлгомжгүй байна. Учир нь ажлаас гарсан 5 хүний зөвхөн нэг нь бүтцийн өөрчлөлтөөр орон тоо хасагдсан үндэслэлээр халагдсан. Энэ нь нийт ажилтнуудын протокол хурлын тэмдэглэлээс харах боломжтой буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно. Өөрөөр хэлбэл тухайн 5 ажилтан нь бүгд нэг дор халагдаагүй буюу өөр өөр шалтгаанаар ажлаас гарсан. Гэтэл бүтцийн өөрчлөлтөөр нэг дор 5 хүн халсан мэтээр дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.1-т заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч тал зөрчсөн гэж үзэн шийдвэр гаргасан нь хуулийн заалтыг зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаан өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар Ч.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбар хэлсэн. МҮС-ы гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/67 дугаар тушаалаар Ч.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг баримталсан нь хуульд байхгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1-т заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний аль заалтыг баримталж үүрэгт ажлаас нь чөлөөлж байгааг тодорхойлоогүй. 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/62 дугаар тушаалаар үндэслэн хэлбэрийн алдаатай тушаал гаргасан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т “...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэж заасан. 3 үндэслэлийг зааж өгсөн. Алийг нь хэрэглэсэн үндэслэлээ тушаалдаа заагаагүй учраас шүүх тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
1. Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч М ХМХ--д холбогдуулан М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/67 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. МҮС-ы Ерөнхий эрхлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 28 тоот тушаалаар Ч.М-ыг Хүний нөөцийн менежер албан тушаалд томилж, мөн 2022 оны 11 дүгээр сарын А/67 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Ч.М-ыг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ./хх 4,15/
3. Нэхэмжлэгч Ч.М- нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.
4. Хариуцагч нь А/67 тоот тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.1 дэх заалт, М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/62 тоот тушаалыг үндэслэжээ.
4.а. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх 3 өөр үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан.
4.б. Гэтэл ажил олгогч буюу хариуцагч тал дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлахаас гадна, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлийг тодорхой заах, хөдөлмөрийн болон холбогдох хуулийг баримталсан шийдвэр гаргах байтал уг тушаалын 1 дэх заалтанд зөвхөн “Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг” үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дээр дурдсан 3 үндэслэлийн аль хэсгээр нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ тодорхой заагаагүй байна.
4.в. Дээрх тушаалд М ХМХ--ийн Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/62 тоот тушаалыг үндэслэсэн гэсэн байх боловч уг эрхийн акт нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хэрхэн хамааралтай болохыг хариуцагч талаас баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талаас ирүүлсэн мөн өдрийн огноотой А/59 тоот тушаалыг А/62 тоот тушаал гэж үзэх боломжгүй.
4.г. Мөн дээрх тушаалын огноо тодорхойгүй, засвартай байх тул дээр дурдсан үндэслэлүүдийн талаар хийсэн анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул хариуцагчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.
5. М ХМХ--ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.3.2-т ХМБ-ын зохион байгуулалтын бүтцийн төслийг Ерөнхий эрхлэгч боловсруулж Удирдах зөвлөлөөр батлуулна. Батлагдсан бүтцийн дагуу ажлын байрны тодорхойлолтыг хүний нөөцийн менежер тухайн ажилтны харьяалагдах Шууд удирдлагын хамт боловсруулж Ерөнхий эрхлэгч батална гэж заажээ.
/хх 85-90/
5.а. МАН-ын Удирдах зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №А/25 тогтоолоор Ажлын албаны бүтцэд орон тоо нэмэгдүүлэхээс бусад өөрчлөлтийг оруулах эрхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнд шилжүүлж, улмаар МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/82 тоот тогтоолоор “МҮС-ы зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж”, бүтэц батлагдсантай холбогдуулан орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулан баталж ажиллахыг Ерөнхий эрхлэгч /Б.Ц-/-т тус тус даалгасан байна. /хх 66, 68/
5.б. М ХМХ--ийн ерөнхий эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаар тушаалаар тухайн байгууллагын бүтцээс гадна орон тоог шинэчлэн баталсан нь ерөнхий эрхлэгч Б.Ц-ийн уг тушаал Хөдөлмөрийн дотоод журмын дээр дурдсан 2.3.2-т заасан эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Учир нь МАН-ын нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/82 тоот тогтоолоор хариуцагч байгууллагын бүтцийг баталж, харин орон тоог тогтоох эрхийг ерөнхий эрхлэгчид шилжүүлсэн үйлдэл нь, МАН-ын Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гэж үзэхээр байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн МҮС-ы Ерөнхий эрхлэгчийн 2022 оны 11 дүгээр сарын А/67 тоот тушаалыг гаргасан өдрийн огноо засвартай байх бөгөөд түүнийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаа тоолох журмын дагуу тооцож үзвэл түүнд мэдэгдэл гардуулснаас хойш 29 дахь хоногт ажлаас чөлөөлсөн байна.
6.а. Түүнчлэн, хариуцагч талаас тушаал гаргасан засвартай өдрийг 11 дүгээр сарын 03-ны өдөр гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчид мэдэгдэл гардуулснаас хойш 28 дахь өдөр ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг гаргасан байх тул Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан 30-аас доошгүй хоногийн өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
7. М ХМХ--ийн ерөнхий эрхлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/59 дугаар тушаалаар өмнө тухайн байгууллага 19 ажилтантай байсан, шинэ орон тоогоор 14 болгосныг шүүхээс бөөнөөр халсан гэж үзсэнийг буруутгахгүй. Учир нь, хариуцагч талаас тэдгээр хасагдсан 5 орон тоон дээр ажилтан ажиллаж байсан эсэх, тэдгээрийг хууль зүйн ямар үндэслэлээр, хэзээ чөлөөлсөн тухай баримтаа ирүүлж, нотлоогүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
8. Иймд нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч М ХМХ--д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/01128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 141,807 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Ц.АЛТАНЦЭЦЭГ