Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2016/00905

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-25-913 тоотод оршин суух, Харгачин овгийн Халтарын Нарангэрэл /ФБ69080269/-ын хүсэлттэй

"Хамтын амьдралтай байснаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Нарангэрэл, гэрч Д.Дагиймаа, нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Өлзийбат овогтой Найрамдалтай 2007 онд танилцаж 2008 оноос 2016 он хүртэл хамтран амьдарсан. Бид хоёр хамтран амьдарч байх хугацаандаа 1 охин төрүүлсэн. Охин 2011 оны 10 дугаар сарын 11-нд төрсөн. Бид хоёр гэрлэлтээ батлуулна гэж ярьж байгаад батлуулж чадахгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Иймээс миний охин болох Баярцэцэгт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч бид хоёр гэрлэлтийн баталгаагүй тул хүүхдэд тэтгэлэг олгох боломжгүй байна. Иймд Найрамдалтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Нарангэрэл нь шүүхэд хандан "Ө.Найрамдалтай хамтын амьдралтай байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч Х.Нарангэрэл нь талийгаач Ө.Найрамдалтай 2008 оноос хойш хамтран амьдарч, энэ хугацаанд 2011 оны 10 дугаар сарын 11-нд охин Н.Баярцэцэг төрсөн байх ба тэд гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан гэсэн тайлбар нь тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 11-нд охин Н.Баярцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар, Х.Нарангэрэл, гэрч Д.Дагиймаа нарын тайлбараар нотлогдож байна.

Ө.Найрамдал нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болох нь нас барсны гэрчилгээгээр нотлогдсон тул Х.Нарангэрэл, Ө.Найрамдал нарыг 2008 оноос 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр шийдвэрлэлээ.    

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Халтарын Нарангэрэл, Өлзийбатын Найрамдал нарыг 2008 оноос 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.ХИШИГДАВАА