Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 142

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Анармаа, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0670 11444 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Н.С, 1994 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мираж” ресторанд цагийн ажил хийж байсан гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 19-68 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоо Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Москва хороолол, 10-32 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх, 

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагаас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол хорооллын 418-149 тоотод оршин суух иргэн Ц.Одбаярын гэрийн цонхоор нэвтрэн орж, улмаар хөөрөг, үнэт эдлэл болон бусад эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн,

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын 412 дугаар байрны 191 тоотод оршин суух иргэн Б.Хатанбаатарын гэрт нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан,

2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 408 дугаар байрны 37 тоотод байрлах иргэн Б.Түмэннасангийн гэрээс зөөврийн компьютер 2 ширхэг, эмэгтэй хүний алтан ээмэг, бөгжний хослол, эрэгтэй хүний алтан бөгж, дунд гарын цагаан хаш хөөрөг 2 ширхэг, сони маркийн чихэвчний хөгжим зэрэг эд зүйлсийг хулгайлахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэр бүлийн гишүүдийн хамт 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагт гэрээсээ гараад гэрээ цоожлоод Өмнөговь аймаг яваад амарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед ирээд гэртээ ороод амраад байж байтал бурхны урд байсан шилтэй виски, архи байхгүй байхын эхнэр Бямбахүү мэдээд надаа асуухаар нь би мэдэхгүй гэж хэлээд бид 2 гэрээ шалгахад манай гэрээс эд зүйл алдагдсан байхаар нь зарим зүйлдээ хүрэлгүй шууд цагдаа дуудсан. Анх хулгай орсныг мэдээгүй учир гэрийн зарим эд зүйлдээ хүрсэн байх” гэх мэдүүлэг /хх 52-54/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-21/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-26/, Цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 85-86/,

Хохирогч Б.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 цаг өнгөрч байхад өөрийн эхнэр, охин болон найз нарын хамт гэрээсээ гарсан. Учир нь өөрийн найз болох Төгөлдөр, Ариун-Эрдэний хамт Архангай аймаг, Тэрхийн цагаан нуур орсон юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 2 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн... Тэгээд өнөөдөр өдөр том өрөөний ханын шүүгээн дотор талаас гар утасны чихэвч авах гэтэл давхардуулан тавьсан байсан 3 ширхэг мөнгөн аяга, дээд талын тавилга дээр байсан даваа толгой, алтан нуухтай хөөрөг байхгүй байсан. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд унтлагын өрөөнд байсан сэйфний хаалгыг эвдээд дотор талд нь байсан 1.650.000 төгрөг болон задгай мөнгөнүүд байхгүй байсан ” гэх мэдүүлэг /хх 127-130/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 115-122/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 138-139/,

Хохирогч Б.Түмэннасан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх гэр бүлээрээ 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймаг руу “Бор бургасны буюу Гэгээнтний рашаан”-д явахаар 13:30 цагт гэрээсээ гарсан. Түүнээс хойш гэр эзэнгүй бид хөдөө явж байгаад 07 дугаар сарын 18-ны 23 цагт гэртээ ирсэн. Ирэнгүүт манай эхнэр Б.Амгалан хаалга онгойлгон ороход хаалга үүд зүгээр цоожтой байсан тул хулгай орсныг мэдээгүй байж байтал манай хүү Т.Азбаяр зүүн хойд жижиг өрөөний доогуур нуугаад орхисон байсан нөөтбүүк авах гэтэл байхгүй байсан. Ингээд хулгай орж гэж мэдээд гэрээ шалгахад баруун хойд жижиг өрөөний тагтны хаалга хаалттай боловч миний онгорхой орхисон тагтны цонхны салхивчийг хааж түгжсэн, тагт дээр гарахад тагтны хаалтны баруун салхивчны ручкин дээр гишгэсэн бололтой цагаан таг нь мултарсан, тагт дээр баруун хэсэгт хураасан байсан эд зүйлсийн дээд талаас нурсан, наана шалан дээр байсан улаан өнгийн хуванцар чаргыг нурсан эд зүйлийн дээр аваад тавьсан байсан. Ингээд цагдаа дуудаад эд зүйлээ бүртгэн үзэхэд зүүн хойд жижиг өрөөний орон доогуур нуугаад орхисон байсан нөөтбүүк, мөн тэр өрөөний авдар дээрх 3 шургуулгатай жижиг хайрцагнаас эмэгтэй хүний алтан бөгж, ээмэгний хослол, миний эрэгтэй хүний алтан бөгж, үүдний хувцасны шкафны шилэн аяга дотор байсан гэрийн түлхүүрийн 1 хувь байхгүй болсон байсан. Гэрийн хаалгыг би явахдаа хамгийн сүүлд дотор хаалгаа нэг эргүүлж, гадна хаалгаа 2 эргүүлж, цоожилсон байсныг дотор хаалгыг 2 эргүүлж цоожилсон байсан. Манай дотор хаалгыг 2 эргүүлж цоожилсон байсан тул хулгайч тагтаар дээд айлаас ороод хаалгаар гарсан байна гэж бодсон. Цагдаа нар шалгаад явсны дараа дахин эд зүйлээ бүртгэхэд зүүн хойд өрөөний авдар дээр байсан Шанелийн 2 ширхэг шинэ үнэртэй ус, мөн тэр өрөөний авдар дээрх 3 шургуулгатай жижиг хайрцагнаас эмэгтэй хүний Зоос гоёлын үйлдвэрийн оюу шигтгээтэй алтан ээмэг, ширкон шигтгээтэй монетон ээмэг бөгжний хослол, баруун хойд өрөөний хувцасны шкафны дээд тавцан дээр даалинтай байсан 2 хөөрөг, 1 чихэвчний Сони маркийн хөгжим алдагдсныг мэдсэн ” гэх мэдүүлэг /хх 164-165/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 153-158/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 230-231/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 236-238/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд, хохирол төлбөр төлсөн талаарх шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримтыг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Прокуророос шүүгдэгч Н.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.С нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагаас 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол хорооллын 418-149 тоотод оршин суух иргэн Ц.Одбаярын гэрийн цонхоор нэвтрэн орж, улмаар хөөрөг, үнэт эдлэл болон бусад эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн болох нь,

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 09-ний өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын 412 дугаар байрны 191 тоотод оршин суух иргэн Б.Хатанбаатарын гэрт нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан болох нь,

2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс мөн оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян Монгол хорооллын 408 дугаар байрны 37 тоотод байрлах иргэн Б.Түмэннасангийн гэрээс зөөврийн компьютер 2 ширхэг, эмэгтэй хүний алтан ээмэг, бөгжний хослол, эрэгтэй хүний алтан бөгж, дунд гарын цагаан хаш хөөрөг 2 ширхэг, сони маркийн чихэвчний хөгжим зэрэг эд зүйлсийг хулгайлахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь

Хохирогч Ц.Одбаярын: “...Би өөрийн гэр бүлийн гишүүдийн хамт 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 08 цагт гэрээсээ гараад гэрээ цоожлоод Өмнөговь аймаг яваад амарч байгаад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн үед ирээд гэртээ ороод амраад байж байтал ...гэрээс эд зүйл алдагдсан байхаар нь зарим зүйлдээ хүрэлгүй шууд цагдаа дуудсан. Анх хулгай орсныг мэдээгүй учир гэрийн зарим эд зүйлдээ хүрсэн байх” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Хатанбаатарын: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 2 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн... Тэгээд өнөөдөр өдөр том өрөөний ханын шүүгээн дотор талаас гар утасны чихэвч авах гэтэл давхардуулан тавьсан байсан 3 ширхэг мөнгөн аяга, дээд талын тавилга дээр байсан даваа толгой, алтан нуухтай хөөрөг байхгүй байсан. Тэгээд гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд унтлагын өрөөнд байсан сэйфний хаалгыг эвдээд дотор талд нь байсан 1.650.000 төгрөг болон задгай мөнгөнүүд байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Б.Түмэннасангийн: “...бид хөдөө явж байгаад 07 дугаар сарын 18-ны 23 цагт гэртээ ирсэн. Ирэнгүүт манай эхнэр Б.Амгалан хаалга онгойлгон ороход хаалга үүд зүгээр цоожтой байсан тул хулгай орсныг мэдээгүй байж байтал манай хүү Т.Азбаяр зүүн хойд жижиг өрөөний доогуур нуугаад орхисон байсан нөөтбүүк авах гэтэл байхгүй байсан. ...Ингээд цагдаа дуудаад эд зүйлээ бүртгэн үзэхэд зүүн хойд жижиг өрөөний орон доогуур нуугаад орхисон байсан нөөтбүүк, ...эмэгтэй хүний алтан бөгж, ээмэгний хослол, миний эрэгтэй хүний алтан бөгж, ... авдар дээр байсан Шанелийн 2 ширхэг шинэ үнэртэй ус, ...эмэгтэй хүний Зоос гоёлын үйлдвэрийн оюу шигтгээтэй алтан ээмэг, ширкон шигтгээтэй монетон ээмэг бөгжний хослол, ... 2 хөөрөг, 1 чихэвчний Сони маркийн хөгжим алдагдсныг мэдсэн” гэсэн мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.С нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.С-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Н.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Н.С-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.С-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Н.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.С-д урьд цагдан хоригдсон нийт 5 / таван / хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.С нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР