Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01707

 

 

 

 

 

 

 

   2023       09          04                                    210/МА2023/01707

 

 

С.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03373 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Ө-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХФФ ХХК-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие ХФФ ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс талбайн менежерийн ажилд орж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр харилцан хамаарал бүхий компани болох О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар намайг томилон ажиллуулсан.

Ажиллаж байх хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн миний “Тоёота прадо 120” маркийн 78-99 УБЭ улсын дугаартай автомашиныг компанийн ажил үйлчилгээнд ашиглаж байхаар болж сард 2,500,000 төгрөгийн түрээс буюу эд хөрөнгө ашигласны хөлс төлөхөөр тохиролцсон. Тус компани нь БНХАУ-ын эзэнтэй, жонш экспорт тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь ачилт буулгалтын талбай, Айраг сум гэх мэтээр хөдөө орон нутаг руу байнга ажил үйлчилгээнд миний машиныг ашиглаж байсан. Машины ээлжийн засвар үйлчилгээ эвдрэл гэмтлийг ч засаж янзлах мөнгө өгдөггүй, би өөрөө мөнгө гаргаж засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг засаж сэлбэдэг байсан.

Тус компани нь миний машиныг ашиглах гэрээ байгуулаагүй бөгөөд миний машиныг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. ХФФ ХХК нь намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд үүгээр зогсохгүй тохиролцсон машины түрээс буюу эд хөрөнгө ашигласны төлбөрийг төлөхгүй хохироож байна. Иймд С.Ө-ын миний өмчлөлийн “Тоёота прадо 120” маркийн 78-99 УБЭ улсын дугаартай автомашиныг ашигласны хөлс 12,500,000 төгрөгийг ХФФ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ХФФ ХХК нь С.Ө-той автомашин ашиглах, нэг сарын 2,500,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэй гэрээ байгуулаагүй бөгөөд автомашины хөлс төлөх үүрэг хүлээгээгүй. С.Ө- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасныг зөрчиж, худал нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХФФ ХХК-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ө-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 220,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХФФ ХХК-аас 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ө-од олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч С.Ө- нь өмнө нь манай компанид талбайн менежер, ХФФ ХХК-ийн охин компани болох О ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөрийн ашиглаж байсан машиныг компанид түрээсэлсэн гэж худал хэлж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

4.б. Гэрч Б.А-ын “Тухайн үед надаар орчуулга хийлгэсэн. Компанийн машин байхгүй гэж захирал өөрөө ч тэгж хэлж байсан. Машинтай болох хүртлээ түрээслээд явъя, эвдрэл гэмтэл гарах юм бол бензин хийгээд, эвдрэл гэмтлийг нь хариуцаад явна гэж хэлж байсан. Тэгж байгаад хоорондоо тохиролцсон гэв” гэх мэдүүлэг;

“2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 21,22-ны өдрийг хүртэл ажилласан. Нийтдээ 2 сар ажилласан байх” гэх мэдүүлэг;

“Тухайн он сар өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан ажиллаж байх хугацаандаа орчуулга хийж байсан гэв” гэх мэдүүлэг;

ХФФ ХХК 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шинээр автомашин худалдаж авсан үйл баримт зэргээр тогтоогдоно.

Иймд дээрх үйл баримтыг анхан шатны шүүхээс зөв дүгнээгүй, буруу дүгнэж эд хөрөнгө хөлслөх гэрээг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд байгуулагдсан гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна.

Мөн тээврийн хэрэгслийг түрээслэх, түрээсэлсний хөлсийг шаардах эрх нь зөвхөн хууль ёсны өмчлөгчид байх ба 78-99 УБЭ Улсын дугаартай тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч байгаа гэдгээ нэхэмжлэгч С.Ө- нотлоогүй. Энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй.ХФФ ХХК-ийн эзэмшил, ашиглалтад 78-99 УБЭ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл шилжиж ирээгүй буюу нэхэмжлэгч С.Ө- өөрөө унадаг байсан. ХФФ ХХК-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим бүртгэлд хийсэн үзлэгээр тогтмол хугацаанд бензин, шатахуун авсан болох нь тогтоогдсон нь бүх бензин, шатахууны баримтууд 78-99 УБЭ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зориулагдсан гэж эргэлзээгүй шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, компанийн нийт ажилчид өөрсдийн унааны зардал хэмээн бензин, шатахууны зардлыг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын дагуу авч хэрэглэдэг байсан нь энэхүү хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03373 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлийг зөвхөн гэрчийн мэдүүлгээр дүгнээгүй, нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч С.Ө- нь хариуцагч ХФФ ХХК-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “миний “Тоёота прадо 120” маркийн 78-99 УБЭ улсын дугаартай автомашиныг хариуцагч компанийн үйл ажиллагаандаа 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ашиглаж, сар бүр 2,500,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон тул 12,500,000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

2.а. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “манай компани нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хөлс төлөх үүрэггүй, нэхэмжлэгч нь автомашинаа хувьдаа унадаг байсан” гэж маргажээ.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлс гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг дараах үндэслэлээр зөв гэж үзлээ.

 

3.а. Хэргийн 107-108 дугаар талд гэрч Б.А-ын “би тус компанид захирлын орчуулагчаар 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс хойш 2 сар орчим ажилласан. Өлзий ах байхгүй үед хоол хүнс зөөх, жижиг сажиг ажилтай үед “Тоёота Прадо 120” машиныг унаж явдаг байсан. Ажиллаж байсан хүмүүс ч унадаг байсан, Дундговь аймгийн Баянжаргалан сум руу нилээн явж байсан. Ээлжлээд явдаг байсан. ... Компанид машин байхгүй гэж захирал өөрөө ч тэгж хэлж байсан. Машинтай болох хүртлээ түрээслээд явья, эвдрэл гэмтэл гарах юм бол бензин хийгээд, эвдрэл гэмтлийг нь хариуцаад явна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

 

3.б. Гэрч Б.У-ын “тус компанид 2022 оны 08 дугаар сарын 15-16-ны үед жоншны талбай хариуцах ажилтнаар орсон. Прадо маркийн машиныг бол манай албаны машин шиг л хэрэглэдэг байсан. Энэ тэндээс жонш олборлож талбай руу нийлүүлдэг байсан. Би талбай дээр ажилчдаа хариуцаж ажилладаг байсан. Бид талбай дээр хэрэгтэй зүйл гарвал машиныг нь унаад явчихдаг байсан. Сүүлд нь машинаа түрээслэхээ больдог ч юм билүү гэж ярьж байсан, харин яг хэдэн төгрөгөөр түрээсэлж байсныг нь бол мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

 

3.в. Шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр, хариуцагч ХФФ ХХК-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим бүртгэлд шүүхээс үзлэг хийхэд 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд тогтмол бензин, шатахуун худалдан авсан болох нь уг үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх 29-80, 126-127/

 

3.г. Мөн өдрийн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн флаш дискэнд авагдсан тухайн “Тоёота Прадо” маркийн 78-99 УБЭ улсын дугаартай автомашиныг хариуцагч компанийн үйл ажиллагаанд ашиглаж байсан үйл баримт  гэрэл зураг, видео бичлэг зэрэг баримтуудаар тогтоогджээ./хх 126-127/

 

3.д. Мөн нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхээс шинжээчээр томилогдсон Г ХХК нь “Тоёото Прадо” маркийн автомашиныг ашигт малтмалын чиглэлийн компанид орон нутагт 2022 оны 5-10 дугаар саруудад хөлслөн ашиглах зах зээлийн үнэ ханшийг 2,740,000 төгрөг гэж дүгнэсэн байна./хх 88-96/

 

Иймд талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгүүд болон үзлэгийн тэмдэглэл, видео бичлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг харьцуулан дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасны дагуу “Тоёота Прадо” маркийн автомашиныг хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны дүгнэлт зөв байна.

 

4. Шүүхээс 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрч БНХАУ-ын иргэн Zhu Hongjian “...хэдэн удаа хөдөө явж бараа үзэх гэж цуг явж байсан. Өөрөөр бол ашиглаагүй” гэх мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нь “нэхэмжлэгчтэй автомашин ашиглах, нэг сарын 2,500,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэй гэрээ байгуулаагүй тул хөлс төлөх үүрэг хүлээгээгүй” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “3 сарын хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Иймд анхан шатны шүүхээс талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ амаар байгуулагдсан байх тул 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны сарын 2,500,000 төгрөг болох 7,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Мөн дээр дурдсан шүүхийн үзлэгээр тогтоогдсон 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд тогтмол бензин шатахуун авсан баримтуудыг нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд зориулагдаагүй гэх байдлаа хариуцагч нь нотлох баримт гаргаж мэтгэлцээгүй байх тул тухайн тээврийн хэрэгсэлд бүх шатахуун зориулагдаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Ө- нь хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг шаардах эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь хууль ёсны өмчлөгч биш, шаардах эрхгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/03373 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ