Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

    2019         01           03                                 2019/ШЦТ/59

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Ч.Батбаяр,   

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Шүүгдэгч Х.Т, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Тд холбогдох эрүүгийн 1806 07067 2092 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.Т,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, Хангамжийн 275 тоотод оршин суух хохирогч М.Сумъяагийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч "LITTLE SWAN-150" маркийн хөлдөөгч хулгайлж 275.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                         /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч Х.Т нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч М.Сумъяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

 2018 оны 08 сарын 21-ний өдрийн 12 цагийн орчим манай 14, 12 настай хоёр охин гэртээ очоод над руу утсаар яриад "гэрт хулгай орсон байна, хөлдөөгч байхгүй байна" гэж хэлэхээр нь би ирж үзээд зурагтны тавиурын зүүн талд байрлуулсан 2018 оны 03 сарын 31-ний өдөр "Арина" нэртэй цахилгаан барааны дэлгүүрээс авсан хөлдөөгч байхгүй болсон байхаар нь цагдаа дуудсан. Хөлдөөгчөө 349.999 тегрөгөөр худалдан авч байсан. Хөлдөөгчөөс өөр алдагдсан зүйл байхгүй. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирлоо бүрэн бүтэн хүлээж авсан, одоо гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 22 дугаар тал/,

 

Гэрч Г.Энхтөрийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 08 сарын 20-ны өдөр 18 цагийн үед эхнэр бид хоёр гэртээ ирэхэд манай хажуу талын хөрш айл хаалга үүд нь цоожтой байсан. Манай хажуу талын айл 7-8 хоног эзэнгүй байгаа. Тэгээд эхнэр бид хоёр 20 цагийн үед гараад айлд хонохоор явсан. Тэр үед манай эхнэр Энхцэцэгтэй хажуу айлын хүргэн Х.Т таарсан гэсэн. Хашаанд орж ирээд "Оюунаа" гэж орилсон гэсэн. Тэгээд гэр орныг нь эргэж тойрч байгаад явсан. Халаасандаа архи хийчихсэн согтуу байсан гэж эхнэр хэлсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,

 

Тод үнэлгээ ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 8/94 дугаартай:

Литтр свон маркийн дээрээ 1 хаалгатай хөлдөөгч 275.000 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 19 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Х.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Улаанбаатар хотод орж ирснээсээ хойш 2013 онд байхаа Оюун-Эрдэнэ гэдэг эмэгтэйтэй хөдөө айлын мал миаллаж байгаад танилцсан юм. Ингээд бид 2 хамтран амьдарч эхлсэн ба гэрлэлтийн баталгаагүй дундаасаа 1 хүүхэдтэй болсон. Оюун-Эрдэнэ бид 2 хүүхэдтэйгээ манай эгчийнд амьдарч байгаад 2018 оны хавар 61-ийн гарам руу айлын мал маллахаар болж 61-ийн гарамд үхрийн ферм дээр үхэр маллаж амьдарч байсан. Тэгээд би эхнэр хүүхдээ үлдээгээд хот руу орж барилгын ажил хийхээр яваад хотод 2 хоноопд Болороо эгчийнд байж байтал 2018 оны 08 сарын 21-ний өдөр Оюун-Эрдэнэ над руу утсаар яриад хүүхдийн бичиг баримт аваад Амгаланд Сумъяа эгчийнд хүрээд ир гэхээр нь би унааны мөнгө алга гэсэн чинь Оюун-Эрдэнэ намайг такси бариад хүрээд ир ирэхээр чинь би мөнгийг нь өгье гэхээр нь би 21 дүгээр хороололоос такси бариад Амгаланд Сумъяа эгчийнд иртэл гэрт нь хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд би Оюун-Эрдэнэ рүү залгахад утас нь холбогдохгүй таксины жолооч мөнгөө нэхээд байхаар нь би Сумъяа эгчийн гэрийн цоожийг эвдээд гэрийн зүүн хойд талд байсан цагаан өнгийн дотроо ямар нэг зүйлгүй хоосон байсан хөлдөөгчийг би ганцаараа өргөж гараад таксины жолоочид 20,000 төгрөгний тооцоонд өгөөд явуулчихсан юм. Би өөр ямар нэг эд зүйл аваагүй.

Гэрийн хаалгыг нь эвдэж ороод хөлдөөгчийг нь авч өгөөд явуулчихсан юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролоо барагдуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-09/

-хохирогч М.Сумъяагийн хохирол 275.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй гэх хүсэлт /хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Т иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч Х.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Т нь хүн байнга амьдрах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, тэрээр өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Т хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ХТыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Т нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ