Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00902/И |
Дугаар | 142/ШШ2016/00892 |
Огноо | 2016-06-24 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 142/ШШ2016/00892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23 тоот “Эрдэнэт-99” СӨХ-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-2 тоотод оршин суух, Мэргэн овгийн Янчивхүүгийн Норовцэрэн /ФА36030111/-д холбогдох
“Сууц өмчлөгчдийн холбооны мөнгө 684 620 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Равдан, хариуцагч Я.Норовцэрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэнчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Сууц өмчлөгч Я.Норовцэрэн нь Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн ашиглалт халаалт, халуун, цэвэр, бохир, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг төлбөрийг эрх бүхий мэргэжлийн байгууллагад ДӨЭХ-ын ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд тус тус төлнө” гэсэн заалт, Монгол Улсын Иргэний хуулийн 147.1, 148.2.3, 148.2.6 дахь заалтыг зөрчсөн СӨХ-ны ажил үйлчилгээ явуулах санхүүгийн чадамжгүй болгож байгаа тул 684 620 төгрөгийг гаргуулан өгч манай ажилд туслана уу гэжээ.
Хариуцагч Я.Норовцэрэн шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Оюут багийн 2-23-2 тоот байр нь ихэнх хугацаанд засвар үйлчилгээтэй, хаалттай байснаас гадна ашиглалтын цаг хугацаанд нь дулаан ус хангамжийн сүлжээтэй гэрээний дагуу төлбөрөө төлж ирсэн. Харин төлбөрийн баримтанд СӨХ гэдэг асуулт байдаг. Гэвч түүнд нь СӨХ энэ сүлжээтэй гэрээгүй учир огт төлбөр бичигддэггүй юм билээ. Гэтэл СӨХ төлбөрөө яаж авах ямар баримтаар хэд хичнээн төгрөг авч өгөлцөх нь түр орж ажиллаж байгаа хүмүүст ойлгомжгүй, энэ талаарх СӨХ ямар ч гэрээ хэлцэл хийгээгүйгээс гадна, байрны ашиглалт засвар үйлчилгээг нэг ч удаа шавар, шохой, гэрэл, чийдэн хийгээгүй атлаа учир зүггүй гэнэт бөөн төлбөр оногдуулан тавьж байгаа нь сонирхууштай. Бид энэ байранд дотор, гадна талын болон үүд хаалга гадна довжоо, явган хүний зам, шат зэргийг Капитал банкнаас 2 000 000 төгрөгний зээл өөрсдийн тэтгэврийн зээл зэрэг 4 000 000 төгрөгний засвар үйлчилгээ, цэцэрлэгийн тоног төхөөрөмж, эд аж ахуй авч байрны орчинд тохижуулсан зүлэгжүүлэх үүнийгээ байрны доторх тоолуурт усаар услаж ногоон байгууламжтай болгох гэж их ажилласан. Гэвч үүнийг дэвсгэр нутгийн СӨХ үнэлсэнгүй, машин тэрэг зогсоох байрлуулан хийсэн бүтээсэн ажлыг минь сүйтгээд шинээр хийсэн мод төмөр хайсуудыг эвдээд хулгайд алдагдсан тул СӨХ өөрсдөө засвар тохижилт хийгээгүй ажлаа бидэнтэй хамт байр ашиглах гэж байгаа хүмүүс сайхан санаа гарган хийсэн бүтээлийг СӨХ аваад хараа хяналт тавин ам хэлээ ололцон хамтарч ажилласан бол төлбөр бус их бүтээл гарна биз дээ. Бид энэ байрыг засаад орчин тойрныг нь хогноос нь салгаад оршин суугчдын дунд орос цэцэрлэг багш эд хогшил аваад ажил эхлэх үед СӨХ-ны зүгээс ямар ч засвар үйлчилгээ тусламж үзүүлээгүй. Харин ч бөөн төлбөрийг хуулийн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр тавьж байгаа нь хачирхалтай. СӨХ-ны захиргаа өөрийн газар нутаг дэвсгэр дээр цэцэрлэг ажиллуулах гэж байсан засварын эхний үед нь албан ёсоор уулзаж ярилцаад цэцэрлэг ажиллуулж байгаад худлаа ч гэсэн баяр хүргээд төлбөрөө хаалттай, засвартай байсан өдрүүдийг ялган салгаад юуг нь айл өрхөөр, юуг нь аж ахуй нэгжээр бол гэрээгээр эсвэл ус хангамжийн сүлжээнд эсвэл СӨХ-рөө бэлнээр авах юм бол ядаж ам хэлээрээ хүн ёс жудаггүйгээр бөөн мөнгө авна гэж бодсон юм биш гэж үү. Надаас 1, 2 удаа утсаар нэхээд байхаар нь би Равдан даргын өрөөнд нь очоод өмнөх саруудын төлбөрийг төлж чадахгүй. Учир нь орсон гарсан түр зуур хэд хоногоор ажиллаад байсан хүмүүстэй байгаа үед нь танайх хэл амаа ололцоод тооцоо хийгээгүй хүмүүстэй би хөөцөлдөөд төлбөрийг олж өгнө гэдэг худлаа гэдгээ хэлж тохиролцоод 2015 оны сүүлийн 4 сарын мөнгийг хэлснээр нь өөрт нь өгөөд надад эргэх бичиг өгөөгүй юм. Тэр үед би төлбөрөө бөөгнүүлж авах гээд байгаа учрыг ойлгосон юм. СӨХ-г танайх гэрээ хийгээд төлбөрөө тохиролцож авах нь зүйтэй гэдгийг хэлсэн чинь харин манайд гэрээний маягт байдаггүй юм гэдэг байгаа даа. Хэн эднийд гэрээний маягт хийж өгөх юм билээ дээ. Харин би үүнээс санаа аваад өөрийн гэрээний маягтандаа нэмэлт нөхцөл гэж оруулаад ажиллаж байгаа хүмүүсийг СӨХ-той тооцоог хийнэ гэдэг баталгааг оруулж өгсөн. Төлбөрөө хоорондоо зохицох ёстой. СӨХ-ны захиргаа гэрээ байхгүй гээд суугаад баталгаажуулалт хийхгүй байгаа нь СӨХ-ны зохион байгуулалт менежмент муутай холбоотой. Иймд хариуцлагаа өөрсдөө хүлээх ёстой. Ямар ч амаар болон бичгээр хэлцэл хийгээгүй. Сар бүрийн тооцоог хаана тушаах нь тодорхойгүй. Хэд хичнээн төгрөг тушаах нь тодорхойгүй. Сар бүрд нь асуудлыг хөөцөлдөөд шийдвэрлээгүй. Гэрээг үзээд СӨХ-ны талаар ямар гэрээ нь юу гэж тусгасан байна. Хэн хариуцах төлбөр төлөхийг тооцоолох. Хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. Миний хувьд төлбөр төлөх чадвар боломжгүй учир нь банкинд бас тэтгэврийн зээлтэй. Хань хөгшин маань хорт хавдарын улмаас хавдарын эмнэлэг Солонгосын Сонгдо зэрэг эмнэлгүүдэд эмчлүүлэх олон дахин хагалгаа хийлгээд хэвтэрт байдаг. Ямар сайндаа л орон сууцаа түрээслэж эм тарианы мөнгө дутуу хагас олж байгаа хөгшчүүд юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ нь Я.Норовцэрэнд холбогдуулан “684 620 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байх ба дээрх хуулийн дагуу “Эрдэнэт-99” СӨХ нь Я.Норовцэрэнгээс шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасны дагуу орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг сар бүр төлж оролцох үүргээ хариуцагч 2010 оноос хойш 2016 оны 04 дүгээр сарын дуустал хугацаанд төлөөгүй болох нь зохигчдын тайлбаруудаар нотлогдсон.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: “Эрдэнэт-99” СӨХ-г гэрээ хийгээгүй... гэж мэтгэлцсэн ч энэ нь татгалзах үндэслэл болохгүй байна.
Хуульд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй нь тус байрны бусад сууц өмчлөгчдийн эрх ашгийг хөндөж байх тул хариуцагчаас төлөх үүрэг бүхий зардал 300 920 төгрөгийг гаргуулан “Эрдэнэт-99” СӨХ-нд олгож, нэхэмжлэлээс 383 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын 2010 оны 01 дүгээр сараас 2013 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөр нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 буюу “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдох шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр /нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх тул энэ хугацаагаар тасалбар болгон/ нэхэмжлэлийн шаардлагаас 383 700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон болно.
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарласан 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 12 дугаар сарын мөнгийг төлсөн, 20 000 төгрөг бэлнээр өгсөн гэсэн тул хасаж тооцон нийт 300 920 төгрөгийг гаргуулсан.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэргийн 12 дугаар хуудас дахь түрээсийн гэрээний загвар нь энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүнэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч Я.Норовцэрэнгээс 300 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт-99” СӨХ-нд олгож,, нэхэмжлэлээс үлдэх 383 700 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 20 981 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 12 161 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА