| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0020/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2019-01-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 60
2019 01 03 60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Г.Эрдэнэ,
шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өлзийт овогт Т.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 06353 2182 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 90Г дүгээр байрны 144 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Өлзийт овгийн Т.Х, регистрийн дугаар УГ87032506.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Х нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар байрны 6 дугаар орцны подвалд хохирогч Э.Золзаяатай маргалдаж улмаар духыг нь шилээр зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Т.Х нь хохирогч Э.Золзаяагийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би найз залуу Н.Ганбаяртай явж байтал найз Т.Х залгаад найз залуу Намбаатайгаа хамт ирсэн. Тэгээд Т.Х, Намбаа, Н.Ганбаяр бид нар Офицеруудын ордны ойролцоо “Генерал” гэх нэртэй бааранд орж сууж байгаад тухайн шөнө Т.Хгэрт очиж хоноцгоосон. Тэдний гэр нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 26 дугаар байрны 6 дугаар орцны подвалд байрладаг. Бид нар 2 шил архи хувааж ууж, хоол хийж идчихээд өдөр дахиад 1 шил архи авч уугаад орой 21 цагийн үед Т.Х уусан архиныхаа шилийг барьж аваад хананд цохиж хагалж байгаад хагархай шилээрээ миний дух руу нэг удаа цохисон. Тухайн үед Н.Ганбаяр, Намбаа нар унтаж байсан. Толинд би духаа хартал арьс нь унжаад ороод ирсэн байсан. Тэгээд Н.Ганбаяр бид хоёр гэмтлийн эмнэлэгт очоод оёдол тавиулсан. Харин Т.Хг цагдаа нар эрүүлжүүлэх рүү авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
Гэрч Н.Ганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Унтаж байхад гэнэт хэрүүл шуугиан, орилоон болохоор би сэрээд хартал ханан дээр цус болсон. Э.Золзаяаруу харахад духны арьс унжсан байсан. Би эхэлж сэрээд хэрүүл шуугиан болоод байсан болохоор Намбааг дуудаж татаж сэрээсэн. Бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Намбаа бид 2 унтаж байсан. Харин тэр 2 юунаас болж маргалдсаныг огт мэдэхгүй. Унтаж байхад л маргалдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 10898 дугаартай:
Э.Золзаяагийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх сорви гэмтэл нь цаг хугацааны хувьд хэдийд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15 тал/,
Шүүгдэгч Т.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би Э.Золзаяатай хамт архи уугаад сууж байгаад найз залуучуудаасаа болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Маргалдаад байж байхад Э.Золзаяа надаас хэрэв энэ хоёр зодолдвол чи хэнийх нь талд орох вэ гэж асуусан. Би мэдээж найз залуугийнхаа талд орно гэж хариу хэлэхэд Э.Золзаяа би ч бас найз залуугийнхаа талд ороод чамайг зодно гэж хэлсэн. Би согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учир түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Тухайн үед Э.Золзаяа цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг цагдаа орж ирээд эрүүлжүүлэх байр руу авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6 тал/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Хгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 21 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 22 тал/, шүүгдэгчийн хохирол төлбөр хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 39 тал/, хохирогчийн хохирол төлбөр хүлээн авсан баримт /хх-ийн 40 тал/, хохирогчийн хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх-ийн 47 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.Хгийн иргэн Э.Золзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусах хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол үүсч байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч Э.Золзаяа нь “шүүгдэгч Т.Хгаас 610.000 төгрөг хүлээж авлаа, өмнө нь манай эгч болох Ариунсанаад 400.000 төгрөг өгсөн билээ” гэх баримт авагдсан бөгөөд хохиролын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өлзийт овогт Т.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Хд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ