Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/00879

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 10-107 тоотод оршин суух, Гара овгийн Лхайсүрэнгийн Мягмаржав /ПМ65070605/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 22-19 тоотод оршин суух, Боржигин овгийн Дайрийгийн Одгэрэл /ФБ71012800/-д холбогдох

“520 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Мягмаржав, нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн Одгэрэл нь 2015 оны 05 сараас эхлэн надаас үхэр, хонины мах увуулж цувуулж авсаар байгаад нийт 520 000 төгрөгний мах аваад одоо болтол нэг ч төгрөг өгөхгүй худал ярьж тэдийн өгнө эдийд өгнө дараа өгнө гэх мэт худал ярьж баригдахгүй зугтсан энэ тэнд нууж хаягаа худал өгч өдий хүрсэн. Мөнгө төгрөгөө нэхэхээр дан дараа өгнө гэж үргэлж худал ярьсаар өнөөдрийг хүрлээ. Аргаа бараад ажил дээр нь очсон боловч мөнгөө авчихсан байдаг. Иймд миний махны мөнгийг энэ авгайгаас гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д.Одгэрэл би уг махны ченж Мягмар, Отгон хоёроос ярилцаж тохиролцсоны үндсэн дээр мах зээл авсан нь үнэн. Гэхдээ 60 000 төгрөгөөр нэг авсан сүүлийн бөгөөд эхний авсан мах нийт 530 000 төгрөг болсон гэж байна. Би үүнийг 6, 7, 8 сарын хооронд л төлж дуусгана. Ганцаараа ажилладаг өрх толгойлсон эх. Энд тэнд барилга дээр ажилладаг боловч зарим газар мөнгөө өгөхгүй хүнд байна. Гэхдээ би бусад хүмүүст жижиг сажиг өртэй ч би дуусгана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Мягмаржав нь хариуцагч Д.Одгэрэлд холбогдуулан “520 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.Мягмаржавын нэхэмжлэлийн шаардлага болох 520 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл нь 2016 оны 06, 07, 08 дугаар саруудад төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Мягмаржавын нэхэмжилсэн 520 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 16 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8 275 төгрөг, төрийн сангаас 8 275 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Мягмаржавт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ХИШИГДАВАА