| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1680/Э |
| Дугаар | 1735 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706 0358 61466 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Д, 1979 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, зүүн сэлбэ 4 дүгээр гудамж 18 тоотод оршин сууж байгаа, урьд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн боловч, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн "Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорьны 7-41 б тоотод оршин суух иргэн Д.Цоожийн өвлийн сууцны цонхыг хагалан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүүхдийн "Hasbo" унадаг дугуй, MNBC иж бүрэн хүлээн авагч, "Samsung" маркын 14 инчийн зурагт, "Samsung" S-7 rap утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 437.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.
Хохирогч Д.Цоож мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сараас хойш гэртээ ирэн очин байгаа ба одоо хотод Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаан-Хуарангийн 1-8 тоотод ээжийндээ байгаа юм. Хамгийн сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ ирж бичиг баримт аваад явахад гэрийн хаалга цонх бүрэн бүтэн байсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21 цагт гэртээ ирэхэд гал тогооны өрөөний цонхны салхивч хагарсан том өрөөний цонхны салхивч онгорхой байсан ба гэрээс 14 инчийн шарп маркийн хуучин цагийн дөрвөлжин зурагт, хүүхдийн унадаг дугуй, 8 тахилтай 2x3 метр хэмжээтэй хивс, доогуураа хар канттай цагаан өнгийн тень, хананы цаг зэрэг эд зүйл алга болсон байсан. . . Манай тень гудамжны доод үзүүрт түлээ нүүрс зардаг газар байсан ба манай хойд талын гудамжинд байдаг хүн 20.000 төгрөгөөр зарсан гэж байсан. Гэрийг нь заалгасан ба танихгүй айл байсан. Тэр айлын хүнийг сэжиглэж байна. " гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/.
Гэрч Б.Уранбайгаль мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ". . .Би урьд өмнө ээжээс Б.Д ахыг хулгай хийсэн гэж сонсож байсан. Гэхдээ юмыг нь буцаагаад өгчихсөн гэж байсан юм. Одоо манай гэрт надтай байдаг." гэх мэдүүлэг. /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Эд хөрөнгийн үнэлгээний "Damno" ХХК-ний 2017 оны 12 дугаар сарын "Хөрөнгийн үнэлгээний тайлан"-н дүгнэлт: "Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 437.000 /дөрвөн зуун гучин долоон мянган төгрөг/-өөр үнэлэгдэв." гэх тайлан. /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Яллагдагч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 23 цагийн орчим манайхаас ертөнцийн зүгээр хойд талд 2 гудамжны цаад талд гэрэл нь унтраастай эзэнгүй айлын хашаа руу давж ороод байшингийн баруун талын жижиг вакум цонхыг алхаар хагалж онгойлгоод гэрт нь орж зурагтыг нь том өрөөний цонхоор гаргасан. Дараа нь хуйлчихсан хивсэнцэр, хүүхдийн ягаан өнгөтэй унадаг дугуй, MNBC олон сувгийн антен, цагаан өнгийн тень, хөхөөтэй цагийг гаргасан. Тэгээд би гэр рүүгээ эхлээд зурагт, олон сувгийн антень, хөхөөтэй цагийг хашаан дотроо оруулж тавиад дахиж яваад хивсэнцэр, хүүхдийн унадаг дугуйг авааиж тавьчихаад буцаж ирээд тенийг авсан. Тэгээд би бүгдийг нь гэртээ оруулж тавиад амарсан. Би маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ өнжөөд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тенийг нь 14 цагийн орчим нүүрс зардаг цэгийг ажиллуулдаг ахад 20.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би 2 шуудай нүүрс, 0.75 граммтай "Нутаг" гэдэг архи, хоолны мах аваад харьсан. ." гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ногоон зоорьны 7-416 тоотод оршин суух иргэн Д.Цоожийн өвлийн сууцны цонхыг хагалан, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүүхдийн "Hasbo" унадаг дугуй, MNBC иж бүрэн хүлээн авагч, "Samsung" маркын 14 инчийн зурагт, "Samsung" S-7 rap утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хуулт бусаар авч бусдад 437.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Шүүгдэгч Б.Д нь учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Д-т ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Д-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл нарт Б.Д-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР