Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/00878

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 50-08 тоотод оришин суух, Шарга овгийн Оросоогийн Хатанбаатар /ГМ59090317/-ийн хүсэлттэй

"Ажиллаж байсан байдлаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Хатанбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Хатанбаатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Оросоо овогтой Хатанбаатар 1984 онд анх Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор ороод 1995 онд татан буугдтал ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь 1990 онд “Өгөөмөр” ХХК болсон. Иймд 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс  1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр суман дахь “Өгөөмөр” ХХК-д тракторчиноор ажиллаж байсан бөгөөд нийгмийн даатгалын дэвтэрт тамга дарагдаагүй, одоогоор уг компани тарж үгүй болсон тул энэ хугацааны ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ. 

Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Оросоогийн Хатанбаатар нь шүүхэд хандан “1992 оны 01 дүгээр сарын 01-нээс  1994 оны 12 дугаар сарын 31 хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр суман дахь “Өгөөмөр” ХХК-д тракторчиноор ажиллаж байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.

О.Хатанбаатар нь дээрх хугацаанд Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Өгөөмөр” ХХК-д тракторчиноор ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Булган аймгийн Архивын тасгийн О.Хатанбаатарын 1991-1993 оны тракторын жолоочоор ажиллаж байхдаа авсан цалингийн талаарх лавлагаа зэргээр нотлогдож байна.

Иймд Оросоогийн Хатанбаатарыг 1992 оны 01 дүгээр сарын 01-нй өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Өгөөмөр” ХХК-д тракторчиноор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                              

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарга овгийн Оросоогийн Хатанбаатар /ГМ59090317/-ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-нй өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “Өгөөмөр” ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА