Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2023/00026

 

 Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч О.Баатарсүх, Ерөнхий шүүгч Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 05-ны өдрийн 138/ШШ2023/00717 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

Шинжээчийн зардалд төлсөн 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч В.Даваанямын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаяраас ...******* ХХК нь Хэрлэн сумын 5 дугаар багийн нутаг Зүүн өлзийт уул гэх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 сарын 31-нд 3 жилийн хугацаатай авсан бөгөөд 2021 оны 05 сарын 31-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа зөвшөөрөлгүй барилгын чулуу олборлох үйл ажиллагаа явуулсныг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зогсоосон боловч өнөөдрийг хүртэл байгалийн чулуу олборлох, бутлах үйл ажиллагаа явуулж хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсаар байна гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг тус аймаг дахь Цагдаагийн газарт гаргасныг хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлснийг Прокурорын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн №78 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, харин зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн хэргийг хааж, уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0218692 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрт 59 050 835 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Тухайн шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоосон тохиолдолд түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг үндэслэн гаргуулахаар заасан бөгөөд Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь ******* ХХК-ийн хууль бус үйлдлээс байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг гаргуулахаар Нуман алтай ХХК-д 8 000 000 төгрөгийг төлсөн. Энэхүү зардлыг ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч Н.Төмөрчөдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* ХХК 2009 онд байгуулагдсан. Барилгын элс, барилгын чулуу олборлох тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Ганбаяраас гаргасан гомдлын дагуу Цагдаагийн газраас шалгасан. Шалгах явцдаа Нуман алтай ХХК-г шинжээчээр оролцуулсан байдаг. Тухайн үед Цагдаагийн газраас шинжээч томилсон талаараа манай компанид мэдэгдээгүй. Шинжээч нь тухайн газар дээр очиж үзэхгүйгээр өөрсдөө дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс манай компанийн зүгээс үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар Цагдаагийн газар нь 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

3. Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол зүйл нь Цагдаагийн газраас Нуман алтай ХХК-д төлсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг ******* ХХК төлөх ёстой байсан, төлүүлнэ гэж байгаа. Сая шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нэхэмжлэх нь Нуман алтай ХХК-аас ирүүлсэн баримт байгаа. Төлбөрийн хүсэлтийн тухайд ийм байдлаар гүйлгээ хийе гэсэн төрийн байгууллагын шийдвэр болохоос биш яг Нуман алтай ХХК-ийн дансанд мөнгө орсон гэдгийг нотолж чадахгүй баримт байна. Тэгэхээр ******* ХХК нь сүүлд тус компанид төлөх үүрэг үүсэх ч юм уу, ийм байдлаар дараа нь маргаан үүсэх эрсдэл болно гэж харж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулж өгөхөөр зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь хуулийн энэ шаардлагыг хангахгүй байна. Баримтуудыг байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэгтэйгээр ирүүлсэн байгаа нь эдгээр баримтыг үнэлэхэд учир дутагдалтай байна. Нотлох баримтын шаардлага хангаж байж энэ төлбөрийг ******* ХХК төлөх эсэх асуудал яригдана гэж үзэж байна. Тиймээс эдгээр шаардлага хангаагүй баримтыг үндэслэж дээрх төлбөрийг ******* ХХК-д хариуцуулах боломжгүй гэж үзэж байна. гэжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 7 сарын 05-ны өдрийн 138/ШШ2023/00717 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.1, 5-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шинжээчийн зардалд 8 000 000 /найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж,... шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль бус бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж буй үндэслэлээ Цагдаагийн байгууллагаас ******* ХХК-ийг хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, ашиглаж байгаа эсэх талаар шалгах явцад Нуман алтай гэх компанийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан байсан. ******* ХХК-ийн захирал Н.Төмөрчөдөр нь тус шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлтийг хэргийг шалгаж байсан мөрдөгчид гаргасан. Тус хүсэлтэд эрх ашиг нь хөндөгдөж буй ******* ХХК-ийн төлөөллүүдийг дуудан оролцуулж, тайлбар авалгүйгээр ******* ХХК-ийн ухаж, ашиглаагүй эвдэрсэн нүх зэргийг шинжээчийн дүгнэлтэд оруулан тооцсон тул дахин дүгнэлтэд компанийн төлөөллийг оролцуулах талаар хүсэлтээ хэлж байсан. Гэвч дахин дүгнэлтэд ******* ХХК-ийн төлөөллийг оролцуулж тайлбар авалгүй дүгнэлт гаргасан гэж тодорхойлдог.

Хэргийн материалтай танилцахад цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудад 8 сая төгрөгийг цагдаагийн байгууллагаас Нуман алтай ХХКомпанид шилжүүлсэн талаар нотлох баримт байхгүй, зөвхөн төлбөрийн хүсэлт нэхэмжлэхүүд авагдсан байдаг. Мөн цагдаагийн байгууллагаас ирүүлсэн баримтууд нь эх хувиараа бус, нотариатын баталгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолд ерөнхийдөө нэхэмжилж байгаа баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу эх хувь эсвэл нотариатаар баталгаажуулсан хуулбарыг нотлох баримтаар үзнэ гэсэн хуулийн заалтыг хангаагүй гэж үзсэн байсан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар төрийн байгууллагын баримтыг хуулбар үнэн тамгатай баталгаажуулж болдог байгаа. Цагдаагийн газраас гаргасан нотлох баримт бүрт хуулбар үнэн дардас дарсан байдаг. Тиймээс нотлох баримтын шаардлага хангасан баримт байх ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тиймээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгч В.Даваанямын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн зардалд төлсөн 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... Цагдаагийн газар нь шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа манай компанийн эрх бүхий этгээдийг оролцуулаагүй, тайлбар аваагүй. Мөн Цагдаагийн газраас шинжээчийн зардалд төлсөн 8 сая төгрөг Нуман Алтай ХХК-ийн дансанд орсон гэх баримт байхгүй, төлбөрийн нэхэмжлэх гэх баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй баримтууд байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. ... гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу тус компанийг хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, ашиглаж байгаа эсэх талаар шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлснийг Прокурорын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн №78 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй, харин зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн хэргийг хааж, уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 3-5/

5. Дорнод аймгийн Хэрлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран нь 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 0218692 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрт 59 050 835 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн, уг шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 13 дугаартай захирамжаар баталгаажуулж шийдвэрлэжээ. /хх 61-63/

6. Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ХХК-ийн хууль бус үйлдлээс байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг гаргуулахаар Нуман алтай ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан, уг дүгнэлтийг ******* ХХК эс зөвшөөрч дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулжээ. /хх 12-60/

7. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ шинжээчийн зардалд гарсан 8 000 000 төгрөгийг төлсөн гэж Нуман алтай ХХК-ийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн №54 тоот, 2022 оны 3 сарын 2-ны өдрийн 3 000 000 төгрөгийн №6 тоот төлбөрийн нэхэмжлэхүүд /хх 9,11/, Цагдаагийн газраас Нуман алтай ХХК-ийн дансанд 2 499 900 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 сарын 30-ны өдрийн №130 тоот, 500 100 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 4 сарын 28-ны өдрийн №163 тоот, 5 000 000 төгрөг шилжүүлсэн тухай 2021 оны 10 сарын 14-ний өдрийн №477 тоот төлбөрийн хүсэлтүүд /хх 7-8,10/ гэсэн баримтуудын хуулбарыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж нотлох баримтаар хавсарган ирүүлжээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй бичмэл нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөхдөө хуульд заасан шаардлагыг хангаж ирүүлээгүй байхад дээрх баримтуудын хуулбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасантай нийцээгүй байна.

9. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. ... гэж, 44 дүгээр зүйлийн 44.4-т Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. гэж тус тус заасан.

 Хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогч буюу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч ... хамаарахгүй юм.

Тухайлбал, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээд өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх боломжгүй юм.

10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бичмэл баримтын хуулбарын жинхэнэ эхийг шаардан авах байтал уг ажиллагааг явуулалгүйгээр хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үндэслэл болгон хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

11. Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх дээрх алдааг засах боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын ... анхан шатны шүүх хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэх хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 05-ны өдрийн 138/ШШ2023/00717 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч В.Даваанямын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Г.УРТНАСАН