Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00011

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоол болон Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, Улаан-Уул сумын Засаг даргад Б.Хандармааг дэмжсэн 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргаар томилуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Б.Хандармаагийн “Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг илт хууль бусад тооцуулах, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гаргасан хуралдааны дэгэд Засаг даргад нэр дэвшигчийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Улаан-Уул сумын Засаг даргад Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармаад өгсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргаар томилуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сонгогдсон тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг илт хууль бусад тооцуулах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Улаан-Уул сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Жанцанхорлоо, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Хандармаа нарын өмгөөлөгч Б.Отгонцэцэг, хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бүрэнчөдөр, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Хандармаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаяр, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Улаан-Уул сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Жанцанхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 11 цагт эхэлсэн. ... Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж Монгол ардын намаас Б.Хандармаа, Ардчилсан намаас Н.Батбаяр нарын нэр дэвшиж, төлөөлөгчдийн олонхын саналаар санал хураалтыг нууцаар явуулахаар шийдвэрлэсэн. Хоёр нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуй дүрсэнд багтаан зөвлөх тэмдэглэгээгээр санал тэмдэглэхээр болсон. Ингээд санал хураалт явуулан дүнг нэгтгэхэд Монгол ардын намаас нэр дэвшсэн Б.Хандармаа 11 санал, Ардчилсан намаас нэр дэвшсэн Н.Батбаяр 10 санал авсан байсан. Гэтэл Ардчилсан намын зүгээс Б.Хандармаад өгсөн 2 санал тэмдэглэсэн хуудсыг хүчингүй тэмдэглэл хийсэн гэж маргасан. Тэр хоёр тэмдэглэгээ хоёулаа дугуй дотроо зөвлөсөн тэмдэглэгээ байсан. Удаан маргасны эцэст нэг тэмдэглэгээг тооцож, нөгөө тэмдэглэгээг хүчингүй гэж Ардчилсан намын бүлэг зүтгэж, тооллогын комиссын тогтоолд гарын үсэг зураагүй. Тооллогын комисс Б.Хандармаа 11 санал,  Н.Батбаяр 10 санал авсан тухай тогтоолоо уншиж танилцуулаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өгсөн.

Гэтэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгох санал хураалгаагүй ба Ардчилсан намын зүгээс дахин санал хураана гэж санал оруулсныг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга хүлээн авч, 11 төлөөлөгчид хүчээр гар өргөж, дахин санал хураалт явуулсан.

Дахин санал хураалтыг явуулахдаа илээр санал хураасан. Нэгэнт Засаг даргад нэр дэвшигчийн төлөө санал хураалтыг нууцаар явуулахаар шийдвэрлэчихээд үүнийгээ зөрчиж, Монгол ардын намын төлөөлөгчдийг оролцуулалгүйгээр илээр санал хурааж, Н.Батбаярт 11 төлөөлөгч санал өгснөөр тооцож, Н.Батбаярыг Улаан-Уул сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг гаргасан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хуралдаан даргалахдаа гаргасан хууль зөрчсөн үйлдлээс болоод нам эвслийн төлөөллийн эрх ашиг зөрчигдөж, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармаагийн төлөө өгсөн 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх боломжгүй боллоо.

Иймд Улаан-Уул сумын Монгол ардын намын хорооноос сумын Засаг даргад Н.Батбаярыг нэр дэвшүүлсэн 06 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй ба уг тогтоолыг хүчингүй болгож, Б.Хандармаад өгсөн 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргад нэр дэвшүүлэхийг даалгаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Жанцанхорлоо 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж байна. Тодруулбал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 06 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцуулах, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармаад өгсөн 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргаар томилуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад уламжлан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, мөн хуралдаанаас сонгогдсон тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг илт хууль бусад тооцуулахыг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Монгол ардын намын хорооны дарга Д.Жанцанхорлоо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж байна. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны Засаг даргад нэр дэвшүүлэх тухай 06 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармаад өгсөн 11 төлөөлөгчийн саналын баталгаажуулах, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргаар томилуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, мөн хуралдаанаас сонгогдсон тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүсэж байна. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тооллогын комиссын 03 дугаартай тогтоолыг албан ёсоор уншиж танилцуулаагүй, харин тооллогын комиссын гишүүн Д.Амаржаргал бид хоёр сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа олонхийн санал авсан тухай тогтоолыг албан ёсоор уншиж танилцуулаад Хурлын дарга Б.Бүрэнчөдөрт өгсөн. Гэрч Д.Даваахүүгийн мэдүүлэгт байгаа зарим зүйл худлаа байна. Сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа нэрээ татаж нэр дэвшихээ болилоо гэж хэлсэн зүйл байхгүй.” гэв.

Гуравдагч этгээд Б.Хандармаа, түүний өмгөөлөгч Б.Отгонцэцэг нар бие даасан шаардлагадаа болон шүүх, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж уг хуралдаанаас тус Улаан-Уул сумын Хурлын дарга, сумын Засаг даргад Хурал дахь намын бүлгүүд тус тус нэр дэвшигчээ дэвшүүлсэн бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улаан-Уул сумын Засаг даргад миний нэрийг дэвшүүлж, Ардчилсан намын бүлгээс Н.Батбаярын нэрийг дэвшүүлж нууцаар санал хураалт явуулсан. Санал хураалт явагдаж дуусахад тооллогын комиссынхон саналын хайрцгийг нээхэд саналын хайрцагнаас нийт 21 саналын хуудас гарч ирсний 11 саналын хуудас нь Монгол ардын намын бүлгээс нэр дэвшсэн Б.Хандармаа надад санал өгсөн, харин Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаярт 10 төлөөлөгч санал өгсөн байсан.

Хуралдаанаас тооллогын комиссын гишүүнд 2 намаас тус бүр хоёр хоёр хүн сонгосон тул асуудлыг олонхиор шийдвэрлэх боломжгүй асуудал бүр дээр хоёр хоёроороо санал хуваагдаж байсан. Гэтэл тооллогын комиссын гишүүд нь надад өгсөн 1 саналын хуудсыг хүчингүй гэж үзэж Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаяр бид хоёрын авсан саналын тоо тэнцсэн гэж үзсэнээр дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэж, тооллогын комиссын 03 дугаартай тогтоол гаргаж, уг тогтоолд тооллогын комиссын 4 гишүүний 2 нь буюу Ардчилсан намаас тооллогын комисст сонгогдсон 2 гишүүн нь гарын үсэг зурсан.

Энэ үед Монгол ардын намын бүлгийн дарга Д.Жанцанхорлоо нь надад өгсөн саналын хуудсыг тооллогын комисс хүчингүйд тооцсон нь хууль бус тул Монгол ардын намын төлөөлөгчид дахин санал хураалтад оролцохгүй гэж хэлсэн. Гэтэл Хурлын дарга энэхүү саналыг хүлээн авах эсэх талаар хэлэлцэж санал хураахгүйгээр үл тоож, хуралдааныг үргэлжлүүлж, дахин санал хураалт явуулахдаа төлөөлөгчдийн гарыг илээр өргүүлэх журмаар санал хураалт явуулахад Монгол ардын намын төлөөлөгчид зөвшөөрөхгүй гээд гар өргөөгүй. Гэтэл Хурлын дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэсэн заалтыг үндэслэн санал хураалтад оролцоогүй 10 төлөөлөгчийг эсрэг санал өгсөнд тооцож илээр санал өгсөн 11 төлөөлөгчийн саналаар Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаярыг 52,4 хувийн буюу 11 төлөөлөгчийн санал авсан гэж үзэн шийдвэр гаргасан. Уг тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоол болон 03 дугаартай тогтоолуудад тооллогын комиссын 4 гишүүнээс 2 нь гарын үсэг зурсан, тооллогын комиссын дарга гэж байхгүй учраас уг Хурлаас гарч буй тооллогын комиссын тогтоол нь илт хууль бус бөгөөд гуравдагч этгээд миний сумын Засаг даргад сонгогдох хууль ёсны эрхийг зөрчиж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тооллогын комиссын 03 дугаартай тогтоолыг албан ёсоор уншиж танилцуулаагүй.

Түүнчлэн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх” тухай 06 дугаар тогтоол нь тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг үндэслэсэн бөгөөд энэхүү тооллогын комиссын тогтоол илт хууль бус тул хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд гуравдагч этгээд Б.Хандармаа миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг илт хууль бусад тооцож, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаас төлөөлөгчдийн олонхийн саналаар батлан тогтоосон “Засаг даргад нэр дэвшигчийг нууц санал хураалтаар шийдвэрлэнэ” гэсэн дэгийн дагуу Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны нууц санал хураалтаар Хурлын төлөөлөгчдийн олонхийн санал авсан Монгол ардын намаас Улаан-Уул сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа миний 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулж, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргаар томилуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сонгогдсон тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дугаартай тогтоолуудыг илт хууль бусад тооцож өгнө үү. Илт хууль бус захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй учраас бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа болон Хурлын дарга Б.Бүрэнчөдөр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор сумын Засаг даргыг нэр дэвшүүлэх, түүнийг сонгох санал хураалтын үйл ажиллагаа эхлэх болсон тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зүгээс дахин санал өгөхөд анхаарах тэр дундаа зөв тэмдэгээ дугуйгаас илүү гаргахгүй, бусад үсэг болон үл танигдах тэмдэг шиг хийхгүй байх талаар хэрэв ийм зөрчил гаргавал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон процесс шиг санал хүчингүй болох талаар тайлбарыг жишээ аван хэлж,  нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Нууц санал хураалтыг явуулж дүнг тооцоход нууцаар өгсөн саналын хуудаснаас хүчинтэй 19 хуудас, хүчингүй 2 хуудас гарч ирсэн тул хүчингүй хуудсыг шалгаж үзэхэд нэг нь ташуу зураас татсан, нэг нь дармал ү үсэг шиг үл танигдах тэмдэг байсан тул Хурлын даргын зүгээс нэгийг нь хүчинтэйд нөгөөг нь хүчингүй хэмээн үзэж Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаярт 10 санал, Б.Хандармаад 10 санал болсон тул хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн, мөн нөгөө талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нийт төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн санал аваагүй гэдэг үндэслэлээр дахин санал хураалтыг явуулахаар төлөөлөгч нараас санал авч нийт төлөөлөгчийн 14 төлөөлөгч буюу 66.6 хувиар дахин санал хураалтыг явуулах шийд гарсан.

Дахин санал хураалт явуулахаар саналын хуудсыг хэвлэж эхлэнгүүт Монгол ардын намын бүлэг гэнэт завсарлага авахаар болж 30 минут завсарлаад орж ирсэн. Дахин санал хураалтын саналын хуудсыг хэвлээд эхэлж Хурлын дарга Б.Бүрэнчөдөр саналаа өгсний дараа дараагийн төлөөлөгч нууцаар санал өгөх гээд очиход Монгол ардын намын бүлгийн дарга Д.Жанцанхорлоо саналын хуудсыг булаан авч Хурлын үйл ажиллагааг үймүүлж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь заалтыг зөрчиж санал өгөх үйл ажиллагааг хүчээр зогсоосон.

Монгол ардын намаас санал хураалтад оролцохгүй, мөн Хурлын үйл ажиллагаа буюу санал өгөх процессийг зогсоож нууцаар өгөх саналын хуудсыг булаагаад, Монгол ардын намаас нэр дэвшигчээ дахин санал хураалтад оролцуулахгүй гэсэн тул нийт төлөөлөгчийн олонхийн саналаар Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаяр, Ардчилсан намын бүлэг дахин санал хураалтад оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т заасны дагуу нэг нэр дэвшигчийн төлөө илээр санал  хураахаар нийт төлөөлөгчийн 52.4 хувь буюу олонхийн шийдвэрээр баталсан. Ийнхүү илээр санал хураахад Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаяр нийт төлөөлөгчийн 11 төлөөлөгчийн санал авсан ба Монгол ардын намын бүлэг санал хураалтад оролцоогүй тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх заалтыг үндэслэн эсрэг санал өгсөн хэмээн үзэж нийт төлөөлөгчдийн 50-аас дээш хувийн санал авсан Н.Батбаярыг Засаг даргад нэр дэвшүүлэх тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар  хуралдааны 06 тоот тогтоолыг гаргаж баталсан.

Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааны тооллогын комиссыг Ардчилсан намын 2, Монгол ардын намын 2 төлөөлөгч, нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тооллогын комиссын дарга сонгоогүй. Сумын Засаг даргад Ардчилсан намаас Н.Батбаяр, Монгол ардын намаас Б.Хандармаа нар нэр дэвшиж, төлөөлөгчид нууцаар санал хураалгасны дараа тооллогын комиссын гишүүд хоёр хоёроороо санал зөрөлдөж, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй учраас Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Тавдугаар зүйлийн 6-д зааснаар Хурлын дарга миний бие маргаан бүхий асуудлыг шийдэж, нэр дэвшигч нарын санал тэнцсэн байна гэсэн шийдвэр гаргасан. Үүнийг үндэслээд тооллогын комиссын гишүүн Д.Даваахүү, Ц.Цогбаяр нар 03 дугаартай тогтоол гаргаж өгсөн. Энэ тогтоолыг Хурлын хуралдаанд уншиж танилцуулаагүй. Тухайн үед хүчингүй гэж маргасан хоёр саналын хуудсыг төлөөлөгчид бүгд дамжуулж үзэцгээсэн. Нэр дэвшигч нарын санал тэнцсэн тул дахин санал хураах эсэх талаар санал хураахад 21 төлөөлөгчийн 14 төлөөлөгч дэмжиж гараа өргөсөн. Гэхдээ дахин санал хураахаар шийдвэрлэсэн тогтоол гаргаагүй. Зүгээр л шийдээд явчихсан. Энэхүү шийдвэр гарсны дараа Монгол ардын намын бүлэг завсарлага авч орж ирээд тооллогын комиссын гишүүн Д.Жанцанхорлоо, Д.Амаржаргал нар Б.Хандармаа сумын Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан тухай тогтоол уншиж танилцуулаад надад өгсөн боловч би өмнө нь энэ асуудал шийдэгдчихсэн, дахин санал хураахаар тогтсон гэж хэлээд хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Одоо Хурлын ажлын албаны архивт Д.Жанцанхорлоо, Д.Амаржаргал нарын уншиж танилцуулсан тогтоол байхгүй, би тухайн үед тогтоолыг бичгээр авч байсан боловч алга болчихсон. Сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа нэр дэвшихээ болилоо гэж хэлээгүй, Монгол ардын намын бүлэг дахин санал хураалтад оролцохгүй гэдгээ илэрхийлсэн учраас нэг нэр дэвшигч үлдсэн гэж үзээд саналыг илээр хурааж, Н.Батбаярыг сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоол гаргасан. Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Долдугаар зүйлийн 1-д Засаг даргад нэр дэвшүүлэхдээ Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэс болгоно гэж заасан байгаа. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулахаар заасныг баримтлана гэсэн үг бөгөөд Засаг даргад нэр дэвшигч нь хоёр хүн байвал нууц санал хураалт явуулна гэж шийдвэрлэсэн юм.

... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд битүүмжлэгдэж хураагдсан нууц саналын хуудасны зураг авах боломжгүй байхад Монгол ардын намын бүлэг сумын Засаг даргын сонгуулийн саналын хуудсыг зургаар баримтжуулж нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа нь тухайн үед нэр дэвшигч Б.Хандармаад нууцаар санал өгсөн төлөөлөгч нараа баримтжуулж ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах зорилгоор Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн асуудал болж байна. Улаан-Уул сумын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бие даан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэр гаргасан бөгөөд ардчиллын зарчмын дагуу олонхийн саналаар хамтын шийдвэр гаргаж, 06 дугаар тогтоолоор сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаяр, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр нар шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд Монгол ардын намаас Б.Хандармаа, Ардчилсан намаас миний бие Н.Батбаяр сумын Засаг даргад нэр дэвшсэн. Нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугуй дүрсэнд багтааж зөв гэсэн тэмдэглэгээ хийхээр тохирсон. Санал хураалтыг нууцаар явуулахад Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармаа 8, Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Батбаяр 10 санал авсан. Хүчингүй болсон 3 саналын хуудасны нэг нь ташуу зураас, нэг нь дугуй дотроос гаргаж зурсан, нэг нь ямар нэгэн үл мэдэх тэмдэглэгээ байсан.

Тэр үед нь Монгол ардын намын бүлэг хүчингүй гэгдэх саналын хуудсыг хүлээн зөвшөөрсөн ба дахин санал хураалт явуулахаар болоход нэр дэвшигч Б.Хандармаа хүртэл зөвшөөрч дахин санал хураахыг дэмжиж байсан. Тэгээд дахин санал хураалт явуулахаар саналын хуудсыг хэвлэж байтал Монгол ардын намын бүлэг завсарлага авсан. Завсарлага аваад орж ирснийх нь дараа Хурлын нарийн бичгийн дарга Т.Атарчимэг саналын хуудсыг хэвлэж баталгаажуулан тамга дарснаар санал хураалт явуулж эхлэхэд тооллогын комиссын гишүүн Д.Жанцанхорлоо саналын хуудсыг булааж аван бусдад дамжуулж санал хураах үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бөгөөд Монгол ардын намын бүлэг санал хураалтад оролцохгүй талаар Монгол ардын намын бүлгийн дарга Д.Жанцанхорлоо албан ёсоор мэдэгдсэн тул Хурлын үйл ажиллагааг үргэлжлүүлж, саналыг илээр хураах нь зүйтэй гэж төлөөлөгчдийн олонхийн саналаар баталж, Ардчилсан намаас сумын Засаг даргад нэр дэвшигч Н.Батбаярт 11 төлөөлөгч санал өгснөөс 11 төлөөлөгч дэмжиж 52.4 хувийн саналаар сумын Засаг даргад нэр дэвшсэн билээ.

Гэтэл Монгол ардын намын дарга Д.Жанцанхорлоо нь хэн нэгэн хүний заавраар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үл хүндэтгэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг оролдож иргэн миний сонгох, сонгогдох эрхийг хааж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Миний бие 2013 оны 03 дугаар сарын 11-нд сумын Засаг даргад нэр дэвшихэд Монгол ардын намын бүлэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг зохион байгуулалттайгаар үймүүлж Ардчилсан намаас сонгогдсон 2 төлөөлөгчийн дансанд тус бүр 2 сая төгрөг шилжүүлэн саналын дүн сөрөг гарахад нь тухайн хүмүүсийн данснаас ямар нэгэн зөвшөөрөлгүй мөнгийг буцаан татаж авч байсан бөгөөд тэр үед энэ ажиллагаанд оролцож байсан нөхөд Монгол ардын намаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдон энэ Хуралд орж ирсэн. Энэ мэтчилэн төрийн эрх мэдлийг хууль бусаар авах оролдлого хийж байна гэж үзэж байна. Мөн саналын хуудсыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба битүүмжилж хадгалсан байтал саналын хуудасны зургийг нь дарж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгснөөс үзвэл санал авах үйл ажиллагааг баримтжуулж зураг авахыг хориглосон хуулийг зөрчсөн байна гэж үзэж байна.

Мөн Улаан-Уул сумын Монгол ардын намын хороо буюу улсын төрийн нам нь төрийн үйл хэрэгт хутгалдан оролцох эрхгүй. Улс төрийн нам нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин Б.Хандармаа өөрийнхөө эрх ашгийг хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Гэтэл гуравдагч этгээд Б.Хандармаа нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг мэдсээр байж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий захиргааны актууд нь илт хууль бус захиргааны актын хуульд заасан шинжийг агуулаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нам бол хүн биш учраас намын сонгох, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна” гэв.

Шүүх хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтыг нууцаар явуулахаар шийдвэрлэсэн болох нь хариуцагчийн тайлбар, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг, гэрч Д.Даваахүү нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Улаан-Уул сумын Засаг даргад Монгол ардын намын бүлгээс Б.Хандармааг, Ардчилсан намын бүлгээс Н.Батбаярыг нэр дэвшүүлж, төлөөлөгчид саналаа нууцаар гаргаж, саналын хуудсыг тоолоход тооллогын комиссын гишүүд нэгдсэн шийдэлд хүрч, тогтоол гаргаж чадаагүй ба тооллогын комиссын гишүүн Д.Жанцанхорлоо, Д.Амаржаргал нар хүчингүй саналын хуудас байхгүй, Н.Батбаяр 10 төлөөлөгчийн, Б.Хандармаа 11 төлөөлөгчийн санал авч Б.Хандармаа ялсан гэж, тооллогын комиссын гишүүн Д.Даваахүү, Ц.Цогтбаяр нар хүчингүй саналын хуудас 2, Н.Батбаяр 10 төлөөлөгчийн, Б.Хандармаа 9 төлөөлөгчийн санал авч Н.Батбаяр ялсан гэж маргажээ.

Улмаар Хурлын дарга Б.Бүрэнчөдөр хүчингүй гэх хоёр саналын хуудасны нэгийг хүчинтэйд, нөгөөг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж хэлснийг үндэслэн тооллогын комиссын гишүүн Д.Даваахүү, Ц.Цогбаяр нар тооллогын комиссын 03 дугаартай тогтоол гаргаж, Хурлын даргад өгсөн боловч Хурлын хуралдаанд албан ёсоор уншиж танилцуулаагүй байна.

Харин Хурлын төлөөлөгчид дахин санал хураах нь зүйтэй гэж олонхийн саналаар шийдвэрлэсний дараа Хурал дахь Монгол ардын намын бүлэг завсарлага авч орж ирээд тооллогын комиссын нөгөө хоёр гишүүн болох Д.Жанцанхорлоо, Д.Амаржаргал нар хүчингүй саналын хуудас байхгүй, Н.Батбаяр 10 төлөөлөгчийн, Б.Хандармаа 11 төлөөлөгчийн санал авч Б.Хандармаа ялсан гэх тооллогын комиссын тогтоолыг Хурлын хуралдаанд албан ёсоор уншиж танилцуулсан байна.

Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулсан боловч тооллогын комиссын дарга сонгоогүй байна. Улмаар тооллогын комиссын гишүүд хоёр хоёроороо санал хуваагдаж, нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна.

Хэдийгээр Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн Тавдугаар зүйлийн 6-д “Хурал дээр хэлэлцэж буй асуудлаар ямар нэгэн маргаан гарч нэгдсэн шийдвэрт хүрээгүй тохиолдолд Хурлын дарга асуудлыг тасалж, дараагийн зохих арга хэмжээг авна” гэж заасан боловч Хурлын дарга тооллогын комиссын шийдвэрт таслах эрхтэй оролцоно гэж нарийвчлан заагаагүй байна. Албан тушаалтанд тусгайлан эрх олгоогүй бол түүнийг тухайн асуудлаар шийдвэр гаргах эрхгүй гэж үздэг нийтийн эрх зүйн “зөвшөөрөөгүй бүхнийг хориглох” зарчимтай тул Хурлын дарга Б.Бүрэнчөдөр тооллогын комиссын шийдвэрт хөндлөнгөөс оролцох эрхгүй юм.

Түүнчлэн Хурлын даргын “Хүчингүй хоёр саналын хуудасны нэгийг хүчинтэй, нөгөөг хүчингүй гэж үзье. Н.Батбаяр, Б.Хандармаа нарын санал тэнцсэн байна” гэж хэлснийг үндэслэн тооллогын комиссын хоёр гишүүн тогтоол гаргасныг Хурлын хуралдаанд албан ёсоор уншиж танилцуулаагүй болох нь Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч Д.Даваахүүгийн мэдүүлгээр тогтоогдож байна. Захиргааны актыг зохих ёсоор мэдэгдэж, сонсгоогүй бол хүчин төгөлдөр болох хууль зүйн үндэслэлгүй юм.

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар баталж байх зарчимтай тул Хурлаас байгуулагдсан тооллогын комисс үүний нэгэн адил хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргах үүрэгтэй. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан бөгөөд аливаа асуудалд олонхийн саналаар шийдэлд хүрэх нь ардчилсан ёс юм гэдгийг дурдах нь зүйтэй байна.

Тиймээс тооллогын комиссын дөрвөн гишүүний наанадаж гурван гишүүний саналаар баталсан тогтоол гарч байж тогтоол хүчин төгөлдөр болох учиртай. Харин тооллогын комиссын гишүүдийн олонхи болж чадахгүй хэсгийн гаргасан тогтоолыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Иймд тооллогын комиссын гишүүн Д.Даваахүү, Ц.Цогбаяр нарын гаргасан “Засаг даргад нэр дэвшигч Н.Батбаяр олонхийн санал авсан”  гэх 03, 04 дүгээр тогтоол, Д.Жанцанхорлоо, Д.Амаржаргал нарын гаргасан “Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа олонхийн санал авсан” гэх тогтоолын аль аль нь хүчин төгөлдөр бус юм.

 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргаж, мөн хуулийн 25.2-т зааснаар Хурлын тогтоолд Хурлын дарга гарын үсэг зурах ёстой. Гэтэл Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлаар дахин санал хураалт явуулах эсэх талаар олонхийн саналаар шийдвэрлэсэн гэх боловч тогтоол гаргаагүй болох нь хариуцагчийн тайлбар, Хурлын хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд тооллогын комиссын хоёр гишүүний гаргасан хүчин төгөлдөр бус 03 дугаар тогтоолыг үндэслэн дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн гэх ба сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа нэр дэвшихээс татгалзаж байгаагаа албан ёсоор зарлаагүй, Монгол ардын намын бүлэг түүнийг нэр дэвшүүлснээ эгүүлэн татаж байгаа талаар мэдэгдээгүй байхад Хурлын хуралдааны дэг зөрчин, төлөөлөгчдийн олонхийн саналаар илээр санал хурааж Н.Батбаярыг Улаан-Уул сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн 06 дугаар тогтоол гаргасан нь мөн хууль бус байна.

Өөрөөр хэлбэл Н.Батбаярыг Улаан-Уул сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн 06 дугаар тогтоол нь тооллогын комиссын хүчин төгөлдөр бус 03, 04 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан, эдгээр хүчин төгөлдөр бус тогтоолтой шалтгаант холбоотой байх тул хууль ёсны болж чадахгүй юм.

Нэхэмжлэгч Улаан-Уул сумын Монгол ардын намын хороог шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй талаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Батбаяр маргаж байгаа. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар сумын Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг нэр дэвшүүлэх эрхтэй талаар, Улсын төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т нам нь намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй байхаар тус тус заасан тул Улаан-Уул сумын Монгол ардын намын хороо нь Улаан-Уул сумын Засаг даргад намын бүлгээс нэр дэвшүүлсэн, тус намын гишүүн Б.Хандармаатай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хууль ёсны ашиг сонирхол байна гэж шүүх үзсэн болно.

Мөн гуравдагч этгээд Н.Батбаяр “улс төрийн нам нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод асуудалд хутгалдан оролцох эрхгүй” гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч Улаан-Уул сумын Монгол ардын намын хороо Монгол ардын намын гишүүн бөгөөд тус намын Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь бүлгээс сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн төлөөлөгч Б.Хандармаагийн эрх, нам, бүлгийн төлөөллийн эрх ашиг зөрчигдсөн эсэх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг төрийн байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан оролцсон гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нь “Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоол болон Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах, Монгол ардын намын бүлгээс Улаан-Уул сумын Засаг даргад Б.Хандармааг дэмжсэн 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, сумын Засаг даргад Б.Хандармааг нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Эдгээр шаардлагын хүрээнд хэргийг шалгаж Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолууд болон түүнийг үндэслэн гарсан Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны 06 дугаар тогтоол хууль бус болох нь тогтоогдож байх боловч Монгол ардын намын бүлгээс Улаан-Уул сумын Засаг даргад Б.Хандармааг дэмжсэн 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, сумын Засаг даргад Б.Хандармааг нэр дэвшүүлж аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/-д зааснаар Засаг даргыг томилуулах санал гаргаж аймгийн Засаг даргад уламжлах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх байх ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар сумын Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгох ёстой.

Сумын Засаг даргад нэр дэвшигч Б.Хандармаа Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгчийн санал авсан тухай тооллогын комиссын хүчин төгөлдөр тогтоол гараагүй байхад шүүхээс түүнийг баталгаажуулах, улмаар Б.Хандармааг Засаг даргад нэр дэвшүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэл үгүй юм.

Өөрөөр хэлбэл хуулиар нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад олгосон онцгой бүрэн эрхийг шүүх хэрэгжүүлэх боломжгүй тул хэргийн нөхцөл байдлыг цааш тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж үзлээ.

Иймд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол болон

 Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг нэг сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн анхдугаар хуралдааны “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол болон Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчингүй болсонд тооцно.

Гуравдагч этгээд Б.Хандармаа Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоол болон Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сонгогдсон тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх үндэслэлээр илт хууль бусад тооцуулахыг хүссэн боловч маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актууд болох Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоол, Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан шинжгүй байна. Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэдэг нь тухайн захиргааны актаар эрүүгийн болон захиргааны зөрчил бүхий үйл ажиллагаа хийхийг шаардсан буюу хууль зөрчихийг шаардсан байхыг ойлгоно. Гэтэл маргаан бүхий захиргааны актуудаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардаагүй байх тул илт хууль бус захиргааны акт биш, харин дээр тайлбарласанчлан хууль бус захиргааны актууд болох юм.

Гуравдагч этгээд Б.Хандармаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар илт хууль бус захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд хуульд заасан 30 хоногийн хугацаа үл хамаарна гэж заасныг үндэслэн бие даасан шаардлага гаргаж байна гэжээ. Гэвч түүний илт хууль бусад тооцуулах шаардлага гаргасан захиргааны актууд нь илт хууль бус захиргааны акт биш, харин хууль бус захиргааны акт болох тул бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж үзэх үндэслэлтэй.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоол, мөн өдрийн тооллогын комиссын 03, 04 дүгээр тогтоолууд нь гуравдагч этгээд Б.Хандармаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзвэл тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй.

Гэтэл гуравдагч этгээд Б.Хандармаа Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцож маргаан бүхий захиргааны актууд батлагдан гарсныг мэдэж байсан атал хуульд заасан хугацаанд нэхэмжлэл болон бие даасан шаардлагын аль алиныг гаргаагүй, харин 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бие даасан шаардлага гаргасан байна. Ийнхүү бие даасан шаардлага гаргахдаа хугацаа сэргээлгэх хүсэлтээ илэрхийлээгүй тул гуравдагч этгээд Б.Хандармаагийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Б.Жаргалмаа, С.Оюумаа, Б.Далайбаяр, Э.Олзхүү нарын гарын үсэг бүхий тодорхойлолт гэх баримтууд, гуравдагч этгээд Н.Батбаярын шүүхэд өгсөн “Аймгийн Засаг даргатай ярилцсан дуу бичлэг” гэх баримт зэргийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь Б.Жаргалмаа, С.Оюумаа, Б.Далайбаяр, Э.Олзхүү нарын гарын үсэг бүхий тодорхойлолт гэх баримтууд нь хэнд зориулж, ямар зорилгоор бичсэн болох нь тодорхойгүй баримт байна. Харин нэхэмжлэгч хүсэлт гаргасан бол шүүх хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч дээрх хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч нотлох баримтаар үнэлэх боломжтой байв. “Аймгийн Засаг даргатай ярилцсан дуу бичлэг” гэх баримт нь хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүйн дээр хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн цуглуулсан баримт гэж үзэхээргүй байх тул шүүх үнэлээгүй болно.

            Түүнчлэн нэхэмжлэгч хүчингүй гэх хоёр саналын хуудасны зургийг авч шүүхэд ирүүлсэн баримтын хувьд нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй баримт тул шүүх үнэлээгүй болно. Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд хүчингүй гэх хоёр саналын хуудсыг төлөөлөгчид бүгд дамжуулан үзсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч, гуравдагч этгээд Н.Батбаярын нарын “Монгол ардын намын бүлэг сумын Засаг даргын сонгуулийн саналын хуудсыг зургаар баримтжуулж нэхэмжлэлдээ хавсаргасан байгаа нь тухайн үед нэр дэвшигч Б.Хандармаад нууцаар санал өгсөн төлөөлөгч нараа баримтжуулж ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах зорилгоор Сонгуулийн тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн асуудал болж байна” гэж маргасныг хүлээн авах боломжгүй юм.

            Мөн гуравдагч этгээд Н.Батбаярын “2013 онд сумын Засаг даргад нэр дэвшүүлэх санал хураалтын үеэр төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдсан” гэж маргаж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байх тул шүүх дүгнэх шаардлагагүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г/, 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Хандармаагийн “Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны “Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаартай тогтоолыг илт хууль бусад тооцуулах, Улаан-Уул сумын Засаг даргад Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармаад өгсөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11 төлөөлөгчийн саналыг баталгаажуулах, Монгол ардын намаас нэр дэвшигч Б.Хандармааг Улаан-Уул сумын Засаг даргаар томилуулахаар Хөвсгөл аймгийн Засаг даргад уламжилсан тогтоол гаргахыг Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас сонгогдсон тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоолуудыг илт хууль бусад тооцуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал тооллогын комиссын 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03, 04 дүгээр тогтоол, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” 06 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улаан-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Улаан-Уул сумын Монгол ардын намын хороонд олгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Б.Хандармаад буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ