Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 130/2019/0662/И |
Дугаар | 001/ХТ2022/00158 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00158
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00034 дүгээр магадлалтай,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
“*******” ХХК-д холбогдох
15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн төлөөлөгч Х.Раузаны гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь “*******” ХХК-д холбогдуулан 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгож шийдвэрлэжээ.
3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00034 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн төлөөлөгч Х.Раузан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ...” гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй тохиолдолд түүнийг буцааж төлөхтэй холбоотой зохицуулалт юм. Хэрэгт ямар ч зээлийн гэрээ авагдаагүй байхад ...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр буцааж төлөх хугацаа тогтоогоогүй байна... гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсгийн зохицуулалт нь зээлийн гэрээнд зээлийн хугацааг тохиролцоогүй бол зээлдэгчийн зээлээ буцаан төлөх үүрэг нь зээлдүүлэгч түүнээс зээлээ төлөхийг шаардахаас шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлагыг зээлдэгчид хүргүүлснээр зээлээ төлөхийг шаардах эрх нь үүсдэг. Буцааж төлөх талаар зээлдэгчээс шаардсан талаарх ямар ч баримт байхгүй бөгөөд зээл авсан гэх хугацаанаас хойш зээлийг буцаан төлөх талаар ямар ч шаардлага, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид зээлээ буцаан төлөхийг шаардах нь битгий хэл анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ ...сум хөгжүүлэх сангаас ямар ч үндэслэлгүйгээр 15,000,000 төгрөг шилжүүлж авсан байна, өөрөөр хэлбэл сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс танил байдлаа ашиглан ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулахгүйгээр өөртөө 15,000,000 төгрөг шилжүүлэн авч ашигласан байна. Үүнээс хойш 5 гаруй жил өнгөрсөн боловч сум хөгжүүлэх санд авсан мөнгөө буцаан төлөөгүй байжээ. Иймд “*******” ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан асуудал биш. Хэрэв зээлийн гэрээнд хугацааг тохиролцоогүй гэж үзэх юм бол зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, зээлдэгч мэдэгдэл, шаардлагыг хүлээн авснаас хойш 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлэх, хэрэв 1 сарын дотор зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Дээр дурдсан зээлдүүлэгч эхлээд зээлдэгчид зээлээ төлөхийг шаардсан мэдэгдэл, шаардлага хүргүүлэх урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх зээлийн гэрээгээр хугацаа тохиролцоогүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн төлөөлөгч Х.Раузаны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргад олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
7. Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...танил талаа ашиглан, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахгүйгээр сум хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн...” гэж тодорхойлсон байна.
8. Хариуцагч “*******” ХХК “...компани нь дур мэдэн мөнгө шилжүүлж авах боломжгүй, манай компанитай байгуулсан зээлийн гэрээ болон бусад холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцжээ.
Зохигч нэхэмжлэгчийн шилжүүлсэн 15,000,000 төгрөгийн эрх зүйн харилцаа болон уг мөнгийг хариуцагч төлөх үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
9. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Тодруулбал, хэрэгт авагдсан 2014.09.16-ны өдрийн 11, 15 дугаартай төлбөрийн хүсэлт, Капитрон банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар “*******” ХХК нь 2014.09.16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангаас 15,000,000 төгрөгийг зээлээр авсан талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 283 дугаар зүйлийн 283.1-д заасан шаардлага, агуулгатай нийцжээ.
10. Иргэдэд сум хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох журам, Монгол Улсын Засгийн газрын 2011.04.27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан Сум хөгжүүлэх санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам, 2 дугаар хавсралтаар Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загварыг тус тус баталжээ.
“*******” ХХК-ийг 2014.09.16-ны өдөр сум хөгжүүлэх сангаас зээл авах үед дээрх журам үйлчилж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016.03.14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, шинэчлэн баталсан байна.
11. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны үндсэн зорилго, нэхэмжлэгчээс 2014.09.16-ны өдрийн 11, 15 дугаартай төлбөрийн хүсэлтэд “Зээл” гэх утга шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан байх тул талуудын хооронд зээлийн гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар байгуулсанд тооцох бөгөөд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
12. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Тухайн үед мөрдөгдөж байсан буюу Монгол Улсын Засгийн газрын 2011.04.27-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмын 1.6.1-д “хөнгөлөлттэй зээлийн хүүгийн дээд хэмжээ жилд 3 хүртэл хувь, 1.6.2-т “зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна” гэж заажээ.
13. Хариуцагч дээрх журамд заасан 36 сарын хугацааг хэтрүүлсэн байх тул Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга нь тус сумын Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийг буцаан төлүүлэхээр шүүхэд хандан шаардлага гаргах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу бичгээр байгуулагдсан нь нотлогдоогүй, талууд зээлийг буцааж төлөх хугацаа тогтоосон нь баримтаар тогтоогдоогүй, зээлдэгч зээл авснаас хойш эргэн төлөлт хийж байгаагүй учир талууд зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй, Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлдэгч нь зээлдүүлэгчийн шаардсанаар зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж шүүхээс дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Х.Раузаны гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00287 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00034 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Х.Раузаны гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ