Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 004

 

М.Ариунаагийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаартай шийдвэртэй,

М.Ариунаагийн нэхэмжлэлтэй Төрийн банкны Булган аймаг дахь салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Б.Баттүшигийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч М.Ариунаа

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

            Хариуцагчийн төлөөлөгч С.Насанбат,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Ариунаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкны Булган аймаг дахь салбарын Зүүн түрүү тооцооны төвд 2011 оны 11 дүгээр сараас теллерээр ажилд орж Салбарын захирлын 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар  тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3 хүнд жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн 120000 төгрөгийн гүйлгээг хийж олгосон. Мөн өдөр миний хариуцсан кассаас 120000 төгрөг дутаж, дутагдалд бүртгээд гарсан. Салбар дээр очиход салбарын ахлах теллер Амаржаргал хянаад түр дансанд 80000 төгрөг байгааг олж залруулсан. Үлдсэн 40000 төгрөгийг дутагдалд бүртгэсэн байсныг халамжийн сангаас гарах ёстой мөнгө болохоор нь Булган аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн 120000074227 тоот данснаас дутагдлыг шилжүүлж хаасан. Үүний дараа НХҮХ-н мэргэжилтэн Даариймаатай очиж уулзан энэ данснаас гаргачихлаа болох уу гэж асуухад шалгаж үзээд Говь-Алтай аймгийн хүн байна. Говь-Алтай аймгийн НХҮХ нь сарын сүүлийн өдөр халамжийн мөнгө олгодоггүй, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сарын сүүлийн өдөр тул олгогдсон мөнгө татагдаагүй юм байна. Говь-Алтай аймгийн 240000083105 тоот данснаас татахад болохгүй зүйл байхгүй гэсэн тул би ахлах теллер Нарангэрэлд өргөдөл гаргаж баримтын хамт өгч, ахлах теллер 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гүйлгээ хийсэн. Энэ гүйлгээг би хийгээгүй. Халамжийн мөнгө авах гэж байгаа хүн аль аймгийн харьяат гэдгийг банк мэдэх боломжгүй. Говь-Алтай аймгийн Халамж сарын сүүлийн өдөр халамжийн мөнгө олгодоггүй учраас энэ асуудал гарсан. Би 40000 төгрөгийг өгөх ёстой хүнд нь өгсөн. Үүнээс болж банкинд ямар нэгэн хохирол учраагүй. Дараагийн зөрчил нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр миний кассаас 10000 төгрөг дутсаныг дутагдалд бүртгүүлээд 9 дүгээр сарын 18-ны өдөр 10000 төгрөгийг ахлах теллерт бэлнээр өгч дутагдлаа хаалгасан. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тооцооны төвийн захирал ирж ажил шалгаад ахлах теллерийг кассын дутагдал төлүүл гэхээр нь ахлах теллер шалгаж үзэхэд миний 9 дүгээр сарын 17-ны өдөр дутаасан 10000 төгрөгийг ахлах теллер хаах биш эсрэг гүйлгээ хийж,/кассын орлогод авах байтал зарлагын гүйлгээ хийж/ кассын дутагдлыг 20000 төгрөг  болгож  бүртгэсэн байсан. Тухайн үед  шалгалтаар ирсэн тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Ю.Доржзовдод “энэ 20000 төгрөгийн гүйлгээ надад хамаагүй шүү дээ, энэ гүйлгээг 3632 дугаартай ахлах теллер хийсэн” гэхэд “чи битгий мэдэн будилаад бай” гэх мэтээр хэлж, ер нь их дээрэлхүү хандаж байсан. Энэ зөрчлийг ажлаас халах нэг үндэслэл болгосон байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Халамжийн сангаас гарах ёстой мөнгө болохоор нь Булган аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн 120000074227 тоот данснаас дутагдлыг шилжүүлж хаасан зөрчил гаргасан боловч тухайн үедээ залруулах арга хэмжээ авсан, хэн нэгэнд ямар нэг хохирол учраагүй тул ажлаас халагдах хэмжээний зөрчил биш гэж үзэж байна. Иймд  намайг Төрийн банкны Булган салбарын Зүүн түрүү тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны /2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүртэл/ цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2128069 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ариунаа нь Төрийн банкны Теллерийн багц журмын 6 дугаар зүйлийн 6.1.10, 6.2-д заасныг зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Д.Тавхайд 6113800 төгрөгийн тэтгэврийн зээлийг  нотлох баримтгүй, иргэний үнэмлэхний хуулбаргүй олгосон, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ц.Санжаад 1121700 төгрөгийн зээл олгохдоо иргэний үнэмлэхний хуулбаргүй олгосон, мөн хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.8, 5.28.9, 5.28.12-т заасан зүйлүүдийг зөрчиж 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Нийгмийн халамжийн 120000074227 тоот “жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн сан”-н данснаас ямар нэг зөвшөөрөл, төлбөрийн даалгаваргүйгээр өөрийн кассын дутагдлыг хаасан, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Нийгмийн халамжийн 240000083105 тоот “жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн сан”-н данснаас 40000 төгрөгийг Булган аймгийн Нийгмийн халамжийн 120000074227 тоот “жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн сан”-н дансруу зөвшөөрөл төлбөрийн даалгаваргүйгээр хийсэн, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 564168 төгрөгийн кассын дутагдлыг тус тус гаргаж байсан. Дээрх зөрчил дутагдлуудыг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.25.2, 5.28.4, 5.28.8, 5.28.9, 5.28.20-д заасан заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Ариунаа нь Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.8, 5.28.9, 5.28.12-т заасан зүйлүүдийг зөрчиж 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Булган аймгийн Нийгмийн халамжийн 120000074227 тоот “жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн сан”-н данснаас ямар нэг зөвшөөрөл, төлбөрийн даалгаваргүйгээр өөрийн кассын дутагдлыг хаасан, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Нийгмийн халамжийн 240000083105 тоот “жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн сан”-н данснаас 40000 төгрөгийг Булган аймгийн Нийгмийн халамжийн 120000074227 тоот “жирэмсэн хөхүүл эхийн мөнгөн тэтгэмжийн сан”-н дансруу зөвшөөрөл, төлбөрийн даалгаваргүйгээр хийсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, мөн 2015 оны 09 дугаар сарын 17-ны өдөр  10000 кассын дутагдлыг гаргасан бөгөөд энэ гүйлгээг ахлах теллер буруу хийсэн байхад өөрөө хариуцаж хяналт тавьж залруулга хийгээгүй, өөрийн гаргасан кассын дутагдлыг тухайн теллер өөрөө хийдэггүй ч гэсэн өөрөө хариуцаж дутагдлыг хаах арга хэмжээг авах ёстой. Өмнө нь кассын дутагдал гаргадаг байсан ч журамд заасны дагуу 3 хоногийн дотор кассын дутагдлаа хааж байсан болохоор арга хэмжээ авч байгаагүй ч хэлж сануулж байсан. М.Ариунааг дээрх зөрчил дутагдлуудыг гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.25.2, 5.28.4, 5.28.8, 5.28.9, 5.28.20-д заасан заалтуудыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ариунааг Төрийн банкны Булган аймаг дахь салбарын Зүүн түрүү тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 2098335 /хоёр сая ерэн найман мянга гурван зуун гучин тав/ төгрөгийг Төрийн банкны Булган аймаг дахь салбараас гаргуулж нэхэмжлэгч М.Ариунаад олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 29734 /хорин есөн мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан М.Ариунаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Төрийн банкны Булган аймаг дахь салбарын нягтлан бодогчид үүрэг болгож

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төрийн банкны Булган аймаг дахь салбараас 48523 /дөчин найман мянга таван зуун хорин гурав/  төгрөгийг гаргуулан Төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Баттүшиг давж заалдах гомдолдоо: “...М.Ариунааг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна, мөн М.Ариунаагийн гаргасан зөрчлийн хэр хэмжээ үр дагавар банкинд учирсан хохирол, учираагүй байдал зэргээс дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, .40.1.5 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэж М.Ариунааг урд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 2.098.335 төгрөгийг олгохоор шийдвэр гаргасан. Хариуцагч тал болох Булган аймгийн Төрийн банкнаас М.Ариунаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтган үзэх Төрийн банкны “Теллерийн системийн багц журам”-ын 6.1.10, 6.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5 дахь заалт, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн тул М.Ариунааг урд ажиллаж байсан ажилд эгүүлэн томилох боломжгүй байна” гэжээ.

 

                                                           ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Ариунаа нь Төрийн банкны Булган аймаг дахь салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэл бүхий шаардлагыг анхан шатны шүүхэд гаргажээ.

 М.Ариунаа нь 2011 оны 11 дүгээр сараас Төрийн банкны Булган аймаг дахь Зүүн түрүүний тооцооны төвд теллерээр ажиллаж байсан ба ажил олгогч 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5,  Төрийн банкны “хөдөлмөрийн дотоод журмын” 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.28.8, 5.28.9, 5.28.12, 5.28.20 дахь заалтуудыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан  бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зохицуулжээ.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд теллер М.Ариунаа нь 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3 хүнд жирэмсэн, хөхүүл эхийн мөнгөн тэтгэмж 120.000 төгрөгний гүйлгээ хийхдээ 40.000 төгрөгийн кассын дутагдал гарсаныг 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Булган аймгийн Халамжийн 120000074227 тоот данснаас кассын дутагдалын 40000 төгрөгийг 1218001847010001 тоот дансанд шилжүүлж хаасан, 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10000 төгрөгний кассын дутагдал гаргаж, түүнийгээ ахлах теллертээ мэдэгдэж 10000 төгрөгөө төлснийг ахлах теллер кассын орлогод авах байсныг кассын зарлагын гүйлгээ хийснээр дутагдал 20000 төгрөг болсныг 2015 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр ахлах теллер залруулж хийсэн болох нь зохигчдын тайлбар, орлого зарлагын баримтанд хийсэн үзлэг /хх25-27/ дотоод дансны хуулга /хх28/  орлогын мэдүүлэг /хх29/ кассын зарлагын баримт /хх30/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Ажил олгогчийн шийдвэр /тушаал/ нь эрх зүйн акт болохынхоо хувьд хуульд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлага үндэслэлд нийцсэн байх ёстой

Ажил олгогч Төрийн банкны Булган аймаг дахь салбарын захирлын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал нь хуулийн зохицуулалтанд нийцээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл  ажил олгогч ажилтантай 2015 оны 7 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар ямар зөрчлийг гаргавал хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тухайлан заагаагүй, ажилтныг ажлаас халсан тушаалд эх сурвалж болгон хэрэглэсэн хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг баримталсан байгаа боловч ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь хууль санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт зэрэг бусад нотлох баримтаар нотлогдоогүй байдал нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 заасан үндэслэлээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан хуулийн зохицуулалттай нийцээгүй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн эрх зүйн маргаантай хэрэгт холбогдох хуулийн зохицуулалтыг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулиар тогтоосон журамыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж үзэв.

             Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн   167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 48254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                   М.ХҮРЭЛБААТАР