Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 09

 

 

О.Гэрэлсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий  шүүгч Т.Даваасүрэн, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                     Прокурор    Б.Мөнгөншагай

                                     Өмгөөлөгч   А.Адъяасүрэн

                                     Ялтан О.Гэрэлсайхан

                       Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Гэрэлсайханд холбогдох эрүүгийн 201615000188 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1965 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механик инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 32а байрны 20 тоотод оршин суух, “Баярс Гоулд” ХХК-нд автын механикч ажилтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Сайхан овогт Осорын Гэрэлсайхан /Регистрийн дугаар ЙЮ65030616/,

О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, бие махбодид нь тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Мөн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай “Лэнд Круйзер-80” маркийн автомашины урд талын улсын дугаарыг өшиглөн хугалж, урд салхины шилийг гараар 2 удаа цохиж хагалан гэмтээж, 139.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Осорын Гэрэлсайханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар О.Гэрэлсайханыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар О.Гэрэлсайханыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Гэрэлсайханд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар О.Гэрэлсайханаас 1.012.013 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гансүхэд олгож, хохирогч Г.Гансүхийн нэхэмжлэлээс 161.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 120.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхин, О.Гэрэлсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Гансүхэд 169.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдолтой, хохирогч Г.Гансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /шүүх хуралдаанд ирсэн замын зардал/ нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт О.Гэрэлсайханы эзэмшлийн 7.000.000 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн, 75-67 УБИ улсын дугаартай, “Hyundai Porter” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, О.Гэрэлсайханд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорин, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Гэрэлсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Ялтны өмгөөлөгч А.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор О.Гэрэлсайханд эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Г.Гансүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1.012.013 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хохирогч Г.Гансүхийн гэмт хорын хохирлыг хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр төлөх боломжгүй байсан.

Хохирогч Г.Гансүх нь тодорхой нотлох баримтттай хохирлыг авдаггүй банкны харилцах дансаа өгдөггүй, шүүх хуралд ирэхдээ бэлдэж ирсэн хохирлыг хүлээн авдаггүй зэрэг шалтгаанаар хохирол бүрэн төлөгдөөгүй байсан болно.

Хохирогч Г.Гансүхэд эмчилгээний зардал 412.020 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 480.000 төгрөг, замын зардал 119.993 төгрөг, нийт 1.012.013 төгрөг гаргуулахаар шүүхээс тогтоосныг төлсөн байна. О.Гэрэлсайхан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа гэмшин ойлгож, чин санаанаасаа гэмшсэн, эрүүл мэндийн хувьд хүндэтгэх шалтгаантай байна учир нь цусны даралт ихэсдэг, нойргүйдэл, зүрхний судасны хатуурал зэрэг архаг хууч өвчтэй одоогоор биеийн байдал сайнгүй эмчийн хяналтанд эмчилгээтэй байгаа.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж О.Гэрэлсайханд холбогдох эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үндэслэлээр хорих ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү ... гэжээ. 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөншагай гаргасан дүгнэлтдээ:

О.Гэрэлсайханд холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. О.Гэрэлсайхан нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна. Түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзахад татгалзах зүйлгүй ... гэв

ХЯНАВАЛ

О.Гэрэлсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баярс Гоулд” ХХК-ий уурхайн ажилчдын амрах байрны гаднах автомашины зогсоол дээр иргэн Г.Гансүхтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараар цохиж, бие махбодид нь тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,  улмаар иргэн Г.Гансүхийн унаж явсан 55-22 УБҮ улсын дугаартай “Лэнд Круйзер-80” маркийн автомашины урд талын улсын дугаарыг өшиглөн хугалж, урд салхины шилийг гараар 2 удаа цохиж хагалан гэмтээж, 139.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

хохирогч Г.Гансүхийн “…Өвөрхангай аймгийн төвөөс 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед гараад Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар 18 цагийн үед очоод Баярсайхан гэх хүний уурхайн кэмп дээр машины зогсоол дээр зогсож байтал Гэрэлсайхан гэх хүн гарч ирээд юун хүмүүс вэ? Яах гээд яваад байгаа юм бэ? гэхээр нь би Баярсайхантай уулзах гэсэн юм гэхэд чамд ямар уулзах ажил байдаг юм бэ? гэхээр нь хэдэн төгрөгийн авлагаа авъя гэхэд чам шиг гөлөгт өгөхгүй гээд учир зүггүй миний баруун бөөр хэсэг рүү зүүн гараараа 1 удаа цохиж, толгой руу баруун гараараа нэг удаа алгадсан. Гарынхаа алганы ар хэсгээр баруун шанаа руу нэг алгадсан. Тэгээд гараа зангидаад хоёр нүдний гол, хамрын дээд хэсэгт нэг удаа хүчтэй цохисон. Машинаас буугаад Гэрэлсайхан гараараа машины урд талын салхины шилний баруун талд цохиж цонх хагалсан…” /хх-ийн 27-28х/,

 

гэрч С.Нармандахын “…2016 оны 06 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Уянга сумын 6 дугаар багийн Бөөрөлжүүт гэх газар байх хүргэн ах Баярсайханы уурхайд Ланд-80 маркийн автомашин ирчихсэн байсан. Гэрэлсайхан намайг чи яваач гэж байснаа машины шил рүү нь гараа хүргэж байгаа харагдсан...” /хх-ийн 31х/,

гэрч Г.Баатарзагарын “…Гэрэлсайхан гэх хүн машины хаалга онгойлгосон. Гансүх дарга ажилтай явна, өрөө нэхэмжилж авна гэхэд нүүр, толгой руу нь тэр хүн гараараа тус бүр 1 удаа цохисон. Гэрэлсайхан машины урд тал руу өшиглөж байснаа шил рүү гараараа 2 удаа цохиж хагалсан. Гансүх ах бид хоёр саарал өнгийн 55-22 УБҮ улсын дугаартай, Ланд-80 маркийн автомашинтай явсан…” /хх-ийн 36-37х/,

 гэрч Э.Пүрэвдоржийн “…2016 оны 06 дугаар сарын эхэн үед Ланд-80 маркийн автомашинтай хүмүүс манай уурхайн гадаа ирчихээд нэг залуу нь машинаасаа буугаад гар утсаараа бичлэг хийгээд байсан. Гэрэлсайхан өмнөөс нь очоод уулзаад зогсоод байгаа бололтой харагдсан...” /хх-ийн 39-40х/,

 гэрч Д.Шийлэгбатын “…2016 оны 06 дугаар сарын эхэн үед би уурхайн гэртээ сууж байтал саарал өнгийн Ланд-80 мархийн машинтай хүмүүс ирээд утсаа гаргаж ирчихээд бичлэг хийгээд байгаа юм уу, утсаар яриад байгаа юм уу утсаа оролдоод суугаад байсан. Гэрэлсайхан ах очоод машиных нь жолоочийн талын цонхыг тогшоод байгаа харагдсан…” /хх-ийн 41-42х/,

 гэрч П.Алтанцэцэгийн “…2016 оын 06 дугаар сарын 02-ны өдрийн оройн 21 цагт бусдад зодуулсан гээд Ганбаатар овогтой Гансүх гэх 30 настай эрэгтэй хүн үзүүлсэн. Биеийн байдлыг нь үзэхэд даралт ихэссэн, нүүр хамрынх нь хэсгээр хавдартай, нүүр толгой өвдөнө, толгойдоо цохиулсан гэсэн зовиуртай байсан…” /хх-ийн 43х/ гэх мэдүүлгүүд,

“…Г.Гансүхийн биед тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаар шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 48х/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №06/11, 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №08/05 дугаартай үнэлгээний тайлангууд зэрэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.

Анхан шатны шүүхээс О.Гэрэлсайханыг иргэн Г.Гансүхийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийтгэх тогтоол хууль ёсны болжээ.

О.Гэрэлсайхан нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн анх удаагаа хорих ял шийтгүүлсэн, гэм буруугаа гэмшин ойлгож, чин санаанаасаа гэмшсэн, учруулсан хохирлоо давж заалдах гомдол гаргасны дараа нөхөн төлж хохирогч Г.Гансүхийг хохиролгүй болгосон, түүний насны байдлыг харгалзан О.Гэрэлсайханд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн хянан харгалзах, өөрөөр хэлбэл О.Гэрэлсайханы өмгөөлөгч А.Адъяасүрэнгээс гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

5 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар О.Гэрэлсайханд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэн, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай...” гэж,

6 дахь заалтын “хохирогч Г.Гансүхэд 169.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдолтой, хохирогч Г.Гансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо /шүүх хуралдаанд ирсэн замын зардал/ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай” гэснийг “...Г.Гансүхэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай...” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар О.Гэрэлсайханыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                                         Т. ДАВААСҮРЭН

                                                                                                    М.МӨНХДАВАА