Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00943/И |
Дугаар | 142/ШШ2016/00877 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/00877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Чулуутын 34 тоотод оршин суух, Барнуул овгийн Пүрэвжавын Болдбаатар /ЧС62072110/-ын хүсэлттэй
"Нас тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Болдбаатар, гэрч П.Бүрэнбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Болдбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа: Барнууд овогт Пүрэвжавын Болдбаатар миний бие 1961 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн ба одоо 54 настай хүн болно. Гэтэл надад иргэний үнэмлэх олгохдоо 1962 оны 07 дугаар сарын 21-нд төрсөн мэтээр алдаатай бичсэн байна. Би 2016 оны 08 дугаар сарын 22-оос 55 нас хүрч хөдөлмөрийн хортой ба хүнд нөхцөлөөр тэтгэвэртээ гарах насны хязгаарт хүрч байгаа юм. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар гэрчийн мэдүүлэг, тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн миний төрсөн он сар өдрийг 1961 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Пүрэвжавын Болдбаатар нь “1961 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрснөөр насаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
П.Болдбаатар нь Архангай аймгийн Тариат суманд 1961 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Иргэний баримтын архивын хэлтсээс гаргасан түүний төрсний бүртгэлийн лавлагаа, П.Болдбаатарын тайлбар, гэрч П.Бүрэнбаатарын мэдүүлэг зэргээр давхар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар Барнуул овгийн Пүрэвжавын Болдбаатар /ЧС62072110/-ыг 1961 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА