Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 50

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  А.Уламбаяр,                            

улсын яллагч Э.Намуун,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Барсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т- холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0017 32048 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.Т, 1989 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамтаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төв дэх байрны 2 дугаар орцны 3 давхарт иргэн Г.Ичинноровыг элэгдэж түүний Самсунг Эс-2 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Архи уусан байсан учир муухай ааш гаргаж хэрэг хийсэн байна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Г.Ичинноров мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамт ажилладаг Учрал, Мөөнөө гэх хоёр залуутай 1 шил 0.75 граммтай архи шөнийн 02 цагийн орчимд хуваан ууж байтал архи дуусч Мөөнөө надаас утсаа өгчих нэг юманд тавьчихъя гэхээр нь би өгөхгүй гэтэл намайг элэгдэж миний ажлын куртканы дотор талын халааснаас миний Самсунг Эс-2 маркийн гар утас авч Учралыг дагуулан гарахаар нь би цагдаад мэдэгдэхээр эгч Нямсүрэнгийн гэр рүү нь очиж цагдаад мэдэгдсэн....” гэх мэдүүлэг. /хх17-18/,

Гэрч Т.Дэлгэржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ичинноров надад Мөөнөө Бат-Учралд дээрэмдүүлсэн гэхээр нь лавлаж асуутал Мөөнөө гар утсаа нэг архинд тавьчих гэхээр нь өгөөгүйд Мөөнөө нэг удаа элэгдээд гар утсыг нь авсан гэж хэлж байсан. Үүнийг би сонсоод Бат-Учралаас асуухад сүртэй юм болоогүй зодоон нүдээн болсон зүйл мэдэхгүй байна. Гар утсыг нь авсныг ч хараагүй гэх ба харин Мөөнөө рүү залгаж асуухад утсыг нь нэг архиар сольсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хх19-21/,

Яллагдагч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ажлаа дуусгаад Ичинноров, Бат-Учрал бид гурав 1 шил 0.75 литрийн одоо яг нэрийг нь мэдэхгүй байна архийг хувааж уусан. Тэгээд бага зэрэг согтсон ба дахин архи уумаар санагдсан. Тухайн үед бид гуравт бэлэн мөнгө байгаагүй ба Ичинноров ахад Самсунг Галакси Эс 2 маркийн гар утас байсан ба би нэг авчих уу гэхэд үгүй гэж Ичинноров ах хариулсан. Тэгэхээр нь би нэг элэгдээд түүний халаасанд байсан гар утсыг авч яваад 100 айлын орчимд таксины жолоочид 18.000 төгрөгөөр зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /хх 63-64/,

Эд зүйлийн үнэлгээ /хх30/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-65/,  эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Хавдар судлалын үндэсний төв дэх байрны 2 дугаар орцны 3 давхарт иргэн Г.Ичинноровыг элэгдэж түүний Самсунг Эс-2 маркийн гар утсыг авсан болох нь

Хохирогч Г.Ичинноровын “2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамт ажилладаг Учрал, Мөөнөө гэх хоёр залуутай 1 шил 0.75 граммтай архи шөнийн 02 цагийн орчимд хуваан ууж байтал архи дуусч Мөөнөө надаас утсаа өгчих нэг юманд тавьчихъя гэхээр нь би өгөхгүй гэтэл намайг элэгдэж миний ажлын куртканы дотор талын халааснаас миний Самсунг Эс-2 маркийн гар утас авсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т бусдад учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д  зааснаар хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР