Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00934/И |
Дугаар | 142/ШШ2016/00876 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/00876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 15 дугаар баг Рашаантын 4-20 тоотод оршин суух, Боржигин овгийн Цэвэгмэдийн Баттуяа /ФА66030467/-ийн хүсэлттэй
"Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Баттуяа, гэрч Ц.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Баттуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.Баттуяа нь 1966 онд төрсөн. Миний төрсний гэрчилгээн дээр аавын маань нэр Цэгмид гэж бичигдсэн байгаа. 2012 оноос өмнө миний овог Цэгмид гэж явж байгаад иргэний үнэмлэх солигдох үед Цэвэгмид болсон. Архивт Цэвэгмид гэсэн байна гээд 2012 оноос цахим үнэмлэх авснаас хойш Цэвэгмид гэсэн овогтой болсон. Сургууль болон ажлын бүх бичиг баримт Цэгмидээр овоглоод өдий хүрсэн. Гэтэл хурууны хээгээр цахим үнэмлэх олгох үед архивт Цэвэгмид гэж овоглогдсон байгаа учир Цэвэгмэдээр овоглож цахим үнэмлэх олгосон. Тийм учир миний бүх бичиг баримт болох хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын газрын үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зэрэг бичиг баримтыг Цэвэгмидийн Баттуяагийнх мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Цэвэгмэдийн Баттуяа нь шүүхэд хандан “Баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Ц.Баттуяа нь 1966 оны 03 дугаар сарын 04-ны өдөр төрсөн байх ба түүнд олгосон 2005 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 0148424 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 071123 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 14376 дугаартай ажлын токарьчины үнэмлэх, төрсний гэрчилгээ, 0481087 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичигдсэн төрсөн регистрийн дугаар, он, сар, өдөр нь иргэний үнэмлэхний регистрийн дугаар, төрсөн он сар өдөртэй зөрүүгүй байх ба эцгийн нэрийг Цэвэгмэд гэхийг Цэгмид гэж дуудлагын хувьд зөрүүтэй бичигдсэн болох нь харагдаж байна.
Иймд Ц.Баттуяагийн тайлбар, гэрч Ц.Нарантуяагийн “... манай аав өөрийнхөө нэрийг Цэвэгмид гэж бичээд Цэгмид гэж дууддаг байсан талаар ярьдаг байсан. Би ч гэсэн аавын нэрний зөрүүнээс болж шүүхээр орж тогтоолгож байсан. Дуудлагаараа Цэгмид гээд биччихдэг юм билээ, бид ч тэрийг нь анзаарахгүй явж байсан байна...” гэсэн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг үндэслэн Цэгмидийн Баттуяагийн 2005 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 0148424 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 071123 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 14376 дугаартай ажлын токарьчины үнэмлэх, төрсний гэрчилгээ, 0481087 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигин овогт Цэвэгмэдийн Баттуяа болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг төрийн санд оруулахаар заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Боржигин овгийн Цэвэгмэдийн Баттуяа /ФА66030467/-ийн 2005 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 0148424 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, 071123 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 14376 дугаартай ажлын токарьчины үнэмлэх, төрсний гэрчилгээ, 0481087 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Цэвэгмэдийн Баттуяа мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА