| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1585/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Н.Анармаа,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дагиймаа
шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.Болормаа
шүүгдэгч Б.М түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж Э.Б-д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Б.М-т тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0000 01676 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Б, 1989 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 62-868 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.М, 1991 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, 21 дүгээр зуун бариа засал, гоо сайхны төвд гоо сайханч ажилтай, Өвөрхангай аймгийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 32-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Э.Б, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Болортуяагийн түрээслэн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгт орж, үрлэн сумтай гар бууг гаргаж хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон Самсунг эс-6 маркийн гар утсыг дээрэмэн авсан гэмт хэрэг,
Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЭмСИЭс Кока кола” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын хооронд түгээгчээр ажиллах хугацаандаа борлуулатын 4,372,120 төгрөгийг компанид тушаалгүй, хувьдаа авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Дээрэм хийхэд ашигласан гэх үрлэн сумтай бууг худалдаж аваагүй, манай хүүхдийн үсний найранд бэлэг болгож хүүхдүүдэд өгөх гэж байсан. Хайрцагтай мөнгөө өгөөч гэж би хэлээгүй” гэв.
Хохирогч “ЭмСиЭс Кока кола” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Дагиймаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай байгууллагад Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 4.372.120 төгрөгийн дутагдал гаргасан. Түүнийгээ одоо болтол төлж барагдуулаагүй байна. Хулгайд алдсан гэж өөрөө хэлдэг, хэрэв тийм бол цагдаад шалгуулах ёстой байсан байх. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хохирогч Ч.Болортуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...эхлээд эрэгтэй хүн орж ирсэн ба ардаас нь эмэгтэй хүн орж ирсэн бөгөөд тэр эмэгтэй нь хаалгыг дотроос нь татаж хаагаад хаалганы наад талд хаалга таглаад зогсож байсан. Харин эхэлж орж ирсэн эрэгтэй нь болохоор хар өнгийн тоглоомон гар буу баруун гар талдаа барьчихсан байсан бөгөөд намайг мөнгөө өг гэж хэлсэн... уг гар буугаа миний нүүрэн тус газар зайнаас тулгаад мөнгөө гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй, өгөхгүй гэж хэлсэн чинь эрэгтэй нь лангууны дотор талаас хайрцагтай мөнгийг гараа оруулаад татаад авсан юм. Уг хайрцаган дотор 10000 орчим төгрөг байсан. Уг мөнгийг авснаа эрэгтэй нь бүхэл мөнгөө өг гэхээр нь би байхгүй гэсэн чинь уг эрэгтэй нь миний баруун гарт байсан шаргал өнгийн Самсунг эс-6 маркийн гар утсыг булааж аваад нөгөө эмэгтэйтэй цуг гараад явсан... эмэгтэй нь орж ирээд ямар үйлдэл хийснийг сайн санахгүй байна. Ямар ч байсан хаалгыг бол хаасан. Мөн хажуунаас нь мөнгөө өгчих гээд л хэлээд байсан. Эрэгтэй нь болохоор малгайгүй, угладаг 2 нүд нь гарсан даавуун маск зүүсэн, саарал өнгийн саравчтай зуны малгайтай, цайвар даавуун маск зүүсэн, сааралдуу өнгийн даавуун цамцтай байсан... уг үйл явдал болсноос 2 цаг орчмын дараа цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөөд байж байхад цагдаагийн алба хаагч нар эрэгтэй, эмэгтэй 2 хүнийг барьчихсан орж ирээд надаар хүн таниулна гээд үзүүлсэн юм. Тэр 2 хүнийг хараад л шууд таньсан... эрэгтэй нь надтай зууралдаж байхдаа гартаа барьж байсан үрлэн сумтай буугаараа нэг удаа хий буудсан....” гэх мэдүүлэг. /хх 11-17/,
Хохирогч Б.Цэнд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түгээгчээр ажилд орсон Э.Бат-Эрдэнэ нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн миний дэлгүүрт байрлах халуун тогооны ресторанд 576.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар 04-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн БР дэлгүүрт 933.840 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг руу явах замд байрлах Хишиг хүнсний дэлгүүрт 2.282.460 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 7 буудлын Бүрэн плаза төвд 355.320 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хүнсний мухлагт 224.500 төгрөгийн нийт 4.372.120 төгрөгийг бараа, бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлсэн боловч компанийн дансанд тушаалгүй хувьдаа завшсан үйлдэл нь тогтоогдсон ба үүнээс хойш ямар нэг төлбөр тооцоо хийлгүй ажлаа хаяад алга болсон... мөнгө нь орж ирээгүй тухайн баримтаар бараа авсан байгууллага, иргэдтэй уулзахаар тооцоо нийлсэн Б-д төлбөр өгсөн болох нь бүрэн тогтоогдсон. Дараа энэ талаар мэдэгдэхэд Бат-Эрдэнэ хүлээн зөвшөөрч төлбөр барагдуулна гэсэн боловч ажлаа орхиод явсан юм... энэ асуудлыг 2018 оны 06 дугаар сарын эхээр тооцоо нийлж тогтоогдсон ба Б нь төлбөрөө төлнө гэж хэлээд төлбөр төлөхийг нь хүлээж хугацаа алдсан байна... тэр 5 айлын хувьд Б 5 айлын мөнгөө мобайлаар санхүү рүү шилжүүлнэ гэж хэлээд тайланд оруулсан байсан ....” гэх мэдүүлэг. /хх 151-152, 173/,
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өнөөдөр цагийг нь сайн санахгүй байна ойролцоогоор 20 цагийн үед яг хаана гэдгийг нт сайн санахгүй байна жуковын тэр хавьд нэг ТҮЦ рүү оръё гээд тэгэхээр нь би хамт орсон. ТҮЦ рүү орж мөнгө зохицуулъя гэж хэлж байсан, би маск малгайтай өдөржин явж байсан... Тэгээд бид хоёр ороод Б энэ бол дээрэм гэж хэлэхэд тэр эмэгтэй өө та юу яриад байгаа юм бэ гэж хэлж байсан. Би мөнгөө өгчихөө гэж хэлсэн. орохдоо Б манай хүүгийн үрлэн сумтай тоглоомон бууг барьсан байсан. Худалдагч эмэгтэй би түрээсийн юм ажиллуулдаг гэж хэлэхэд нь би түрээсийн юм ажиллуулдаг гэж хэлэхэд нь Б гар утсыг нь сандал дээрээс нь шүүрч аваад, нөгөө эмэгтэй нь булаацалдаад байсан... Б угзраад татаад авчихсан...” гэх мэдүүлэг. /хх 23-24/,
Гэрч Ц.Цэлмүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 17-1 цагийн үед байх ЭмСиЭс кока кола ХХК-ийн түгээгч Б 80 авдар жижиг шилтэй ЭмСиЭс ундаа хүргэж ирсэн. Тухайн үед би өөрөө тооцоог нь хийж Б-д 576.000 төгрөгийг тоолж өгч явуулсан...” гэх мэдүүлэг. /хх 137-138/,
Гэрч Ш.Наранбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Борлуулагч бараа бүтээгдэхүүн аваад ирэхэд шууд бэлнээр мөнгийг нь өгсөн... миний хувьд тооцооны мөнгө /355.300 төгрөг/ төлсөн болохоор ЭмСиЭс-д ямар нэгэн төлбөргүй...” гэх мэдүүлэг. /хх 153/,
Гэрч Д.Бадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Борлуулагч бараа бүтээгдэхүүн аваад ирэхэд шууд бэлнээр мөнгийг нь өгдөг. 7 хоногт 1 удаа захиалга аваад хүргэж өгдөг... Захиалгын падаан дээр хүлээн авсан гэдэг дээр нь Д.Бадрах гээд би өөрөө хүлээн авсан юм байна. Ингээд гарын үсэг зурсан л бол тооцоо дууссан гэсэн үг... манайхаас ямар нэгэн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг. /хх 157/,
Гэрч Ц.Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 21 цаг 46 минутанд 2.282.460 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Тэр борлуулагч нь өөрийнхөө дансанд хүлээж авсан... эхнэр Өлзийжаргалын дансаар түгээгч Бат-Эрдэнийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулгыг авч ирлээ. Энэ хуулга дээр тооцоогоо хийсэн нь харагдана...” гэх мэдүүлэг. /хх 158/,
Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бид гэртээ байж байгаад мөнгө олох хэрэгтэй байсан учраас ТҮЦ орж дээрэм хийе гэж ярилцаад хамт гарсан юм... Бид 2 жуков руу яваад нэг ТҮЦ-ний хажууд нэлээн байж байгаад ер нь болих гэснээ шууд орохоор шийдээд ногоон эрээн өнгийн хоёр нүд гарсан маск өмсөөд, М болохоор цагаан өнгийн маск зүүгээд хамт орсон. Тэгээд Мөнхболор ТҮЦ-ний хаалгыг дотроос нь дараад би Баянзүрх захаас 2018 оны 08 сард худалдаж авсан үрлэн сумтай хар өнгийн тоглоомон гар бууг гаргаад дээрэм хийж байна, өнөөдрийн орлогоо гаргаж ир гэхэд орлого ороогүй надад мөнгө алга би түрээслээд удаагүй гэхээр нь лангуугаар нь тонгойгоод харахад цаасан хайрцагтай мөнгөнүүд байхаар нь аваад лангуун дээр гаргаж ирэхэд 100, 500 төгрөг байсан учраас их мөнгө биш байна гэж бодоод мөнгийг нь авахаа болиод бүхэл мөнгөө гаргаад ир гэхэд байхгүй гэсэн. Тэгээд гарах гэтэл Самсунг маркийн утас харагдахаар нь шууд аваад гарахын өмнө кодтой байна уу үгүй юу гэдгийг нь шалгахад кодгүй байхаар нь аваад бид гарч гүйгээд гэртээ очсон. Тэгээд өмссөн байсан хувцсаа бид 2 сольж өмсөөд дахин гарч сансар орсон. Тэгээд гар утсыг ломбарданд тавих гэж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх 60-61/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 2-5/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 8/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /хх 29-30/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн лаборторын шинжээчийн дүгнэлт /хх 35-37/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх 109/, шүүгдэгч Э.Б-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх 119-125/, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх 126-134/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 86, 88/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх 75, 85/, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-126-134/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Э.Б, Б.М нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ч.Болортуяагийн түрээслэн ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэгт орж, үрлэн сумтай гар бууг гаргаж хүч хэрэглэхээр заналхийлж, довтлон Самсунг эс-6 маркийн гар утсыг дээрэмэн авсан болох нь
Хохирогч Ч.Болортуяагийн: “...эхлээд эрэгтэй хүн орж ирсэн ба ардаас нь эмэгтэй хүн орж ирсэн бөгөөд тэр эмэгтэй нь хаалгыг дотроос нь татаж хаагаад хаалганы наад талд хаалга таглаад зогсож байсан. Харин эхэлж орж ирсэн эрэгтэй нь болохоор хар өнгийн тоглоомон гар буу баруун гар талдаа барьчихсан байсан бөгөөд намайг мөнгөө өг гэж хэлсэн... уг гар буугаа миний нүүрэн тус газар зайнаас тулгаад мөнгөө гаргаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй, өгөхгүй гэж хэлсэн чинь эрэгтэй нь лангууны дотор талаас хайрцагтай мөнгийг гараа оруулаад татаад авсан юм. Уг хайрцаган дотор 10000 орчим төгрөг байсан. Уг мөнгийг авснаа эрэгтэй нь бүхэл мөнгөө өг гэхээр нь би байхгүй гэсэн чинь уг эрэгтэй нь миний баруун гарт байсан шаргал өнгийн Самсунг эс-6 маркийн гар утсыг булааж аваад нөгөө эмэгтэйтэй цуг гараад явсан...” гэсэн мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Галт зэвсгийн лаборторын шинжээчийн дүгнэлт /хх 35-37/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6/, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх 8/, шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр,
Шүүгдэгч Э.Б нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ЭмСИЭс Кока кола” ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын хооронд түгээгчээр ажиллах хугацаандаа борлуулатын 4372120 төгрөгийг компанид тушаалгүй, хувьдаа авч завшсан нь болох нь
Хохирогч Б.Цэндийн “...2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр түгээгчээр ажилд орсон Э.Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн миний дэлгүүрт байрлах халуун тогооны ресторанд 576.000 төгрөгийн, 2018 оны 05 дугаар 04-ний өдөр Хөдөө аж ахуйн их сургуулийн БР дэлгүүрт 933.840 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг руу явах замд байрлах Хишиг хүнсний дэлгүүрт 2.282.460 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 7 буудлын Бүрэн плаза төвд 355.320 төгрөгийн, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны хүнсний мухлагт 224.500 төгрөгийн нийт 4.372.120 төгрөгийг бараа, бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлсэн боловч компанийн дансанд тушаалгүй... үүнээс хойш ямар нэг төлбөр тооцоо хийлгүй ажлаа хаяад алга болсон...” гэсэн мэдүүлэг, авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-126-134/, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.
Прокуророос шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг,
бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б-ээс бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 4.372.120 төгрөгийг гаргуулж ЭмСиЭс кока кола ХХК-д олгож,
шүүгдэгч Э.Б, Б.М нар нь дээрэмдэх гэмт хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б, Б.М нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М, Э.Б нарт дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр,
Шүүгдэгч Э.Б-д эд хөрөнгө завших болон дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хуульд зааснаар нэмж нэгтгэн, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тоглоомон гар буу 1 ширхэг, ууттай үрлэн сум, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, ногоон алаг амны хаалт 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэс эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Б-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг,
Мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших гэмт хэрэг,
Б.М-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Б, Б.М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Б-ийн бүгд биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-ын урьд цагдан хоригдсон 7 /долоо/ хоног, Э.Б-ийн урьд цагдан хоригдсон 86 /наян зургаа/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М, Э.Б нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тоглоомон буу 1 ширхэг, ууттай үрлэн сум, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, ногоон алаг амны хаалт 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтэс эд мөрийн баримт устгах комисст даалгаж, энэ битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ээс 4.372.120 / дөрвөн сая гурван зуун далан хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж, “ЭмСиЭс кока кола” ХХК-д олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б, Б.М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР