Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 37

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

    2018        12          27                                 2019/ШЦТ/37  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Ганбулган,   

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Орчуулагч Ц.Оргилбаатар,

Хохирогч Н.Дэлгэрцэцэг,

Шүүгдэгч Р.П, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Пд холбогдох эрүүгийн 1806 08312 2124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Австри улсын иргэн, 1970 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Австри улсын Доронберн хотод төрсөн 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Монгол Улсын Багшийн Их сургуулийн Монгол хэлний 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын 1-14 тоотод оршин суух, Монгол Улсад урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Австри улсын иргэн Р.П, паспортын дугаар: U1054196

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.П нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 8 тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Н.Дэлгэрцэцэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08312 2124 дүгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 

Хохирогч Н.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 10 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул булаг 8 тоотод өөрийн хамтран амьдарч байгаа Монгол улсад түр оршин сууж байгаа Австри улсын иргэн П овогтой Р.П зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан. Тухайн үед 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Р.П надаар Австри улс руу илгээмж явуулсан ба төлбөр 76,000 төгрөгийг би төлсөн.  Тухайн өдөр би Р.Пгээс илгээмж явуулсан мөнгөө авах гэхэд надад өгөхгүй гэхээр нь би наад мөнгөөр чинь би хүүдээ гутал авч өгөх хэрэгтэй байна гэхэд Р.П би чамд мөнгө өгөхгүй гээд миний үгийг үл тоосон байдалтай хашаан дотор ажил хийгээд яваад байхаар араас нь дагаад би чамаас мөнгө авах гээгүй өөрийн төлсөн мөнгө авах гэж байна гээд бид хоёр маргалдсан. Р.П хашааны баруун талд байдаг авто машины граш руу яваад орохоор нь би араас нь орж мөнгө нэхэхэд гэнэт уурлаад Р.П миний баруун гарын хурууг гараараа хойшоо мушгиж дарахаар нь би гараа мултлах гээд хойшоо биеэрээ гэдийхэд миний баруун, зүүн хөлрүү өшиглөөд би чамд мөнгө өгөхгүй гээд намайг доош дараад миний толгой хэсэг рүү гараараа цохиж зүүн талын шанаа хэсгийн үснээс зулгаагаад, зодож байгаад өөрөө гараад явахаар нь босоод гэрлүү орсон.  Тэгэхэд би чамд мөнгө өгөхгүй гэж хэлээд миний толгой хэсэгт дахин 5-6 удаа цохиод гэрээс гараад явахаар нь би өөрийн төрсөн эгч Номинцэцэг рүү утсаар залгаад болсон явдлыг хэлсэн чинь эгч цагдаа дуудсан. Би 2008 онд Баянзүрх дүүргийн Цэргийн хотхоны хажууд Христын сүмд явж байгаад анх харсан түүнээс хойш Р.П Монголд ирэхдээ чат бичдэг байсан. Ингээд харилцаа үүсгээд 2014 онд Р.П Монголд 3 сарын хугацаатай ирэхэд хамт байж эхэлсэн түүнээс хойш Р.П Монголд ирэн очин байдаг. Энд ирэхээр нь хамт байх болсон. Бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй харин миний хүү болох Энхбилгүүн /3/ настай хүү хамт амьдардаг байсан. Би өөрийн хүслээр хамт амьдардаг байсан. Бид хоёр дотно харилцаатай байсан. Грашид намайг зодоод гарахад гадаа манаач Бизъяасүрэн гэх хүн хараад Р.П та яагаад хүн зодоод байгаа юм болиоч гэж хэлж байсан. Миний толгой байнга өвдөж байгаа. Хэвлий хэсгээр өвдөж байна. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгсөн.

Миний биед гарсан зүүн чамархайн хуйханд учирсан гэмтлийг Р.П грашд, миний толгойн зүүн талын үснээс зулгааж энэ гэмтлийг учруулсан, харин баруун гарын хуруу, зүүн бугалганд учирсан зөөлөн эдийн няцралыг болохоор, бас грашд миний баруун гарыг мушгиж эргүүлэхэд энэ гэмтэл учирсан, хамрын нуруу, баруу, баруун гарын хуруунд учирсан зулгаралтыг бас грашд гараараа цохиж учруулсан..., Миний толгойн зүүн талын хуйх хэсэгт 4 харьцах 8 хэмжээтэй үс унасан гэж шүүх эмнэлэгт үзүүлэхэд хэлж байсан. Тийм болохоор би хуйхны эмчилгээ хийлгэхэд заавал Солонгос улсад эмчилдэг гэсэн. Би Аригу сүү гэх хувийн эмнэлэгт үзүүлсэн тэгэхдээ надад үзүүлсэн баримт байхгүй би асуухад Монгол мөнгөөр 11 сая төгрөг болно гэж байсан. Тийм болохоор би эмчилгээний зардал 11 сая төгрөг нэхэмжилж байна. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй зүгээр тос авсан баримт байгаа. Би нэхэмжилж байгаа зүйлээ авчихвал гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 69/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул булаг 8 тоот хашаанд байдаг авто грашын дотор талыг харуулсан 3 дугаар камерын бичлэгт үзлэг хийхэд нийт дүрс бичлэгийн зүүн талын булан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэсэн он cap гарах бах тухайн бичлэг нь өглөөний 06 цаг 58 минутаас бичлэг эхлэх ба грашын дотор талд хураасан машины дугуй, болон мотоциклууд харагдан тухайн ба гаднаас ямар нэгэн хөдөлгөөн илрээгүй хүн орж ирээгүй бичлэг явсаар 10 цаг 26 минут 22, гаднаас Авсрти улсын иргэн Р.П ажлын хувцастай гартаа нөөтбүүк барьчихсан орж ирээд шатаар дээш гарна. Харин 10 цаг 26 минут 26 секундэд, хохирогч н.Дэлгэрцэцэг араас нь орж ирж шатаар гарч байх ба 10 цаг 27 минут 32 секундэд Р.П нь шатаар бууж хохирогчийн үснээс татаж газар унагаж толгой хэсэгт гараараа дарж байгаа 20 секундийн бичлэг бичигдсэн байх ба өөр хэрэгт ач холбогдолтой дүрс бичлэг бичигдээгүй байсан тул үзлэгийг дуусгав гэх тэмдэглэл /хх-ийн 76/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11959 дугаартай:

Н.Дэлгэрцэцэгийн биед зүүн чамархайн хуйх, баруун гарын хуруу, баруун, зүүн бугалганд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун гарын хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,  

 

Шүүгдэгч Р.Пмөрдөн байцаалтад өгсөн:

Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өглөө хохирогч Н.Дэлгэрцэцэг надаас шалтгаангүй мөнгө нэхээд байхаар нь би өгөхгүй гэсэн чинь Н.Дэлгэрцэцэг гэрлүү орж миний нөөтбүүк, банкны картыг аваад би зарж мөнгө болгоно гэхээр нь би Н.Дэлгэрцэцэгээс эд зүйлээ булааж аваад би грашын хоёр давхарт байдаг ажлын өрөөнд хийгээд буцаж шатаар доошоо граш луу буухад хохирогч Н.Дэлгэрцэцэг миний зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би грашын нэг давхарт хохирогч Н.Дэлгэрцэцэгийн үснээс татаж газар унагаад газар толгой хэсэгт нь гараараа дарсан. Тэгэхэд хохирогчийн биед учирсан гэмтлүүд учирсан. Хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг би учирлуулсан. Тухайн үед би уурандаа, хохирогч Н.Дэлгэрцэцгийн биед гэмтэл учирлуулсандаа харамсаж байна. Би хохирогч Н.Дэлгэрцэцэгт албан баримттай эмчилгээний зардал мөнгө төлөхөд татгалзах зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна миний буруу, би хохирогч НДэлгэрцэцэгийн биед санаатай гэмтэл учируулсан гэж бодоогүй. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

 

-хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5/,

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 8/,

-шүүгдэгч Р.Пхохирогчийн эгчтэй харилцсан чатны хуулбар /хх-ийн 48-57/,

-Р.Ппаспортын хуулбар /хх-41-43/, гадаадын иргэний талаар интерполын үндэсний товчоонд мэдэгдэх тэмдэглэл /хх-ийн 45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, Р.Поршин суугаа хорооны тодорхойлолот, Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар /хх-ийн 77-79/,

-хохирогчийн биед учирсан гэмтлийн гэх гэрэл зураг /хх-ийн 80-81/,

-хохирогчийн эмчилгээ хийлгэсэн гэх баримтууд /хх-ийн 82, 88-94/   зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Р.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Хохирогч Н.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Р.П нар нь өөрсдийн сайн дурын харилцааны үндсэн дээр хамтран амьдарч байсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хамтран амьдрагч хүн нь өөрийн хамтран амьдрагч хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамаатуулж тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч Р.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Р.Пгэр бүлийн харилцаатай хамтран амьдрагч Н.Дэлгэрцэцэгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 474.701 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба хохирогчийн нэхэмжилсэн хавтаст хэргийн 90 дүгээр талд байх шатахуун худалдан авсан гэх 199.821 төгрөгийн баримт, тоглоом худалдан авсан гэх 45.000 төгрөгийн баримтуудтай нэхэмжлэлийг тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан хохирол биш учир хүчингүй болгов. Харин хохирогч нь үсний эмчилгээ хийлгэх учир 11.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байгаа боловч холбогдох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Р.П нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 0000100900005406 дугаартай Төрийн сан банкны дансанд 625.600 төгрөгийг байршуулсан байх тул хохиролд тооцсон 474.701 төгрөгийг үүнээс гаргуулж үлдэх 150.899 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.П нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туул булгийн 8  тоотод байрлах грашийн камерийн бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаа тогтоож төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн ашиг сонирхол, өөрийн биед амар, хялбар аргаар амьдрах гэсэн үзэл санаа нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Р.П нь суралцахаар Монгол Улсад хувийн хэргээр оршин суух визтэй ирсэн гадаадын иргэн байх ба тэрээр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх үүргийг биелүүлэлгүйгээр Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ Монгол Улсын эрх ашиг, тус улсын иргэний болон бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харш үйлдэл хийх, ...үндэсний, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгал, хүчирхийллийн аливаа хэлбэр, садар самуун, мансууруулах бодисыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хэрэглэхийг хориглосон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна.

 

Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан холбогдох ажиллагаануудыг ШШГБайгууллага, Прокурорын байгууллага, Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Хил хамгаалах байгууллага болон Цагдаагийн байгууллагууд хийж хэрэгжүүлэх нь зүйтэй байх учир шүүхийн шийдвэрийн хувийг холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Р.Пг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэрэгт хадгалсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Пгын тус шүүхийн барьцааны дансанд байршуулсан 625.600 төгрөгөөс 474.701 төгрөгийг хохиролд тооцон гаргуулж хохирогч Н.Дэлгэрцэцэгт олгож, үлдэх 150.899 төгрөгийг шүүгдэгч Р.Пд буцаан олгож, хохирогчийн нэмэжлэлийн 244.821 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Пд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ