Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2016/00671/И |
Дугаар | 142/ШШ2016/00832 |
Огноо | 2016-06-15 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/00832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг үйлчилгээний төв “Ариранг фамили” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-15-21 тоотод оршин суух Шакенайгийн Айнагуль /БВ63021303/-д холбогдох
“601 720 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ш.Айнагуль нь 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компанитай хүлээн авалт зохион байгуулахаар гэрээ байгуулан 2016 оны 01 сарын 02-ны өдөр үйл ажиллагаа явуулсан болно. Гэрээний нийт үнийн дүн 1 462 500 төгрөг болсон ба үүнээс 963 500 төгрөгийг төлөөд үлдэгдэл мөнгийг одоог хүртэл төлөөгүй болно. Бид удаа дараа утсаар ярьж төлбөрөө төлөхийг шаардсан боловч одоог хүртэл төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд манай компани иргэн Ш.Айнагулиас гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээний дагуух алдангийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Анх 60 хүн ирнэ гэж гэсэн боловч 75 хүн ирсэн, нэг хүний хоол 19 500 төгрөгөөр гардаг, тухайн үедээ Ш.Айнагуль нь өөрөө зөвшөөрөөд гэрээгээ хийгээд гарын үсгээ зурсан байна. Иймд: гэрээний үлдэгдэл төлбөр 490 000 төгрөг, алданги 111 720 төгрөг, нийт 601 720 төгрөгийг иргэн Айнагулиас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.Айнагуль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн “Ариранг фамили” ресторанд миний бие Ш.Айнагуль 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ач хүүгийнхээ цайллагыг зохион байгуулахаар гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулсан болно. Захирал менежер нартай нь ярилцаж гэрээн дээр 1 100 000 төгрөгөөр тохирсон боловч менежер нь ирсэн хүмүүсээс илүү хоол гаргасан байсан. Тухайн үед бэлнээр 963 500 төгрөг төлсөн. Илүү гарсан хоолны тооцоог 499 000 төгрөгийг төлж барагдуул гэсэн. Ш.Айнагуль миний бие өвдөж Улаанбаатар хотод эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн ба одоо хагалгаанд орох гэж байгаа, мөн цалингийн зээлтэй, хувь хүнээс мөнгө зээлсэн тийм учраас 2016 оны 10 сарын 20-ны өдөр үлдэгдэл 490 000 төгрөгийг төлж барагдуулна. Алданги гэж нэхэмжлээд байгаа 111 720 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ариранг фамили” ХХК нь хариуцагч Ш.Айнагульд холбогдуулан “601 720 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч нэхэмжлэлээс 490 000 төгрөгийн хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, алданги 111 720 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Ш.Айнагуль нь “Ариранг фамили” ХХК-тай гэрээ байгуулан 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авалтын үйл ажиллагаа зохион байгуулан, нэхэмжлэгчид 963 500 төгрөгийг төлөөд 499 000 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй.
Хэргийн 4 дүгээр хуудсанд “хүлээн авалт зохион байгуулах гэрээ” нэртэй хуульд нэрлэгдээгүй гэрээнд, нэхэмжлэгч хариуцагч нар харилцан гарын үсэг зурсан байх ба энэ гэрээний талаар зохигчид маргаагүй, гэрээний 2.1-д “үйлчлүүлэгч тал нь захиалга өгч гэрээ хийсэн өдрөө гэрээний үнийн дүнгийн 50%-ын урьдчилгаа төлбөрийг төлөх ба үлдэгдэл төлбөрийг баярын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хийж дуусгасан байна. Төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,2 хувийн алданги төлнө” гэж заажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэсэн байна.
Ш.Айнагуль нь төлбөрийн үлдэгдэл 490 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч хүү 111 720 төгрөгийг, эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэж эмчлүүлсэн, одоо хагалгаанд орох гэж байгаа, мөн цалингийн зээлтэй, хувь хүнээс мөнгө зээлсэн гэдэг үндэслэлээр татгалзаж буй нь үндэслэлгүй бөгөөд “хүлээн авалт зохион байгуулах гэрээ”-ний 2.1-д зааснаар алдангийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.
490 000 төгрөгийн өдрийн 0,2 хувийн алданги, 980 төгрөг болох бөгөөд, үүнийг 107 хоногоор үржүүлэхээр 104 860 төгрөг болж байна, үүн дээр гэрээний үлдэгдэл төлбөр 490 000 төгрөгийг нэмэхээр 594 860 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 6 860 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 18 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ш.Айнагулиэс 594 860 төгрөг гаргуулан “Ариранг фамили” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 6 860 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 18 700 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 18 496 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА