Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

     2019       01         03                                   2019/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Намуун,   

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Хохирогч Д.Ганбаатар,

Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Д.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08028 1756 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ж.Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "И-март" худалдааны төвийн урд байрлах автомашины зогсоол дээр машин шүргэлцсэнээс болж иргэн Д.Ганбаатартай маргалдан улмаар гарыг нь дарсанаас Д.Ганбаатарын зүүн гарын ядам хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08028 1756 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

 Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Д.Ганбаатарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр И март худалдааны төвийн авто зогсоол дээр цагаан өнгийн Тоёота Раум маркийн автомашинтай залуу миний машиныг шүргэчхээд цаашаа яваад өгсөн. Би машиныхаа аваарыг татаад унтраачхаад нөгөө машины араас гүйж очоод жолоочийн эсрэг талын хаалганы цонхоор чи машин шүргэчхээд явчихлаа шүү дээ зогсож бай гэхэд тэр залуу юм хэлэхгүй машинаа хөдөлгөөд яваад байсан. Шилээ буулгачихсан байсан хаалган дээр нь гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тэр жолооч залуу зайл пизда ална шүү гэж хэлээд машинаа хөдөлгөөд яваад байсан. Тэгэхээр нь би машиных нь урд копудан дээр нь гараа дараад зогсоосон. Тэгтэл тэр залуу бууж ирээд алаад хаячихъя муу пизда минь гээд шууд заамдаад авсан. Би зөрүүлээд заамдсан. Тэр залуу чамайг алаад хаячихъя пизда минь гээд орилоод байсан. Чи миний машиныг шүргэчхээд зогсоод уучлалт гуйж болдоггүй юм уу гэхэд цагдаа ч намайг зогсоодоггүй юм. Чи муу намайг зогсоодог хэн бэ гээд дайраад байсан. Би босоо захтай куртиктэй явсан. Намайг боох гээд 2 тийш болгоод байхаар нь би гарыг нь дагуулаад байж байхад тэр залуу баруун гараараа миний зүүн гарыг дарахад гар маш их өвдөөд би тэр залууд чи миний гарыг эвгүй болгочихлоо гэж хэлсэн. Би гар өвдөхийн эрхэнд баруун гараараа тэр залуугийн футболкноос татаж урсан. Тухайн үед хажууд байсан 2 залуу бид хоёрыг салгасан. Тэр 2 залуу ч тэр залууд чи хүний гарыг хугалчхаж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэр үед миний зүүн гарын ядам хуруу хойшоо бүр нугараад гараад ирчихсэн байхыг тэр залуу ч өөрөө харсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дугаар хуудас/,

 

Гэрч П.Аленагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн үед И март дэлгүүрээс нөхөр хүүхдүүдийн хамт гараад зогсоолд тавьсан машиндаа суугаад грашаас гараад Скай, И март хоёрын дунд байх гадна зогсоолд жижиг гүүр чиглэлд явж байтал зүүн гар талаас нэг машин ирээд манай машинтай нилээн ойрхон дөхөөд зогссон. Тэр үед түгжрэл ихтэй байсан. Манай машиныг хөдлөхөд тэр машин ч давхар хөдлөөд хальт шүргэсэн. Манай нөхөр чигээрээ явсан. Явж байхад нэг эрэгтэй ирээд зүүн талын урд хаалгыг онгойлоод манай нөхөрт хандаж чи машинаасаа буугаад ир гэж орилж хэлсэн. Манай нөхөр хаалгаа хаа гэж хэлхэд тэр хүн сонсоогүй манай нөхрийг боогоод алгадсан. Манай нөхөр уурлаад буугаад тэр 2 уулзсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12000 дугаартай

Д.Ганбаатарын биед зүүн гарын ядам хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн 4-р хуруу алганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ганбаатар гэдэг хүний хурууг санаатай хугалсан гэж бичсэн байна, би санаатай хурууг нь гэмтээсэн асуудал байхгүй.

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Скай, И март худалдааны төв хоёрын хооронд байрлах автомашины зогсоол дээр би өөрийн эзэмшлийн тоёото раум маркийн автомашинтай эхнэр, 2 нялх хүүхдийн хамт явж байхад нэг машинтай эрэгтэй хүн хажуунаас тулж ирээд зогсонгуут би урд нь явж байгаа юм чинь хөдлөөд явсан. Тэгтэл тэр машин хүлээж чадахгүй зэрэг хөдлөөд миний машины хажуунаас шүргэсэн. Би тухайн үед нээх сүртэй юм биш байх гэж бодоод юу ч хэлэхгүй хөдлөөд явсан. Тэгтэл нөгөө машины жолооч хойноос гүйж ирээд миний зүүн талын хаалгыг онгойлгоод чи наашаа буугаад ир гээд миний уруулны доор самардсан. Манай эхнэр, хүүхдүүд машины арын суудал дээр сууж байсан. Эхнэр, хүүхдүүд айхаар нь би тэр хүнд машины хаалга үүд хаачихаа би явъя гэж хэлэхэд буу гээд байхаар нь би машинаасаа буугаад нөгөө талын хаалгыг хаах санаатай өөрийнхөө машины урд ирэхэд тэр залуу миний өөдөөс угтаад уулзсан. Тэр залуу намайг эхлээд заамдаад тухайн үед өмсөж явсан фудволкийг урсан. Тэгээд намайг тавихгүй байхаар нь би зүүн гараараа намайг заамдчихсан байсан тэр хүний баруун гарыг барьсан. Баруун гараараа тэр хүний зүүн гарыг цааш нь түлхэхэд тэр хүний зүүн гарны ядам хуруу мурийчихсан. Тухайн үед хажууд байсан машины жолооч ирж салгасан. Тэгээд цагдаа дээр ирсэн. Тухайн үед миний хүзүү улайсан, хумснууд шигдсэн байна гэж байсан. Уруулын доор самардсэн, баруун гарын булчин хөхөрсөн байсан. Тухайн үед ийм гэмтэл учирсан. Би автомашины зогсоол дээр цаашаа жижиг гүүрлүү явдаг чигрүү хөдөлгөөнд оролцож явсан. Түгжрээтэй байсан. Урд машинууд зогсож байсан. Би тэр хүнийг зодож хүчирхийлээгүй. Тэр хүний үйлдлийг зогсоох оролдлого хийсний улмаас өөрөө хуруугаа хугалсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 2-3/,

-ШШҮХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12002 дугаартай Ж.Бийн биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-ийн 15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: шүүгдэгч Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21, 23/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Ж.Бийн бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар гаргаж байгаа дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал, хэргийн оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Ж.Бийн Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлээ зөв гэж үзсэн үзэл санаа, бусдад дээрэнгүй хандаж байгаа хандлага, хохирогчийн зүй ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл шууд нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч нь И март худалдааны төвийн грашаас гарч зорчих хэсгийн хөвөөгөөр байрлан замын хөдөлгөөний урсгал сөрөн явж Скай худалдааны төвийн хойд талд байрлах зогсоолд орох үед замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогчийн тээврийн хэрэгсэлийг шүргэсэн нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хохирогч нь нотлох баримтаар хохирол нэхэмжлсэн талаар хавтаст хэрэгт байхгүй, тэрээр нэхэмжлэх зүйлгүй, хуулийн дагуу шийдвэрлүүлэх саналтай байна гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Д.Ганбаатар нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Ж.Б нь уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ганбаатар нь хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ж.Бээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ