Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 51

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Уламбаяр,

улсын яллагч И.Ариунсанаа,

Хохирогч Х.Яруу

шүүгдэгч Г.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж Г.Ц-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0869 21896 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Г.Ц, 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 6-160 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, 

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандей худалдааны төвийн иргэн Х.Яруугийн 1062 дугаартай лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа бараа дутааж буюу 2.216.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тооллого хийхэд 2,216,000 төгрөгийн барааны үнэ дутагдсан нь үнэн. Тухайн хугацаанд би 846,000 төгрөгийг хэрэглсэн юм. Бусад мөнгө яагаад дутсаныг би сайн мэдэхгүй байна. Ойр зуурын хэрэглээнд дутагдсан байх. Би төлбөрийг ойрын хугацаанд төлж барагдуулна. Хохирогч 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна, би цагаан сарын өмнө төлж барагдуулна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч Х.Яруу шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний өөрийн хийсэн тооллогоор 2.216.000 төгрөгийн бараа дутсан надад ажил явдал гарсан гээд мөнгө авсан байдлаа үнэн зөвөөр хэлж байгааг би ойлгож байна. 3 сард ажлаас гараад надтай дахиж уулзаагүй. Би дутагдуулсан барааны өөрийн өртөг болох 1.200.000 төгрөг дээр нь үнэлгээ хийлгэсэн 300.000 төгрөгийг нэмээд нийт 1.500.000 төгрөгийг Цэвэлмаагаас нэхэмжилж байна. Энэ төлбөрийг төлбөл би заавал 2.216.000 төгрөгийг авна гэж хэлэхгүй. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү”  гэв.

              Хохирогч Х.Яруу мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сандей Плаза худалдааны төвд лангуу ажиллуулдаг бөгөөд манайх гар утасны зардаг юм. 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Г.Ц 1062 дугаартай лангуунд худалдагчаар ажилд орсон бөгөөд түүнээс хойш хэвийн ажиллаж байсан. 2018 оны 02 дугар сарын 08-ны өдөр Г.Ц-тай тооллого хийгээд түүний дараа 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орчимд дахин тооллого хийхэд тооллогоор 2.216.000 төгрөгийн бараа дутсан бөгөөд дутсан барааны жагсаалтыг өргөдлөө хавсаргасан уг жалсаалтын доор Г.Ц нь 2.216.600 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн гэж өөрөө гараараа бичсэн байгаа. Г.Ц-аас би тухайн үед дээрх мөнгийг хэрхсэн талаар асуухад би мөнгийг нь ажил явдал гараад хэрэглэсэн, мөн сар шинийн баяр гээд өөрөө ашиглаад хэрэглэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-06/,

              Гэрч Э.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2018 оны 03 дугаар сарын сүүлээр манай эхнэр ажлаасаа гарсан бөгөөд яагаад ажлаасаа гарсан юм бэ гэж асуухад 1.200.000 төгрөгийн өртэй гарсан, өр гараад ажлаасаа гарсан гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-10/,

              Хөлсөөр ажиллуулах гэрээ /хх 11-13/, Аудитын тайлан /хх 18-20/ Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, Оршин суугаа газрын тодорхойлолот /хх-23/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-31/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

              Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сандей худалдааны төвийн иргэн Х.Яруугийн 1062 дугаартай лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа бараа дутааж буюу 2.216.000 төгрөгийг завшсан болох нь

              Хохирогч Х.Яруугийн: “Миний өөрийн хийсэн тооллогоор 2.216.000 төгрөгийн бараа дутсан надад ажил явдал гарсан гээд мөнгө авсан байдлаа үнэн зөвөөр хэлж байгааг би ойлгож байна. ...нийт 1.500.000 төгрөгийг Цэвэлмаагаас нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, аудитын тайлан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Прокуророос Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

              Иймд шүүгдэгч Г.Ц-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

              Хохирогч Х.Яруу нь гэм буруутай этгээдээс 1.500.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн бөгөөд шүүгдэгч Г.Цэвэлмаа нь уг төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн ба шүүх түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Ц-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Ц-аас нийт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Х.Ярууд олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ц-аад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР