Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00825

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо консул 20-р гудамж 544 тоотод оршин суух Хонгор овгийн Жалавын Даншигбизъяа /ФМ60031615/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороо Г-2 тоотод оршин суух, Хотгойд овгийн Мижиддоржийн Болор-Эрдэнэ /ФМ84082114/-д холбогдох

“Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч М.Болор-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Даншигбизъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 онд Орхон аймаг Хүрэнбулаг багийн нутагт 270м2 талбай бүхий газрыг аваад 200 м2 талбай бүхий 2 давхар,8 өрөө бүхий хувийн орон сууцыг 51-ын зузаантай тоосгон хана,10-ын зузаантай дулаалгын хөөсөөр барьсан. Хашаагаа цэвэр банзаар барьж 2 машины тоосгон гаражтай. Эндээ 2014-11-14-ны өдөр хүртэл амьдарч байгаад М.Болор-Эрдэнэд 250.0 сая төгрөгөөр зарна гэж зар өгч байгаад 200 000 000 саяд зарсан. Тухайн үедээ М.Болор-Эрдэнэ 90,0 сая төгрөг өгөөд үлдэх 110.0 сая төгрөгийг нь 2015 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн төлж дуусгах. Үүн дээр гал тогооны тавилгын 2.0 сая төгрөгийг мөн өгөхөөр тохиролцсон боловч 2016 оны 2-р сард 2.0 сая төгрөгийг өгсөн. Нэгэнт 200.0 сая төгрөгөөр орон байрыг маань авчихаад мөнгөө өгнө гэсэн үедээ өгөхгүй хохироож байгаа тул дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өгсөн авснаа буцаах зайлшгүй шаардлагатай байна. Анхнаасаа намайг хууран мэхлэж 200,0 сая төгрөгийн үнэтэй байрыг 30,0 сая гэж гэрээн дээр худлаа бичүүлж татварын албаны байцаагчид өгнө гэж надаас 1,0 сая төгрөгийг тухайн үедээ авч давхар намайг хохироосон. Хэн ч бодвоос манай сууц шиг байр 30 000 000 төгрөгийн үнэтэй байхгүй. Хамгийн гол нь гэрээг Болор-Эрдэнэ өөрсдөө бичиж өөрсдөө наториатаар батлуулсан.Тэд арын хаалга хэрэглээгүй бол ямар ч наториатч гэрээг батлахгүй шүү дээ. М.Болор-Эрдэнэ миний шаардлагыг зөвшөөрөхгүй бол наториатын үйлдлийг хүчингүй болгуулах болно. Иймд: 2014-11-14-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хороолол Г-ын 02 тоот хувийн сууц, газар худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож дээрх газар сууцыг нэхэмжлэгч миний нэр дээр Улсын бүртгэлд бүртгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ж.Даншигбизъяа надад холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11-р хорооллын Г-02 тоот хувийн орон сууц газар худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох, дээрх газар орон сууцыг нэхэмжлэгч миний нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд: Миний бие Болор-Эрдэнэ нь 2014 оны 10 сарын эхээр Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р хороололд хувийн орон сууцыг үзэхэд баригдсан байр нь 2 давхар боловч нийт 168 м2 талбайтай 1 давхарыг нь хагас дутуу засварласан. Шал дутуу тавигдсан. Дулааны шугам ирсэн боловч 1 дүгээр давхартаа гуравхан ширхэг халаагууртай байсныг бид бүх өрөөг халаагууртай болгож иж бүрэн холболтоор 2 давхарыг дулаан оруулж шат, шатны хашлага, өрөөнүүдийн хоорондох хана өрсөн дээвэр дулаалан тохижуулсан. 2 давхар нь зөвхөн гадна хана /00-н өрөөний ханатай/ тоосгоор өрсөн ямар ч тохижилт хийгдээгүй, өрөө тасалгааны төлөвлөлт хийгдээгүй, шалгүй, майхан дээврийн дотор тал нь ил нүцгэн байр байсан. 2 давхар луу гардаг шат гэдэг нь ерөнхий чиг гарган холбосон шороо нь бужигнасан цутгалтын ямар ч шаардлага хангахааргүй холбоос шороо байсныг бид шинээр цутган өнгөлгөөг өндөр үнэ бүхий модоор бүрж шат хийн бүр өрөө тасалгаа гарган тохижуулж байрны төлөв байдалд оруулсан. Эдгээр засвар тохижилтын ажилд миний бие 150 000 000 орчим төгрөгийн зардлыг гаргаж тохижилт засвар үйлчилгээ хийсэн. Гэтэл нэхэмжлэгч Ж.Даншигбизъяа нь одоо энэхүү орон сууцыг худалдсан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх ба үүний үндэслэл нь дээрх хэлцэлийг хийх үед Ж.Даншигбизъяа нь эхнэр Ц.Дуламсүрэнгийн хамт эхлээд бэлэглэлийн гэрээ хийе “Есөн эрдэнэ” дээр таньдаг нотариатч байгаа гээд намайг дагуулж явсан ба очтол тус нотариат дээр настай эрэгтэй хөгшин хүн байсан. Тэгтэл Ц.Дуламсүрэн гуай таньдаг хүн маань утсаар яриадхий гэж ярьж байснаа тэнд байсан эрэгтэй хүн дээр гэрээ хийхээр болсон. Миний хувьд Ж.Даншигбизъяа, түүний эхнэр Ц.Дуламсүрэн нарын гаргасан “...бэлэглэлийн гэрээ хийе татвар их төлөх гээд байна...” гэсэн саналыг миний бие зөвшөөрөөгүй тэгтэл ядаж “...11-р хорооллын байшин ийм өндөр үнэтэй байна гэж юу байхавдаа..” гэж хэлж байсан ба тухайн үед Ж.Даншигбизъяагийн эхнэр, охинтойгоо хамт бид нар тохирсон юм...” асуудалгүй гэж хэлээд л нотариатаар гэрчлүүлсэн. Нөгөө талаас нэхэмжлэлдээ намайг өөрөө гэрээгээ бичсэн гэж огт үндэслэлгүй худал бичсэн байна. Энэхүү гэрээг Ж.Даншигбиъяагийн сонгосон нотариатч гэрээг бөглөж бичсэн бөгөөд миний зүгээс өөрт ямар ч ашиггүй, Ж.Даншигбизъяад “ татвар бага төлөх хэрэгтэй байна” гэж гуйсны дагуу ийнхүү үнийг бууруулж байгуулсан нь үнэн. Ийнхүү өөрөө хүсэж гэрээний үнийн дүнгээс багасганыгаа одоо миний буруу байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хувьд би орон сууц худалдан авах хүсэлтэй, нөгөө талаас Ж.Даншигбизъяа нь орон сууцаа худалдах хүсэлтэй байсан учраас худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь үнийн дүнгийн хувьд Ж.Даншигбизъяагийн хүссэнээр бага бичигдсэн нь үнэн. Гэхдээ энэ нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм. Миний хувьд тус орон сууцыг худалдан авах үедээ 90 000 000 төгрөг сүүлд нь 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн үнэ болох 108 000 000 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Энэхүү мөнгийг нэн даруй төлнө. Орон сууцны хувьд миний өмчлөлд хуульд заасны дагуу шилжсэн бөгөөд миний бие салгаж үл болох маш олон засвар тохижилт шинээр хийж ашиглалтанд оруулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм. Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь гэрээ хүчин төгөлдөр бөгөөд өмчлөх эрх нь хуульд заасан журмын дагуу надад шилжиж, миний нэр дээр хийгдсэн улысн бүртгэл хүчин төгөлдөр байхад энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэргийн шүүх шууд харъяалан шийдвэрлэх боломжгүй юм. Нөгөө талаас улсын бүртгэлийн хэлтэс нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш байтал ийнхүү нэхэмжлэл гаргасан нь үндэслэл муутай байна. Ийм зардал гаргаад ийм их ажил гүйцэтгэж мөн хагас төлбөрийг гүйцэтгэсэн хойно, гэрээг цуцлаад өг гэж буй нь шууд дээрмийн үйл ажиллагаагаа хуулийн байгууллагаар баталгаажуулах гэсэн уйваагүй үйлдэл гэж үзэж байна. Ж.Даншигбизъяа нь ийм хагас дутуу барьсан байраа өнөөдрийн Улаанбаатарт ашиглалтанд орж буй өндөр зэрэглэлийн бэлэн байрнуудын үнээр зарсан байх нь зах зээлийн бодит үнээс өндөр үнээр зарсаныг нотлон харуулж байна. Иймээс нэхэмжлэгч Ж.Даншигбизъяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний хувьд худалдан авсан хувийн орон сууцны үлдэгдэл төлбөрийг өгч чадаагүй байгаа нь үнэн. Эдийн засгийн хямралаас шалтгаалан энэхүү байдал бий болсон нь ба санаатайгаар удаашруулсан зүйлгүй юм. Нэн даруй төлөх бодолтой байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: “Нэг талаас Ж.Даншигбизъяа /нэхэмжлэгч/, нөгөө талаас М.Болор-Эрдэнэ /хариуцагч/ нар бид харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав.

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Нямаа нь нэхэмжлэлийн шаардлага орон сууцны үнэ болох 110 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 140 000 000 төгрөг гаргуулах болгон өөрчилж, үүнийг хариуцагч М.Болор-Эрдэнэ хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.

2. Энэхүү гэрээний 1-д заасан 140 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж, үлдсэн 130 000 000 төгрөгийг сар бүр боломжоороо төлж 2017 оны 06 дугаар сард багтаан дуусгана.

3. Энэхүү гэрээний үнийн дүнд 2 автомашины граж бүрэн багтсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Даншигбизъяа нь хариуцагч М.Болор-Эрдэнэд холбогдуулан “Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа “орон сууцны үнэ болох 110 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 140 000 000 төгрөг” гаргуулах болгон өөрчилсөн.

Хариуцагч М.Болор-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор 10 000 000 төгрөг төлөх, үлдсэн 130 000 000 төгрөгийг сар бүр боломжоороо 2017 оны 06 дугаар сард багтаан төлж дуусгах, энэ гэрээний үнийн дүнд 2 автомашины граж бүрэн багтсан болохыг харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ж.Даншигбизъяа нь М.Болор-Эрдэнээс “Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “Орон сууцны үнэ болох 110 000 000 төгрөг, алданги 30 000 000 төгрөг, нийт 140 000 000 төгрөг” гаргуулах болгон өөрчилсөн ба, энэ гэрээний үнийн дүнд 2 машины граж бүрэн багтсан болохыг харилцан тохиролцож, хариуцагч М.Болор-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 07 дугаар сарын 15-ны дотор 10 000 000 /арван сая/ төгрөгийг төлөх, үлдэгдэл 130 000 000 /нэг зуун гучин сая/  төгрөгийг сар бүр боломжоороо 2017 оны 06 дугаар сард багтаан төлж дуусгахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 375 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 375 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Даншигбизьяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА