Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/01735

 

 

 

 

 

 

 

   2023       09          11                                    210/МА2023/01735

 

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02031 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ё.Б-д холбогдох,

Гэрээнээс татгалзсаны үр дагавар 45,000,000 төгрөг, өвсний үнэ болон ачилтын хөлс 6,440,000 төгрөг, нийт 51,440,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Ё.Б- нь Е ХХК-ийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн төв Хадын буланд багийн удирдах ажилтны 4 айлын байшинг чанартай сайн барьж гүйцэтгэж, хүлээлгэн өгөөд тус сумын нутаг дэвсгэрт 14,000 га газар 5 жилийн хугацаанд хадлан хадах зориулалтаар ашиглах зөвшөөрөл авсан гэж хэлсэн бөгөөд компанийг худалдан авч хадлан хадвал ашигтай гэж хэлсэн. Тухайн үед Е ХХК нь ямар ч өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн өр төлбөр байхгүй, мөн 14,000 га газар хадлан хадах зөвшөөрөлтэй тул 70,000,000 төгрөг хүрнэ. Е ХХК-ийн хувьцааг ганцаараа худалдан авч чадахгүй байсан учир миний бие 60 хувийн 120 ширхэг хувьцааг нь 45,000,000 төгрөгөөр, үлдэх 40 хувийн хувьцааг 30,000,000 төгрөгөөр манай хадам дүү А.Б- авахаар болж харилцан тохиролцсон.

Ё.Б-тай 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэн, гэрээний дагуу 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 35,000,0000 төгрөгийг Р.Ундармаагийн Хаан банкны 5082004901 данснаас, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5030137319 дугаар данснаас шилжүүлж нийт 45,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Тус төлбөрийг төлөхийн тулд бусдад зээл тавьж, зарим зүйлээ зарж борлуулсан.

Хадлан хадаж дөнгөж эхэлж байхад Е ХХК-ийн хадлан хадах эрх авах зорилгоор барьсан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт 4 айлын орон сууцны барилга гүйцэд баригдаагүй, чанарын хувьд маш муу, гадна болон дотор шавар нурж блок нь ил гарсан, дам нуруун дээр блок тавьж орхисноос болж дотор таазыг цөм цохиж нураасан, дотор талын хана цуурсан, айл тус бүр ямар ч халаалт байхгүй, ханан зуух/пийшин/ бариагүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс болон Эрдэнэцагаан сумын ЗДТГ-т хүлээлгэж өгөөгүй талаар гомдол ирж, улмаар Е ХХК-ийг хадлан хадах эрхгүй хэмээн сумын зүгээс мэдэгдсэн.

Е ХХК нь хадлан хадах боломжгүй байсан бол 2,000,000 төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй, барилга байшин барьж өгөх үүрэг бусдын өмнө хүлээсэн компанийн 60 хувийг 45,000,000 төгрөгөөр үнэлж худалдан авахгүй байсан болно.

1.2. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1248 боодол өвсийг 6,240,000 төгрөгөөр хариуцагч Ё.Б-д худалдахаар харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу 1248 боодол өвсийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ё.Б-ын дүү Ё.Б-ы унаж ирсэн 3956 улсын дугаартай шалаанз маркийн машинд ачин өгч явуулсан. Өвс ачих үед Т.Ц- болон өөр хүмүүс дэргэд байсан бөгөөд 200,000 төгрөгийн хөлс өгч ачуулсан болно. Өвсний төлбөрийг удаа дараа нэхэхэд Ё.Б- нь элдэв шалтаг тоочин 1248 боодол өвсний үнэ 6,240,000 төгрөг, ачилтын хөлс 200,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна.

Иймд хариуцагч Ё.Б-аас 45,000,000 төгрөг болон 1248 боодол өвсний үнэ 6,240,000 төгрөг, ачилтын хөлс 200,000 төгрөг, нийт 6,440,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 5 жилийн хугацаанд 15,000 га газар хадлан бэлтгэх ажлыг хийж байсан. Би тус нутаг дэвсгэрт хадлан бэлтгэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд нутгийн иргэдэд бэлтгэсэн өвснөөс өгөх, нутгийн иргэдийг хадлан бэлтгэх ажилд оролцуулж ажлын байраар хангаж, Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн төвд 4 айлын байшин барьж өгсөн. Тухайн жилд хадлан бэлтгэх ажлыг надад ямар ч татгалзах зүйл байхгүйгээр гэрээ хийдэг.

Б.Д- нь надад Е ХХК-ийг зарахыг удаа дараа гуйсан. Би өөрийн бусад ажилдаа цаг зав гаргах шаардлагатай байсан тул Б.Д-гийн саналыг хүлээн авч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу Е ХХК-ийн 60 хувийн, 120 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах гэрээний дагуу түүнд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, гэрээнд заасны дагуу би 45,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан.

Б.Д- нь надаас миний компанийг, хадлан хадах ажлын хамт шилжүүлэн аваад, 2020 оны 08 дугаар сард хадлан бэлтгэж, тухайн жилийн төлөвлөгөө болон гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн хадаж гэрээний үүргээ зөрчсөн болох нь сум орон нутгийн байгууллагын хамтарсан шалгалтаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тухайн жилд бэлтгэх ёстой 2,000 га талбайг хэтрүүлэн 4,000 га талбайг хадсан. Гэрээний үүргээ зөрчсөн тул дахин хадлан бэлтгэх ажлыг хийлгэхгүй тухай сум орон нутгийн иргэдээс мэдэгдсэн. Өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ажлаа алдсан буруугаа надад нялзааж ноцтой төөрөгдсөн мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс Ё.Б-ы унаж ирсэн 39-56 улсын дугаартай шалаанз маркийн машинд 1248 боодол өвсийг 6,240,000 төгрөгөөр тооцон, ачилтын хөлс 200,000 төгрөгөөр ачуулсан гээд нийт 6,440,000 төгрөг нэхэмжилсэн. Б.Д- нь Е ХХК-ийг худалдаж авсны дараа компанийн дотоод үйл ажиллагаа, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой асуудлаа надаас нэхэмжилж байгаа ойлгохгүй байна. Иймд надад хамааралгүй асуудал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ё.Б- нь хариуцагчаар н.Б-ыг татаж нэхэмжлэл гаргасан. Тухайн үед н.Э- мөн н.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан. Энэ үед н.Б- болон Ё.Б- хоёрын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэж 57.2 дахь хэсгийг үндэслэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь шүүхээр шийдвэрлэгдсэн.

Б.Д- Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Эхлээд 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар хандаж байсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар гэж өөрчилсөн. Зөрчил байгаа гэж үзсэн бол гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлээгүй. Тэгэхээр гэрээнээс татгалзах хүсэл зорилго урьд нь огт байгаагүй тул хууль зүйн үндэслэл бүрдээгүй. Компанийн хувьцааг 2 хүн хамтарч худалдаж авсан талаарх баримт хэрэгт байгаа. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан. Энэ хуулийн заалт хэрэгжээгүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах эрхээ алдсан.

 Ё.Б-ын нэхэмжлэлтэй н.Б-т холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх Ё.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хэрэгсэхгүй болох хууль зүйн үндэслэлтэй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай, нийт 6,440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Д-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 641,340 төгрөгөөс илүү төлсөн 226,190 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, үлдсэн 415,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх “... гэрээний 7.1, 7.2-т заасан гэрээнээс татгалзах журам зөрчигдсөн байх тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээ болон гэрээ 2-оос татгалзах эрхээ алдсан байна гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ...” гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээнд гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан тул энэхүү заалтыг хэрэглэх боломжгүй юм. Түүнчлэн гэрээний 7.1-т зөвхөн зөрчил арилгах хугацааг зааснаас биш гэрээнээс татгалзах эрхээ алдах талаар заагаагүй. Нэхэмжлэгч талыг татгалзах эрхээ алдсан гэж үзэх боломжгүй. Нөгөөтэйгүүр Б.Д-гийн зүгээс хадлан хадах боломжгүй болсон, нутгийн удирдах байгууллагын зүгээс шаардлага тавьсан даруй хариуцагчид мэдэгдэж байсан болно. Нэгэнт дээрх байдлаар гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-нээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

4.2. Мөн шүүхийн дээрх дүгнэлт бүхий шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтын зорилгыг хангаагүй байна. Тодруулбал мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Гэтэл шүүх дээр байдлаар гэрээний үүргийн зөрчил гарч, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөнийг тогтоосон ч уг эрхийг сэргээлгүй “үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлоо шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь буруу болжээ.

4.3. Б.Д- нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1248 боодол өвсийг 6,240,000 төгрөгөөр хариуцагч Ё.Б-д худалдахаар харилцан тохиролцсон. Харилцан тохиролцсоны дагуу 1248 боодол өвсийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөө Ё.Б-ын дүү Ё.Б-ы унаж ирсэн 3956 улсын дугаартай шалаанз маркийн машинд ачин өгч явуулсан. Өвс ачих үед Т.Ц- болон өөр хүмүүс дэргэд байсан бөгөөд 200,000 төгрөгийн хөлс өгч ачуулсан болно. Өвсний төлбөрийг удаа дараа нэхэхэд Ё.Б- нь элдэв шалтаг тоочин одоог хүртэл төлбөрийг төлөөгүй. Энэ тухай баримт болох өвс ачихад хажууд нь байсан хүний тодорхойлолт баталгааг гаргаж өгснийг шүүх үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчээс үнэ бүхий өвсийг хүлээлгэж өгснөө нотолсон, харин хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ нотлоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өвсийг хүлээн авсан талаараа маргадаггүй, хариу тайлбар гаргаж өгөөгүй хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хуралдаанд надтай хамааралгүй гэж тайлбараа гаргасныг шүүх хүлээн авсан. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ё.Б- нь Б.Д-, н.Б- нарт компанийнхаа хувьцааг зарсан. н.Б-, Б.Д- нар нь хувьцааг аваад ажил хийсэн. Өөрөөр хэлбэл, гомдолдоо ажлаа аваад хийж эхэлж байсан гэж дурдсан нь үндэслэлгүй. Өвс хадах ажил нь улирлын чанартай буюу жилд нэг удаа намар хаддаг. Анх худалдаж авсан жилдээ 2 га газар хадах ёстойгоос 4 га газар хадаж зөрчил гаргасан учир сум орон нутаг, нутгийн иргэд дараа жилийн хадлан хадах гэрээг сунгаагүй. Гэрээнээс татгалзах эрхээ алдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Ё.Б-д холбогдуулан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000 төгрөг, 1248 боодол өвсний үнэ 6,240,000 төгрөгийг, ачилтын хөлс 200,000 төгрөгийг, нийт 6,440,000 төгрөг, нийт 51,440,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Е ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ё.Б-ын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 20/01 дугаар шийдвэрээр тус компанийн хувьцааны 60 хувийг Б.Д-д, 40 хувийг А.Б-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна./хх 21/

 

3. 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч буюу Ё.Б- нь Е ХХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 100 хувьтай тэнцэх 200 ширхэг хувьцааны 60 хувьтай тэнцэх 120 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 10,000 төгрөгөөр буюу 45,000,000 төгрөгөөр худалдан авагч буюу Б.Д-д худалджээ. /хх7-12/

 

3.а. Мөн өдөр талууд тус компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Е ХХК-ийн 60 хувийн хувьцааг Б.Д-д шилжүүлэхээр заасан байх ба гэрээний үнэ 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлсөн энэ талаар талууд маргахгүй байна. /хх13/

 

4. Ё.Б- нь Е ХХК-ийн эрхийг Б.Д-д худалдсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Б.Д-, Ё.Б- нарын хэн аль аль хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хэлцэл хийгдсэн, уг хэлцэл хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

5. Улмаар нэхэмжлэгч нь Е ХХК-ийн 60 хувийн хувьцааг шилжүүлж авснаас хойш буюу 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг даргатай “Иргэн, хуулийн этгээдэд хадлангийн зориулалтаар газар ашиглуулах гэрээ” байгуулсан байх ба уг гэрээний 5 дахь хэсгийн 4-т “14,000 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаанд хадлангийн зориулалтаар ашиглах, 2020 онд тус талбайд 2,000 га газар хадна” гэж тохиролцсон боловч, Е ХХК нь дээрх гэрээгээ зөрчин 4,000 га талбайд хадлан хадсан болох нь 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хадлангийн талбайн дүгнэлт хэмжилт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудас, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн № 07 тодорхойлолт зэргээр тогтоогдсон байна. /хх 140-146/

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан “хадлан хадах боломжгүй компанийг шилжүүлсэн” гэх гэрээнээс татгалзаж буй үндэслэл нь дээрх гэрээгээр тохиролцсон гэрээний үүргийн өөрийнх нь зөрчилтэй холбоотой байна.

 

7. Мөн Компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-т “эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш компанийн үйл ажиллагаатай холбогдон гарсан ямар  нэгэн хариуцлагыг эрх шилжүүлэгч тал хариуцахгүй, эрх шилжүүлэн авагч тал хариуцна” гэж тохиролцсон байна. Тус шилжүүлэн авч буй компанид бусдын өмнө хүлээсэн үүрэг байгаа эсэх, өр төлбөртэй эсэх зэргийг уг компанийн шилжүүлэн авах үедээ нэхэмжлэгч мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул мэдэх боломжтой байсан гэж үзнэ. Иймд эрхийн зөрчилгүй, эрхийг худалдах үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэж нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй байх тул шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий учраас энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Харин, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар татгалзах эрхээ алдсан гэсэн дүгнэлт үндэслэлгүй болсныг залруулна. Учир нь энэ хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь зохицуулалт нь гэрээний талууд татгалзах хугацааны талаар тохиролцоогүй тохиолдолд үйлчилнэ.

 

8. Мөн нэхэмжлэгч нь 1248 боодол өвсний үнэ 6,240,000 төгрөгийг, ачилтын хөлс 200,000 төгрөгийг, нийт 6,440,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан ба уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн “Т.Ц-ийн гаргасан баталгаа” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэлд хамаарахгүй байх бөгөөд уг баталгааг бичсэн этгээдийг гэрчээр асуулгах зэргээр нотолгооны хэрэгсэл болгох талаар нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаагүй байна. Иймд уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/02031 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Ё.Б-д холбогдуулан гаргасан 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох 45,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, өвсний үнэ, ачилтын хөлсөнд нийт 6,440,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ