Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 62

 

                                                                                         

   2019         01          03                                  2019/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч А.Сайнбаяр,   

Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,

Хохирогч У.Буянтогтох, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мод холбогдох эрүүгийн 1806 08240 2159 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М.М.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч М.М нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Хүслийн-Өргөө" хотхоны 100/2 дугаар байрны 40 тоотод У.Буянтогтохтой маргалдан улмаар нүүрэн тус газар нь стаканаар цохиж шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                       

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806 08240 2159 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч У.Буянтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 19 цаг орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Хүслийн Өргөө хотхонд ангийн хүүхэд Магваншийрэв, Цацрал нарын байрны найранд очсон. Хоол идээд 10 хүн 1 шил 0,75 литрийн Орос архи, 0,75 литрийн виски уусан. 23 цаг 30 минутын орчим М.М орж ирсэн. Энэ үед бид нар ой зохион байгуулах талаар болон 10 жилийн хөгжилтэй дурсамжаа ярьж биенээ хочоор нь дуудаж инээлдээд байж байсан. М.М орж ирэхдээ хичээлдээ сууж байгаад ирлээ, өлсөж байна гээд хоол идээд 1 хундага виски уусан. М.Мыг орж ирэх үед нь 10 жилд дууддаг байсан хочоор бие, биенээ шоглож байсан учраас түүнийг ч бас 10 жилийн хоч болох ленин багш гэх нэрээр нь би дуудаж шоглосон. М.М гаднаас орж ирэхдээ ууртай дээрэлхүү өнгө аясаар бусадтайгаа харьцаж байсан. Намайг хочоор нь хэлснээс хойш уурлаад байхаар нь би жинхэнээсээ уурлаж байна гэж бодоогүй. Ленин багшийн толгой нь томорчиж гэх зэргээр улам тоглож шоолж байсан. Тэгтэл М.М бүр их уурлаж манай ангийн хүүхдүүдийг нэг, нэгээр нь загинаад эхэлсэн. Миний дургүй хүрч чи хэзээ ийм болчихсон юм гэж хэлэхэд М.М намайг хэл амаар доромжилж аалз гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд би ууж байсан аягатай пивоо толгой дээр нь асгаад чи хэн болчихоод хаана ирчихээд томроод байгаа юм гэж хэлээд инээж байхад М.М гартаа бариж байсан вискины стаканаар нүүрэн тус газар хүчтэй цохисон. Гэнэт толгой манараад энгэр дээр цус гарч эхэлсэн. Би юу болов гэж бодтол амнаас цус гарч үүдэн шүд үүрч энгэр дээр унасан. Шүдээ гараараа бариж үзэхэд үүдэн 2 шүд хугарсан маш их өвдөж байсан. Тэгээд толгойгоогоо бариад сууж байхад миний хажууд сууж байсан Ерөөлт, М.М хоёр барицалдаж аваад муудалцаж байсан. Намайг сууж байгаад босож ирэхэд Ерөөлт байхгүй, М.М уурлаад бусад хүмүүс тайвшруулаад байж байсан. Тэгээд би уурлаад чи эмэгтэй хүнийг ийм болгочихлоо гэж орилоод ширээн дээр байсан стакан, пиво авч М.М руу шидсэн боловч оноогүй. М.М бид хоёр 20 орчим минут маргалдаж байхад М.М миний толгой руу 2-3 удаа гараараа цохиж зодох гээд дайрч байсан. М.Мыг Магваншийрэв, Эрхэмбаяр, Ангараг нар зогсоох гэж оролдож байгаад аваад гэрээс гарсан. Тэгээд 10 минут орчмын дараа манай нөхөр Билгүүжин намайг авах гээд гэрийнх нь гадаа ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

 

Гэрч Г.Цацралын мөрдөн байцаалтад өгсөн:

... М.Мыг орж ирэхээс нь өмнө юм яриад инээлдээд бие биенээ шоолоод байж байсан. Буянтогтох М.Мыг орж ирэхэд Ленин багшийн амрыг эрье гэж хэлсэн. Би хоол аягалах гэж байхад Буянтогтох наад М.Мдоо хамаг үлдсэн шавхруугаа өг гэж хэлсэн. Юун сонин юм ярьчихав даа гэж бодоод өнгөрсөн. Тэгээд М.М хоолоо идээд дуусахад нь Буянтогтох чи тал нь шатсан байрандаа ажилласан хэвээрээ юу гэхэд М.М чи шатсан байрны хойно ажилласан хэвээрээ юу гэж хэлсэн. Ерөөлт голд нь суугаад Буянтогтох цаад талд нь М.М наад талд нь суусан байсан. Буянтогтох, М.М нар хойшоо буйдан налж суугаад Ерөөлт урагшаа суугаад бие, бие руугаа үг хаялцаад байсан. М.М уурлаад 3 өгүүлбэр хэлсэн. Эхлээд та нар хүн орж ирж байхад дандаа яахаараа шоолж байдаг юм. Дараа нь Ерөөлтийг давраад байгаарай, өдрөөс хойш дургүй хүргээд нэгийн эсрэг нэг үзчихэж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд нь одоо та нарт дээрэлхүүлнэ гэж байхгүй, давраад байгаарай гэж хэлсэн. Бүгд чимээгүй болоод сууж байхад Буянтогтох М.Мын толгой дээрээс аягатай пиво асгаад муухай хараад суугаад байсан. М.М дуугүй сууж байгаад баруун гараа саваад буцаагаад авах шиг болсон. Юу болов гэж бодтол Ерөөлт М.Мыг бариад авсан. Буянтогтох тонгойгоод амаа бариад байж байсан ба гараа амнаасаа авахад нүүр нь зүгээр гаран дээр нь цус болсон байсан. Би салфетка авч өгтөл Буянтогтох аман дээрээ бариж нилээн сууж байгаад босоод аяга аваад М.М руу шидэх гэсэн. Тэгээд би аягыг нь аваад болиулсан. Буянтогтохын аман дээрээ барьсан салфетка нь цус болсон миний шүдийг хар л даа гээд амаа нээгээд үзүүлэхэд үүдэн хоёр шүднийх нь тал нь хугарсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/

 

Гэрч Б.Одонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Буянтогтох ууж байсан пивио М.Мын толгой дээр асгасан. Би Буянтогтох М.М нарын эгц урдаас хараад сууж байсан. Тэр хоёрын голд Ерөөлт сууж байсан. М.М гараа саваад хөдөлгөсөн. Гартаа юм барьсан эсэхийг анзаарч хараагүй. Тэгээд Буянтогтох амаа бариад доошоо хараад суусан. Харсан чинь үүдэн 2 шүд нь хугараад уначихсан байсан. Буянтогтох нүүрээрээ газар унасан асуудал болоогүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/

 

Гэрч Э.Ангарагийн мөрдөн байцаалтад өгсөн:

Буянтогтох, М.М нар маргалдах аястай юм яриад сууж байсан. М.М Буянтогтохыг хэлж яриж байга юм аа бодоорой гэж хэлж байсан. Буянтогтох чи нурцан байшиндаа ажиллаад байна уу гэсэн зүйл яриад байсан. Тэгээд гал тогооны текнээс аягатай пиво авах хооронд М.М аягатай пиво Буянтогтох руу цацсан. Аяга нь М.Мын гарт байсан ба буцаагаад ширээн дээр тавьсан. Ерөөлт уурлаад чи эмэгтэй хүн рүү пиво цацлаа гэж хэлээд М.Мыг заамдаж авсан. М.М, Ерөөлт нар заамдалцаж босож ирээд Нинж, Даваасамбуу нар голоор нь салгах гэж орж байсан. Энэ хэд зууралдаж байх хооронд Буянтогтох миний шүд хугарчихлаа гэж уйлж эхэлсэн. Буянтогтохыг харахад үүдэн шүд нь хугарсан, аман дотор нь цус болсон байсан. Буянтогтох уйлж байгаад чамаас боллоо гэж хашигарч савтай пиво, шүүс, хундага авч шидсэн. Энэ үед Анужин, Одонтуяа нар дээр очиж жирэмсэн байсан Хуланг цаад өрөө рүү оруулсан. Буянтогтох нилээн орилж дайрч байгаад 1 стакан авч М.М руу далайж очсон. М.М өөдөөс гараараа тулж хамгаалсан. Нөгөө стаканаа Буянтогтох газар руу саваж хагалсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/,

 

Гэрч Б.Хулангийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Бид нэр 10 жилийн хөгжилтэй дурсамжэа яриад биенээ шоолоод уур амьсгал их сайхан бэйсан. М.М орж ирэхэд Буянтогтох хочоор нь буюу Ленин багшийн амрыг эрье гэж хэлсэн. М.М хочиндоо дургүй уурлээд байх шиг байсан. Энэ яриа үргэлжлээд 30 орчим минут болсон. Миний өөдөөс хараад ширээний нөгөө талд М.М, Ерөөлт, Буянтогтох нар сууж байсан. Тэнд байсан хүмүүс уугаад халчихсан яриад инээлдээд байсан. М.М гаднаас орж ирээд уур амьсгал эвдээд тоглоом ойлгохгүй уурлаад хүмүүс рүү дуугүй бай гэх мэтийн үг хэлээд байсан. Ерөөлт М.Мод хандаад тоглоод юм хэлэхээр уурлаад урдаас нь загинаад байсан. Ерөөлт заза чимээгүй байя зодуулах юм байна гээд тоглоом болгоод чимээгүй болчихсон. Хажуу талаас нь Буянтогтох М.Мыг чи хэзээ ийм болчихсон юм гэсэн утгатай юм хэлсэн. М.М Буянтогтох руу чи түрүүнээс хойш далчигнаад, дуугүй бай гэсэн утгатай зүйл хэлсэн. Хоорондоо бага зэрэг маргалдсан. Буянтогтох, М.М нар гартаа шилэн аягатай пиво барьсан байсан. Буянтогтох М.Мыг урдаас нь юм хэлэхэд толгой дээрээс ууж байсан пивоо асгасан. М.М урдаас нь гартаа барьсан шилэн аягатай пивоо Буянтогтох руу цацаж гараа савсан. Тэр хоёрын дунд Ерөөлт урагшаа суугаад тэр хоёр хоошоо суусан байсан. М.М, Буянтогтох нар хоорондоо ойрхон сууж байсан болохоор М.Мын аягатэй пиво Буянтогтохын нүүрэнд хүрч цохигдсон. Хүчтэй чанга тог хийх чимээ гарсан. Ерөөлт хойшоо хараад М.Мтой барьцалдаад авсан. Буянтогтох нилээд доошоо харж суусан. М.М, Ерөөлт нарыг эрэгтэйчүүд салгаад Ерөөлт гараад явсан. Тэгээд Буянтогтох руу харахад амнаас нь цус гараад Цацрал салфетка авчирч өгсөн. Тухайн үед Буянтогтох миний шүд ийм болчихоод байна гээд амаа ангайхад үүдэн 2 шүд нь гурвалжлаад хугарсан байсан. Буянтогтох амнаас нь цус, шүд нь хугарсан байхыг хараад орилоод М.М руу юм авч шидсэн. М.М пиво цацах гэж байгаад ойрхон сууж байсан болохоор нүүрэнд нь хүрж цохигдсон. Нийлээд хүчтэй цохигдож тог хийх чимээ гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/,

 

Гэрч Б.Анужингийн мөрдөн байцаалтад өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр БЗД-ийн 25 дугаар хорооны Хүслийн-Өргөө хотхоны 100/-2-40 тоотод Цацрал, Магваншийрэв хоёр байрны найр гээд 10 жилийн ангийн хүүхдүүдээ урьсан. 10 жилийн ангийн Даваасамбуу, Нинж, Эрхэмбаяр, Буянтогтох, Ерөөлт, Ангараг, Одонтуяа, Хулан нарын хамт 19-20 цагийн орчим очсон. Тэгээд хоол унд идээд пиво, 1 шил виски, 1 шил архи ууцгаасан. Би нилээн уусан. Тэгээд болсон асуудлыг санахгүй байна. Нэг мэдэхэд манай ангийн хүүхдүүд орилоод маргалдаад байсан. Миний хажууд Хулан сууж байхаар нь жирэмсэн болохоор нь нөгөө өрөө рүү аваад орсон. Араас Даваасамбуу орж ирсэн. Хулан дотор муухай оригоод байна гэхээр цонх онгойлгож өгч байсан. ... Тэгээд орцон дотор Буянтогтох уйлаад найз залуу нь хараад зогсож байсан. Буянтогтохыг яасан зүгээр үү гэхэд цаашаа яв гэж хэлсэн. Найз залуу нь бас чи цаашаа яв гэхээр нь гэрт буцаад орсон. Удалгүй цагдаа ирээд Буянтогтохыг асуухад орцонд байгаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12087 дугаартай:

У.Буянтогтохын биед баруун, зүүн үүдэн дээд 1-р шүдний хугарал, доод уруулын дотор гадаргуугийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39 дүгээр тал/,

 

Шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22 цаг 55 минутад БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүслийн-Өргөө хотхонд 10 жилийн найз Магваншийрэв, Цацрал нарын байрны найранд очсон. Манай ангийн хүүхдүүд болох Магваншийрэв, Цацрал, Эрхэмбаяр, Даваасамбуу, Хулан, Одонтуяа, Нинж, Ангараг, Ерөөлт, Буянтогтох нар байсан.

... Намайг тухайн үед 10 жилийн хоч болох ленин, ишиг гэж яриа яриж байсан. Би хоолоо идээд юм хэлэхгүй сууж байсан. Би хоол идчихээд гал тогооны өрөө рүү нь очиж аяга тавгийг нь тавиад буцаж суусан. Буянтогтох намайг чи нөгөө сөнөсөн балгасандаа ажиллаад байна уу гэж хэлсэн. Би хариуд нь та нар юу болчихоод байгаа юм, хаана, хэний өмнө юу гэж ярихаа бодоорой гэж хэлсэн. Буянтоггохыг чи манай сөнөсөн балгасны ард ажиллаад л байна уу гэж хэлсэн. Тэр хооронд манай ангийн Ерөөлт гэх залуу намайг чи Тагнуулд орчихоод их том болчихоод байгаа юм гэж хэлсэн. Би өөдөөс нь чи дуугүй бай гэж хэлсэн. Би уух гэж байсан шилэн бариултай аягатай пиво гартаа бариад Магваншийрэвтэй ажил төрөл сайн уу гэх зэргийн зүйл яриж байсан. Бүгд чимээгүй болоод байж байхад дээрээс шингэн зүйл асгарах шиг болсон. Тэгээд дээшээ хартал Буянтогтох миний толгой дээрээс ууж байсан аягатай пивоо дуустал нь асгасан. Чи яаж байгаа юм гэхэд хохчино гээд бардам харц гаргаад суусан. Би өөдөөс нь хараад шилэн аягатай пивоо нүүр рүү цацчихаад буцаагаад аягаа ширээн дээр тавьсан. Буянтогтох бид хоёрын дунд Ерөөлт суусан байсан. Ерөөлт урагшаа болоод Буянтогтох бид хоёр хойшоо буйдан налж суусан байсан. Тэгээд Ерөөлт чи муу банди гэж хэлэхээр нь чи яадаг болсон юм гэж хэлсэн. Босож барицалдаж аваад салсан. Ерөөлт гутлаа өмсөөд гараад явчихсан. Тэгтэл Буянтогтох гэнэт босож ирээд чамаас болж миний шүд хугарчихлаа гэж хэлээд орилоод дайрч 2 стакан, ундаа, жүүс зэрэг гарт таарсан юмаа шидэж эхэлсэн. Ангараг, Эрхэмбаяр, Магваншийрэв нар дундуур орж салгаж байсан. Буянтогтох дайраад байхаар нь би чиний наад шүд хугарсан чинь надад ямар хамаатай юм гэж хэлсэн. Буянтогтох над руу дайраад байхаар нь би холдуулах гэж өөрөөсөө түлхсэн. Тэгтэл Буянтогтох зогсож байгаад 3 удаа чанга орилж ширээн дээр байсан 2 аягыг газар миний хөл орчим шидэж хагалсан. Цацрал хагарсан аягыг шүүрдэж газарт зөндөө шил байна шүү болгоомжтой байгаарай гэж хэлсэн. Даваасамбуу М.Мыг ирснээс хойш ийм балай юм болчихлоо, М.Мыг зайлуул гэж Магваншийрэвт хэлсэн. Буянтогтох намайг цохиж байхадаа та нар харсангүй гэж уурлаж орилоод байсан. Цацрал, Одонтуяа, Нинж нар юу болсон гээд Буянтогтохтой ярихад та нар намайг цохихыг хараагүй юу гээд уйлж орилоод М.Мыг алнаа гээд байсан. Магваншийрэв над дээр ирээд ийм юм болно гэж бодсонгүй. Буянтогтох чамайг байгаа болохоор орилоод байна, чи бас дуугүй байхгүй юм. Чи гэртээ хариад амарчих гэж хэлсэн. Тэгээд би Магваншийрэвийг гутал аваад өг гээд гутлаа өмсөөд Эрхэмбаяр бид гурав гэрээс нь гарсан. Байрных нь гадаа би тамхи татаад ийм юм болно гэж бодсонгүй гэж ярилцаад би 23 цаг 45 минутад таксинд суусан. 00 цаг 05 минутын орчим гэртээ харьсан.

... миний үзэж байгаагаар Буянтогтох нь согтуу, өөрийгөө хянанх чадваргүй байсан учир Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр гэмтлийн зэрэг тогтоолгоогүй гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 дугаар тал/

 

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4/

-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн гомдол /хх-ийн 5/,

-Басхүү имплант клинэкийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, тодорхойлолт, хохирогчийн биед үүссэн гэмтлийн гэрэл зураг, төлбөрийн баримтууд /хх-ийн 53-67 дугаар тал/,

-хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 103-104 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч М.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46, 97 дугаар тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 98 дугаар тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр тал/, НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 100 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч М.Мын иргэн Ц.Буянтогтохын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч У.Буянтогтох нь 3.400.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байх ба 2.899.100 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Буянтогтоход учирсан, готлох баримтаар тогтоогдсон 2.899.100 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн бусад хэсгийг нотлох баримтгүй учир хэлэлцэхгүй орхиж хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээлээ.

 

Шүүгдэгч М.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч У.Буянтогтохын шүүгдэгчийг шоглож ярьсан яриа, түүний толгой дээр өөрийн ууж байсан пивыг асгасан зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Моос 2.899.100 төгрөг гаргуулж хохирогч У.Буянтогтоход олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ