Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 226

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн би, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдох “Д.М*******ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар тогтоон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Тус компани Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Д.М*******ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар тогтоон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Учир нь Д.М*******ын эхнэр Д.Б******* нь “*******” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын нөхөн төлбөрт өөрийн нөхөр Д.М*******ын нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгдсэн дүнгээр хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тодорхойлон 2029 оныг хүртэл сар бүр нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд “*******” ХХК нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Д.М*******ын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг 5.235.735 төгрөгөөр тогтоон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийсэн нь хууль бус гэж үзэж маргасан. 

Улмаар Д.Б******* нь “*******” ХХК-иас гэм хорын нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж, талууд эвлэрлийн гэрээ байгуулан хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу “*******” ХХК нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“*******” ХХК нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Д.М*******ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар тогтоон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь ... татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд болох нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох талаарх үр дагаврыг “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О******* тайлбарлан өгч, баримтад гарын үсэг зуруулсан болно. Харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад энэхүү шүүгчийн захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК нь “Д.М*******ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг хууль бусаар тогтоон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийснийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй. 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.БАТСҮРЭН