Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 005

 

М.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй

                       иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийдвэртэй,

М.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлтэй Хөдөө аж ахуйн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин болон амралтын цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн нэхэмжлэгч М.Пүрэвсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгч М.Пүрэвсүрэн

            Хариуцагчийн төлөөлөгч Н.Пүрэвсайхан

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга Н.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жижүүрээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б/6 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-нд өгсөн боловч хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна. Тушаалын тэмдэглэх хэсэгт дурьдсан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалуудад манай сургуулийн жижүүрийн орон тоог хассан эсэхийг үзэх гэхэд үзүүлэхгүй байгаа тул миний ажлын байр хасагдсан эсэхэд эргэлзэж байна. Мөн надад хөдөлмөрийн гэрээ цуцлахыг мэдэгдсэн мэдэгдэлдээ дурьдсан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар хүчингүй болсон бөгөөд чухам ямар ажлын байрыг хассан талаар мэдээлэл өгөөгүй учир бидний хооронд үл ойлголцол үүсч шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрээд байна. Ажлаас халахдаа ажил хүлээлгэн өгөх өдрийг шийдвэрт зааж өгөх, ажил хүлээлгэн өгсөн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцох хуулийн заалттай хэдий ч энэ нь орон тоо хасагдсан тухай мэдэгдэл өгсөн сар өдөр хугацаанд тааруулан хийж хуулийн заалтын ач холбогдолыг алдагдуулсан асуудал гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар “Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана” үзэхэд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/6 тоот тушаалд 02 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгоно гэсэн нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдэгдлээс хойш нэг сарын дараа чөлөөлөгдсөн байдлаар харуулсан байна гэж үзэж байна. Энэ нь ажил хүлээлцэх хугацаа бөгөөд би ажлаас чөлөөлөгдсөн гэх ойлголт нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцогдоно. Мөн манай байгууллагад сахиулын орон тоо нэмэгдэн ирсэн байтал уг орон тоонд намайг ажиллуулахгүй гэж байгаа нь ажилтнаа ажилтай байлгах талаар удирдлага сэтгэл гаргахгүй байна гэж үзэж гомдолтой байна. Иймд Булган аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдөр МСҮТөвд жижүүрийн ажилд ороод 5 жил гаран ажилласан. 2016 оны 1 дүгээр сард ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл авсан. Жижүүрийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Манай байгууллагад жижүүрийн орон тоо хасагдаж 2 сахиулын орон тоо батлагдаж ирсэн байсан. Сахиулын орон тоонд намайг ажилд авах боломж байна уу гэж хүсч байна. Жижүүрийн орон тоо хасагдаад ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдэж байгаа. Миний сарын үндсэн цалин 396798 төгрөг байдаг. Ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны буюу  4-5 дугаар сарын  цалин 793596 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Ээлжийн амралтын мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн боловч 296000 төгрөгийг авсан учраас нэхэмжлэхгүй. Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шитмгэлээ төлүүлж бичилт хийлгэнэ гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Пүрэвсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай сургууль сүүлийн 2 жил суралцагчдын тоо бага элсэлт байхгүй 2016 онд 81 сурагчтай 42 ажилтантай байгаа. Хөдөлмөрийн яамны дотоод аудитын газраас 2015 онд шалгалт ирээд хүүхдийн тоондоо таарсан бүтэц зохион байгуулалттай байх, үр ашиггүй зардлыг хэмнэх хэрэгтэйг хэлж, 2016 онд энэ байдлаараа байвал сургуулийг татан буулгах, өөр сургуультай нэгтгэх асуудал яригдана гэж хэлсэн. Энэ асуудлыг хүлээж авснаасаа хойш хурал болгон дээр ажилчиддаа энэ талаар танилцуулж байсан. Хөдөлмөрийн яамны дотоод аудитын газрын дүгнэлтийг үндэслэн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр А/16 тоот тушаал гарсан бөгөөд уг тушаалд жижүүрийн орон тоо хасагдсан байсан. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмнөх 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тушаалыг хүчингүй болгосон байсан. Хүчингүй болгосон шалтгаан нь бүх сургуулиудын бүтэц орон тооны асуудлыг нэгтгэж гаргасан байсныг сургууль тус бүр дээр  нь гаргаж цалингийн шатлалыг мөн тусгасан тушаал гарсан байдаг. Энэ тушаалд мөн адил жижүүрийн орон тоо хасагдсан байсан учраас М.Пүрэвсүрэнд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг өгсөн. Сахиулын хувьд 24 цагаар 2 сахиул байлгах боломжгүй цалингийн сан хүрэлцэхгүй байгаа. Ажлаас халагдсаны тэтгэмж олгосон. Мөн ээлжийн амралтын мөнгийг тооцож олгсон байгаа.  Ажлаас халагдах хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Сахиулын орон тоон дээр авч ажиллуулах боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор, ээжлийн амралтын цалин гаргуулах тухай нэхэмжлэгч М.Пүрэвсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч М.Пүрэвсүрэн давж заалдах гомдолдоо: “...Миний бие Булган аймгийн Хөдөө аж ахуйн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд жижүүрээр ажиллаж байсан. 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/6 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 26-нд өгсөн боловч Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байна. Тушаалын тэмдэглэл хэсэгт дурьдсан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалуудад манай сургуулийн жижүүрийн орон тоог хассан хэсгийг үзэх гэхэд үзүүлэхгүй байгаа тул миний ажлын байрыг хассан эсхэд эргэлзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээ цуцлахыг мэдэгдсэн мэдэгдэлдээ дурьдсан Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/16 тоот тушаал нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/30 дугаар тушаалаар хүчингүй болсон, ямар ажлын байр хассан талаар мэдэгдэл өгөөгүй. Энэ байдлаас шалтгаалан иргэний шүүхэд хандсан боловч анхан шатны шүүх хэргийг бодитой үнэлээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна ” гэжээ.

 

                                                         

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Пүрэвсүрэн нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор, ээлжийн амралтын цалинг гаргуулах талаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд М.Пүрэвсүрэн нь Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын 2010 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн 03 дугаар тушаалаар жижүүрийн ажилд томилогдож, 2016 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн Б/6 дугаар тушаалаар ажил олгогч Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.1,42.1,43.1,” хөдөлмөрийн дотоод журмын 2.10-т” заасныг үндэслэл болгож  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн А/16 дугаартай тушаалийн 2 дугаар хавсралтаар Булган аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн бүтэц орон тоог 42 ажилтантай байхаар баталж үүнээс жижүүрийн орон тоог хасагдаж, сахиулийн орон тоо 2 байхаар батлагдсан нь зохигчдын тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна. /х.х 35-36/

Ажил олгогч жижүүрийн орон тоо хасагдсан талаархи мэдэгдлийг нэхэмжлэгч М.Пүрэвсүрэнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан үндэслэлээр мэдэгдсэн, /хх 3/ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалсан нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх турай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

                                                                      М.ХҮРЭЛБААТАР