Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 93

 

                                                                Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1513 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1446 дугаар магадлалтай Т.Б-д холбогдох эрүүгийн 1806058871658 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг ял шийтгэлгүй Б овогт Т-ын Б.

Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж хохирогч М.Т-ээс 2,500,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1513 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б-г зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнийг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 1446 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй”, 3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Миний үйлчлүүлэгч Т.Б нь бусдыг залилж 2,500,000 төгрөг өөрт авсан тухай гэмт хэрэгт холбогдсон. Шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүхүүд анхаарч үзэлгүй орхигдуулсан улмаас хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй хууль хэрэглээний алдаа гаргасан тухай:

Хохирогч М.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийн эөрүүтэй байдал, гэрч М.Д-ийн мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлгийн холбогдох хэсгүүд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан боловч шүүхүүд анхаарч үзэлгүй орхигдуулсан. Тодруулбал, хэргийн 17 дугаар хуудсанд байгаа хохирогчийн мэдүүлэгт “Би өмнө нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Солонгос-д аяллаар зорчих виз мэдүүлээд албан ёсоор нь ном журмын дагуу мэдүүлгээ бөглөөд өгсөн байсан бөгөөд хариугаа хүлээгээд байж байх үед манай хамаатны Д надтай утсаар холбогдоод наад виз мэдүүлгийн газар чинь таньдаг хүнтэй найдвартай хүн байна тэр хүн рүү 2,500,000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би Б гэж хүн рүү холбогдож 2,500,000 төгрөг өгсөн юм” гэсэн бол 19 дүгээр хуудсанд байгаа мэдүүлэгт "Би 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Э.С-тэй хамт Солонгос руу хуримын бал сараа тэмдэглэхээр болоод виз мэдүүлдэг материал авдаг газарт материалуудаа бүрдүүлж өгсөн. Тэр өдрөө гэр рүүгээ буцах замдаа хамаатны Д-тай визний материалаа бүрдүүлээд өгчихлөө гэж ярьсан. Тэгээд Д надад найдвартай виз гаргадаг хүн байгаа гэж хэлсэн. Бас надад материалаа бүрдүүлээд өгсөн бол нэмэргүй байж магадгүй, ямар ч байсан асуугаад үзэхгүй юу гэж хэлээд 99066100 дугаарыг надад өгсөн. Санал болгосны дагуу өгсөн дугаар руу залгаад Б гэх хүнтэй яриад учир байдлаа хэлсэн. Тэгтэл Б гэх хүн надад “Чи манай газар өгөхгүй яасан юм бэ?” гэж хэлээд за за ямар ч байсан өгсөн материалыг чинь дундаас нь аваад виз гаргаад өгье баталгаатай гэсэн. Намайг болохоор 1,000,000 төгрөг, манай эхнэрийн 1,500,000 төгрөг гэсэн. Эхнэрийн нийгмийн даатгалын шимтгэл тасалдсан байсан болохоор ийм үнэ хүрнэ гэсэн” гэж мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, хохирогч М.Т нь эхний мэдүүлэгтээ “визний баримт бүрдүүлж өгчхөөд хариугаа хүлээж байх үед” буюу материалаа өгснөөс хойш тодорхой хугацааны дараа Д залгаад миний таньдаг хүнд 2,500,000 төгрөг өгчих гэхээр нь би Баярмаа руу шилжүүлсэн гэсэн бол дараагийн мэдүүлэгтээ визний материалаа бүрдүүлж өгчхөөд харих замдаа буюу тэр дор нь өөрөө Д руу залгаж хэлэхэд найдвартай хүн байгаа гээд утасны дугаар өгсөн учраас Б руу залгахад надаас 1,000,000, эхнэрээс 1,500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөг нэхэхээр нь шилжүүлсэн гэсэн. Эндээс цаг хугацааны болон Дэлгэрмаа 2,500,000 төгрөгийг Б-д өгөөрэй гэж хэлсэн, эсвэл хохирогч Т.Б руу залгахад Т.Б 2,500,000 төгрөг нэхсэн гэсэн зөрүүтэй мэдүүлэг харагдаж байна. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд байгаа Т.Б-ийн мэдүүлэгт “М.Д над руу залгаад манай ахад туслаа 2,500,000 төгрөг өгье гэж хэлсэн” гэх мэдүүлэг байдаг. Энэ нь хохирогч М.Т-ийн эхний мэдүүлэг буюу тэрээр Д намайг Б-д 2,500,000 төгрөг өгчих гэж хэлсэн гэсэн мэдүүлэгтэй нь таардаг боловч 2 дахь мэдүүлэг дээрээ Б залилан хийсэн болгож харагдуулахын тулд 2,500,000 төгрөг нэхэж авсан мэтээр хэлсэн. Мөн хохирогч М.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр визний материал өгсөн бөгөөд хариу хүлээж байх үеэр нь Д залгахаар нь Б-д мөнгө өгсөн буюу тэр өдрөө 2018 оны 04 дүгээр сарын 19-н гэж нэг мэдүүлдэг боловч өөр мэдүүлэгтээ визний материал өгсөн өдөр буюу 13-ны өдрөө харьж явахад нь Д залгахаар нь Б руу яриад мөнгө өгсөн гэж цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлдэг. Эндээс шүүгдэгч Т.Б-ийн мэдүүлдэгчлэн М.Т нь визний материал бүрдүүлэхэд тусалж өгөөч гэж 2,500,000 төгрөг өгсөн боловч буцааж авч чадахгүй болохоороо өөрийг нь залилж авсан мэтээр гомдол гаргасан байхыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэж болохуйц байхад шүүх анхаарч үзээгүй. Энэ байдлыг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр даргалагч шүүгч анзаарч шүүгдэгчээс “Та визний материал бүрдүүлж өгсөн үйлчилгээний хариуд 2,500,000 төгрөг авсан юм биш үү” гэж удаа асуухад шүүгдэгч тийм гэсэн агуулгатай хариулт өгсөн байдгийг хэргийн 132 дахь талд байгаа тэмдэглэлээс харж болно. Мөн хохирогч М.Т нь "Т.Б чи манай газар визний материалаа өгөхгүй яасан юм бэ?” гэсэн, гэрч М.Д нь “М.Б дараагийн хүний визний мөнгө орж ирэхээр 2,500,000 төгрөгийг эргүүлэн төлнө” гэсэн гэж тус бүр мэдүүлэг өгсөн. Харин Т.Б нь өөрийгөө тэгж хэлээгүй талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, М.Т, М.Д нар Т.Б виз гаргаж өгдөг газар ажиллуулдаг бөгөөд визийг нь гаргаж өгнө гэж мөнгө авсан мэтээр мэдүүлэг өгсөн. Энэ нь виз гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш, виз гаргадаггүй мөртлөө виз гаргадаг мэтээр худлаа хэлж мөнгө авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэсэн шинжтэй мэт харагдуулсан бөгөөд шүүх ч тэгж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэргийн 84 дэх талд байгаа М.Д-ийн мэдүүлэгт мөрдөгч “Б нь аль нэг улсад нэвтрэх виз гаргаж байсан болон визний материал бүрдүүлэх зэрэг ажлыг хийж байсан эсэхийг та мэдэх үү” гэж асуухад “Үгүй тийм ажил хөдөлмөр хийж байгаагүй гэж хариулсан. Харин хохирогч М.Т 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр Улсын яллагчийн асуултад Т.Б-г виз гаргадаггүйг мэднэ, харин танилтай гэж таамагласан тухайгаа мэдүүлсэн. Мөн гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Ер нь бол анх Т гуйсан шалтгаан нь бол Баярмаагийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дээр Б болон Б-ийн төрсөн дүү Б түүний нөхөр М нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаад визэнд ороод виз гараад 3 сар ажиллаад Монголдоо буцаж ирсэн. Тэрийг сонссон болохоор Т тусламж гуйсан юм” гэж мэдүүлсэн. Т.Б ч адил мэдүүлдэг. Хохирогч М.Т нь ч 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болсон шүүх хуралдааны үеэр Улсын яллагчийн "Та яагаад Б-д хандсан юм бэ” гэх асуултад "2 дүүгээ өмнө нь баталгаатай гаргасан гэхээр нь баталгаатай гаргах юм байна гэж бодсон” гэж хариулсан байдаг. Энэ нь гэмт хэрэг үйлдэл сэдэлт, зорилго байгаагүй харуулна. Дээрх бүгдээс Т.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан гэсэн объектив шинж үгүйсгэгдэхээр байхад шүүхүүд ач холбогдолтой нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй зөвхөн яллах баримтуудад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн  заалтыг хэрэглэлгүй гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Б-ийн хувьд Солонгос улсын виз болон өөр гадаад улсын виз гаргах, виз гарахад материал бүрдүүлэх, ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг хүн бол биш байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хохирогчийн материалыг дундаас нь аваад виз найдвартай гаргаж өгнө гэж хуурч итгүүлэн түүнээс 2,500,000 төгрөг авч залилсан үйл баримт бүрэн хангалттай, тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.Б-д анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж тэмдэглэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бусдын 2,500,000 төгрөгийг хууль бусаар авсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоосон байна.

Ийнхүү хууль бусаар авахдаа тэрээр хохирогчийг хуурч мэхлэх арга хэрэглэснийг хоёр шатны шүүх өмчлөх эрхийн эсрэг буюу залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Тухайлбал, шүүгдэгч нь гадаад улсад зорчих визний баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлдэггүй мөртлөө хохирогч М.Т-ийн Бүгд Найрамдах Солонгос улсад зорчих виз гаргуулах хүсэл зоригийг гүйцэлдүүлж чадна гэж худал хэлэн зохиомол байдлыг бий болгох замаар түүнийг төөрөгдүүлсэн нь залилах гэмт хэргийн шинжийг бүрнээ хангасан гэж хоёр шатны шүүхээс үзсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 2,500,000 төгрөгийн хохирол учирсан, мөн түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжүүд тогтоогдоогүй тул шүүх хэргийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан ердийн бүрэлдэхүүнээр зүйлчилсэн нь зөв болжээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуульд тодорхойлон заасан, дээр дурдсан үндэслэл, зарчмыг удирдлага болгох болон харгалзан үзсэний үндсэн дээр анхан шатны шүүх нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд уг хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, энэ зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор уг ялыг 360 цагаар тогтоосныг давж заалдах шатны шүүх нь жирэмсэн эмэгтэйд дээрх ялыг оногдуулахыг хориглосон мөн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан дээрх ялыг торгох ял болгон өөрчилсөн нь хуульд нийцсэн байна.

Хоёр шатны шүүх нь Т.Б-д холбогдох хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож, үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийснээс гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй тул “хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүссэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1513 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1446 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН