Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00823

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хороо Москвагийн 40/1 тоот “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг Яргуйт 2-4 тоотод оршин суух, Шарнууд овгийн Тэрбишийн Бүрнээбаатар /ТИ69082816/-т холбогдох

“Худалдах худалдан авах  гэрээний үүрэг 17 540 200 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Т.Бүрнээбаатартай 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 13/14 дугаартай Тогтвортой ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд Т.Бүрнээбаатарыг Цахилгаан гагнуурын дээд шатны сургалтанд хамрагдах төгрөгийг компани бүрэн төлж 2013.04.11-нээс  2018.04.11-нийг хүртэл 5 жилийн хугацаатай тасралтгүй үр бүтээлтэй ажиллана, хугацаанаас өмнө ажилтан ажлаас гарсан тохиолдолд гэрээний 4.7-д зааснаар сургалтын төлбөрийг 2 дахин нугалж төлнө гэж заасан. Т.Бүрнээбаатарыг 2013.12.12-ны өдрийн захирлын тушаалаар ажлын байран дээр архи ууж согтуу байсан тул ажлаас халсан. Мөн 2013.08.05-ны өдөр манай компани Т.Бүрнээбаатартай “Байшин худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Гэрээнд худалдан авагч Т.Бүрнээбаатар нь “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн Ү-2204021316 дугаартай БЗД-ийн 4 дүгээр хороо Хоршооллын хотхон-2, Б.Доржийн гудамжны 56 тоот 349,69 мкв талбай бүхий байшинг буулгаж материалыг авахаар тохиролцсон. Байшингийн үнэ 10.000.000 /арван сая/ төгрөг бөгөөд төлбөрийг 2013.09 дүгээр сараас 2014.12.10-ны өдөр хүртэл сар бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг төлж дуусгах ёстой байсан. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар байшинг буулгах, газрыг цэвэрлэхтэй холбогдон гарах бүх зардлыг Худалдан авагч тал бүрэн хариуцна гэж заасан боловч суурийн хог цэвэрлэх ажилд зориулан 1.230.000 төгрөгийг компаниас бэлэн мөнгө хүсч түр авсан. Т.Бүрнээбаатар нь сар бүр төлөх төлбөрийг нэг ч удаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд уулзаж төлбөр төлөхийг шаардахад төлөх мөнгө байхгүй, өөрийн өмчлөлийн хашаа байшинг зарж байж төлье гэдэг. Байшин худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар зүйлд Худалдан авагч нь худалдагчийн мэдэлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуугийн 52/6-4 тоотын газар, үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан, гэрээний 8 дугаар зүйлд “Хэрэв худалдан авагч гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд худалдагч нь барьцааны зүйлийг захиран зарцуулж өөрийн хохирлыг барагдуулж авах бүрэн эрхтэй” гэж заасан, түүнчлэн Т.Бүрнээбаатар нь манай компанид ирж төлбөр тооцооны асуудлаар уулзахдаа дээрхи хаяг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, банкинд барьцаанд тавьж манайд төлөх ёстой төлбөрөө төлнө гэж бичгээр баталгаа гаргасан. Иймд Тогтвортой ажиллах гэрээний үүрэг 620.000 төгрөгийг 2 нугалж 1.240.000 төгрөг, Байшин худалдах, худалдан авах гэрээний байшингийн төлбөр 10.000.000 төгрөг, алданги 8.874.000 төгрөг /Алданги тооцоолол/ бөгөөд Иргэний хуулийн 232.4-д зааснаар анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй тул 5.000.000 төгрөг, байшин буулгахад гарсан хог цэвэрлэхэд 1.230.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад зориулж шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн ба нийт 17.540.200 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч Т.Бүрнээбаатараас худалдах худалдан авах гэрээний үүрэг гэж 17 540 200 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан байх ба хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг гардан авч гарын үсэг зурсан байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан байх ба хариуцагч түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-д “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, хуульд заасан дээрх үүргүүдээ хэрэгжүүлээгүй бөгөөд, нэхэмжлэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн талаар маргаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Т.Бүрнээбаатараас байшинг зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэг 10,0 сая төгрөг, алданги 5 000 000 төгрөг, тогтвортой ажиллах гэрээний үүрэг 1 240 000 төгрөг байшин буулгахад гарсан хог цэвэрлэхэд 1 230 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 17 540 200 төгрөгийг гаргуулж “Дашваанжил” ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу гаргууллаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Т.Бүрнээбаатараас 17 540 000 төгрөг гаргуулан “Дашваанжил” ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 245 661 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 245 661 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА