Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/00822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан хуралдааны танхимд хийж,

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “ОТК” ХХК-ийн хүсэлттэй,

“Ч.Энхтүвшин, Л.Баярням нарыг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч “ОТК” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Зээлийн гудамж 23-55 тоотод оршин суух гэсэн хаягтай 5657938 регистртэй “Зэдра мичид” оноосон нэртэй ХХК нь 2013 оны 4 дүгээр сард манай компантай гэрээ хийж бетон зуурмаг худалдан авч Эрдэнэт хотод ажил үйлчилгээ явуулж байгаад 706 506 төгрөгийн үлдэгдэл тооцоогоо барагдуулалгүй явсан юм. Эхний үед компаний захирал, ерөнхий инженер нь утсаа авч төлбөр тооцоог хийнэ гэдэг байсан боловч 2014 он гарсаар холбогдохоо больсон. Ингээд бид бага хэмжээний тооцоо юм байна, боломжтой болохоороо хийх байлгүй гэж харсаар 3 жил өнгөрөх дөхсөн тул дүүргийн шүүхэд хандсан. Шүүх нэхэмжпэлийг хүлээн авч утас, хаягаар лавлахад компани олдоогүй учраас нэхэмжлэлийг буцаажээ. Иймд “Зэдра мичид” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан /Компаний тухай хуулийн 84-р зүйл/ захирал Ч.Энхтүвшин, ерөнхий инженер Л.Баярням нарыг ИХШХШТ хуулийн 155 дугаар зүйлд заасан журмаар эрэн сурвалжлан олж улмаар зөрчигдсөн эрхээ хангуулах шаардлагатай байх тул дээрх хүмүүсийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“ОТК” ХХК нь “Ч.Энхтүвшин, Л.Баярням нарыг эрэн сурвалжлуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ.

Ч.Энхтүвшин, Л.Баярням нар нь “Зэдра мичид” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанууд байх бөгөөд, “Зэдра мичид” ХХК нь, “ОТК” ХХК-с 2013 оны 4 дүгээр сард бетон зуурмаг худалдан авч Эрдэнэт хотод ажил үйлчилгээ явуулж байгаад 706 506 төгрөгийн үлдэгдэл тооцоогоо барагдуулалгүй явсан гэж “ОТК” ХХК, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх ба хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

“Зэдра мичид” ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих хуулийн этгээд байх бөгөөд хаана байрладаг болох нь тодорхойгүй /хаяг нь тодорхойгүй/ байх тул уг компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Энхтүвшин, Л.Баярням нарыг эрэн сурвалжлуулах “ОТК” ХХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 “ОТК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 70 200 төгрөгийг хэвээр үлдээхээр заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Ч.Энхтүвшин, Л.Баярням нарыг /утас:96468899/ эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Ч.Энхтүвшин, Л.Баярням нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь 7 дугаар тойргийн Тахарын албанд даалгасугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.         

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХИШИГДАВАА