| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0030/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 128
2019 01 15 2019/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргүүдэд С.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807 00403 0414 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С.Б,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Сайханы саравч" гэх нэртэй газраас Б.Долгионы эзэмшлийн лексус-RX300 маркийн 04-60 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эзэмшигчийн зөвшөөрөлгүй жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөнөөс майханд амарч байсан А.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд хөнгөн, А.Дөлгөөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч С.Б нь авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Дөлгөөний мөрдөн байцаалтад өгсөн:
Батмөнх бид 2 нэг майханд ороод, Бат-Эрдэнэ тусдаа нэг майханд ороод унтацгаасан. Нэг сэрсэн чинь машины дугуй миний хүзүүн дээр гарчихсан, урд тэвш нь цээжин хэсэг дээр гарчихсан зогсож байсан. Тэгснээ тэр машин гэнэт ухраад буцаад урагшаа хөдөлсөн. Би ч машин доор нь гацсан байсан. Тэр хавьд байсан хүмүүс болон манай гэрийхэн машиныг өргөж байгаад намайг доороос нь гаргаж авсан. ...өөрийн эмчилгээндээ 1.302.640 төгрөг зарцуулсан. ...унтаж байсан майхан миний өөрийн эзэмшлийнх. Хувь хүнээс 500.000 төгрөгөөр ...худалдаж авсан. Ослын улмаас миний майхан, эвхдэг ор, хийлдэг гудас, аяны сандал, гар чийдэн эвдэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн:
...майхан дотроо Дөлгөөн ахтайгаа унтаж байсан. Тэгтэл гэнэт дээрээс юм дараад ороод ирсэн юм шиг санагдсан. Сэрээд хартал дээр машин дайрч гарч ирээд зогсчихсон байсан. Босох гэхээр дийлэхгүй байсан. Тэгтэл нөгөө машин буцаад ухрах гэж оролдсон. Тэгэхээр нь би эхлээд машины дугуйнаас холдсон. Дараа нь харж байгаад машиныг хөдлөхгүй хэсэгхэн зуур болоход нь гялс машин доороос гарсан. Тэгээд нөгөө машины жолоочийг болиулах гээд очтол хаалгаа цоожилчихсон, цонхоо онгойлгохгүй байсан. Тэгээд машины нөгөө талд гартал манай ах Дөлгөөний хөл нь харагдсан, тэгэхээр нь шууд машиныг өргөх гэж оролдсон. Тухайн үед ойр хавьд байсан хүмүүс ирж тусалсан. Тэгээд байж байтал манай майхныг дайрсан хар машины жолооч машинаасаа гарч ирээд амиа хорлоно гээд байсан. Тухайн үед машиныг нь өргөж байгаад ахыгаа доороос нь гаргаж авсан.
...Би тухайн үед эрүүл, ямар ч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 00-77 УНӨ улсын дугаартай автомашин ер нь бол миний машин, тэгэхдээ манай ах Дөлгөөний нэр дээр нь байдаг. Би тухайн үед нэр дээрээ шилжүүлж авч амьжаагүй байсан. Нэг майхан нь Дөлгөөн ахынх, нөгөө майхан болон бусад эд зүйл нь манай эгч Ариунжаргалын эзэмшлийнх байгаа юм. Би одоо гомдолтой байна. Миний нуруу одоо байнга өвдөж байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
Иргэний нэхэмжлэгч А.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:
...хамаатныхаа хүмүүстэй Тэрэлж голын эрэг дээр очсон. ...унтах гээд майхандаа орж хэвтсэн. ...гэнэт л дээрээс нэг юм дараад авахаар нь дээшээ түлхэх үед машины хаазалж байгаа дуу гарсан. Тэгэхээр нь ийш тийшээ харсан чинь майхны урагдсан хэсэг харагдахаар нь тэр хэсгээр нь гарах санаатай машины доороос нэг юмнаас татаад машин доороос гарсан. ...эмчилгээндээ 1.163.500 төгрөг зарцуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Долгионы мөрдөн байцаалтад өгсөн:
... миний машины цонхийг цохиод хагалсан учраас миний бие машиныхаа шилийг янзлуулахад гарах зардлаа нэхэмжилж байна. Намайг очиход хагалсан байсан. СүүлД нь майханд унтаж байсан хүүхдүүдийн аав нь гэх залуу С.Бг "хаалгаа онгойлгохгүй урагшаа хөдлөөд явах гээд байхаар нь гольфийн цохиураар цохиж хагалсан" гэж ярьж байсан. ...намайг очиход С.Бгийн хаалга онгорхой өөрөө дотор нь сууж байсан. Миний машины урд болон арын шил, жолоочийн арын шил гээд нийт 3 цонх хагарсан. Үэнлгээгээр нийт 470.000 төгрөг болсон, уг хохирлоо нэхэмжилнэ. Приус машиныг мөргөөд миний машины гуфер бага зэрэг эвдэрсэн гэхдээ миний бие С.Бгээс нэхэмжлэхгүй, мөн үнэлгээ хийлгэх шаардлага байхгүй.
С.Б, Ганлхагва, Хишигсүрэн бид нар Тэрэлжид голын эрэг дээх бууллаад пиво ууцгааж байгаад 14 цагийн орчим унтсан. Гэнэт хүмүүс чанга орилолдоод байхаар нь майхнаас гараад харахад баруун тийш нилээд зайтай миний машин зогсож байсан. яваад очиход С.Б руль дээр суусан, майхан дайрчихсан, улаан өнгийн приүс мөргөчихсөн байсан. Машины түлхүүр идэх юмтай уутны ёроолд хийсэн байсан. Би машин унах талаар ямарч зөвшөөрөл өгөөгүй. С.Б зөвшөөрөлгүйгээр машин жолоодож яваад осол гаргасан учир өөрөө бүх хохиролыг барагдуулана гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 33-34, 72-73/
Гэрч М.Ариунжаргалын мөрдөн байцаалтад өгсөн:
...голоос ус авах гээд майхнаасаа дөнгөж гартал нүдний үзүүрт бараан өнгийн машин харагдсан. Тэгээд нөгөө машин миний байсан майхны хажууд цуваа 4 майхны 2-ыг дайраад улаан өнгөтэй машиныг мөргөөд зогссон. Майхан дайрахыг нь хараад би орилоод гүйгээд очтол миний араас манай төрөл садангийн хүмүүс гарч ирээд бид нар бөөнөөрөө нөгөө майхан дайрсан машин дээр очоод машиных нь хаалгыг онгойлгох гэсэн чинь жолооч нь хаалгаа түгжчихсэн онгойлгохгүй, машин мөргөж зогсчихоод буцаад ухарсан. Тэгээд хаалгаа онгойлгохгүй болохоор нь цонхыг нь миний дүү Ариунболд модоор цохиж цонхыг нь хагалаад жолоочийг нь буулгасан. Жолоочийг буулгасаны дараа олууллаа нилээд 04-60 УНБ улсын дугаартай Toyota Harier машиныг жолооч талаас нь өргөөд машины доор орсон байсан дүү нар болох Дөлгөөн, Батмөнх, Бат-Эрдэнэ нарыг татаж гаргасан. Жолооч нь архи уучихсан, машинаасаа буугаад хөл дээрээ тогтож явж чадахгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 78-80/
Гэрч М.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн:
...би майхан дотроо унтаж байхад гэнэт "түс тас" гээд майхны гадна юм дугархаар нь юу болов гэж бодоод майхнаасаа гараад иртэл манай хүүхэд Батмөнх, Бат-Эрдэнэ, дүү Дөлгөөн нарын унтаж байсан 2 майхныг хар өнгөтэй машин дайраад дээр нь гараад зогсчихсон хойшоо урагшаа холхиулаад байсан. Тэгэхээр нь би гүйж очоод хаалгыг онгойлгох гэж үзээд болохгүй, удаа дараа "онгойлго" гэж шаардаж байгаад сүүлдээ аргаа бараад хойд цонхыг нь хагалсан, тухайн үед машины цонхыг нь хагалахгүй бол зугтах оролдлого хийгээд зугтаах гээд байсан. Тэгээд нөгөө автомашины жолоочийг хажууд нь байсан хүмүүс машинаас нь татаж буулгаж ирсэн. Тэгхэд нөгөө жолооч чинь "би хүн алчихлаа амиа хорлоно" гээд орилоод яваад байсан. Тухайн үед автомашин дотор жолооч нь ганцаараа, нилээн согтолттой байсан. Өөрөө өөрийгөө авч явах чадваргүй байсан. Машинаас нь маш их архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 90/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 27-ны өдрийн 8950 дугаартай:
А.Дөлгөөний биед баруун суудал ясны их биеийн ар хэсэгт ташуу сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, сээр, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд мэс заслын оёдол бүхий шарх, зүүн чамархай, зулайн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн өвдөгт шарх, дух, хүзүү, мөр, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 8948 дугаартай:
А.Бат-Эрдэнийн биед сээрний 7-р нугаламын баруун хөндлөн сэртэн, зүүн дал ясны их биеийн цууралт, зүүн уушгины дээд дэлбэнд, доод дэлбэнгийн орой, дотор хэсгийн эдийн голомтлог няцрал, дух, зүүн хацрын зулгаралт, зүүн ташаан язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96/
Замын цагдаагийн тасгийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай:
Дээрх осол нь зам тээврийн осол мөн болно. 04-60 УНБ дугаартай лeкcyc-RX300 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний 2.7.а-д зааснаар "Согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 9.2-т зааснаар "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх зэрэг заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. А.Батмөнх, А.Дөлгөөн, А.Бат-Эрдэнэ нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. С.Б нь жолоочийн 923134 дугаартай үнэмлэхтэй бөгөөд жолоодох эрх нь хүчинтэй байна. Дүгнэлт гаргахад өөр хэрэгт ач холбогдол бүхий ул мөр илрээгүй болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 108-109/,
Арвижих Эстимэйт ХХК-ний 18/18018 дугаартай: иргэний нэхэмжлэгч А.Дөлгөөний эзэмшлийн эд хөрөнгө болох хийлдэг гудас 2 ширхэг нь 57.000 төгрөг, майхан 2 ширхэг нь 950.000 төгрөг, эвхэгддэг ор 1 ширхэг нь 113.050 төгрөг, хөнжил 1 ширхэг нь 27.000 төгрөг, тээврийн зардал 10.000 төгрөг, нийт - 1.157.050 төгрөг болно гэх үнэлгээний тайлан /хх-ийн 112-118/
Арвижих Эстимэйт ХХК-ний автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 12727 дугаартай:
А.Дөлгөөний эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 00-77 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 365.000 төгрөгийн нийт хохиролтой болно гэх үнэлгээний тайлан /хх-ийн 122/
Вендо ХХК-ийн авто машин, техникийн үнэлгээний 11180100 дугаартай:
Б.Долгионы 04-60 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нь нийт 470.000 төгрөг болно гэх үнэлгээний тайлан /хх-ийн 125-127/
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/,
-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14-22/,
-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 47-65/,
-А.Бат-Эрдэнэ, А.Дөлгөөний осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, А.Дөлгөөний өвчний түүхийн хуулбар /хх-ийн 159-174/,
-шүүхэд гаргасан хохирогч А.Дөлгөөн, А.Батмөнх, А.Бат-Эрдэнэ нарын “бидний нэхэмжилсэн баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо гомдолгүй” гэх хүсэлт, 2.800.000 төгрөг, 1.800.000 төгрөг хохиролд шилжүүлсэн баримт, иргэний нэхэмжлэгч Б.Долгионы нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэх хүсэлт,
Шүүгдэгч С.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 07 сарын 12-ны өдөр Долгион, Ганлхагва, Хишигсүрэн нартай Тэрэлж явж Сайхны саравч гэх газарт очоод хоол унд хийж идээд хөзөр тоглонгоо архи пиво уусан. Би архи уугаагүй, 4 лааз 0,5 литрийн пиво уусан. Тэгэж байгаад унтах гээд майхан руу орсноо санаж байна. Нэг сэргэхэд Налайх дүүргийн эрүүлжүүлэх байранд сэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 130/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс: шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор С.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар, боловсролын болон мэргэжлийн үнэмлэхний хуулбар, жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 133-142/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.
Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, эд хөрөнгийн, ШШҮХ-ийн шинжээчийн болон Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Б нь авто тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан, согтуурсан үедээ автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хөнгөн, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Бг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч С.Б нь хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарт учирсан бодит хохиролыг төлж барагдуулсан. Цаашид гарах зардалыг төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр тайлбар гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хийсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл шалтгаан, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзэв.
Авто тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүсэх гэмт хэрэг санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг хэдий ч шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн үйлдэлийг удирдах чадваргүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь нийгэмд маш аюултай үзэгдэл учир эрүүгийн хариуцалгыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хөнгөрүүлэх болон хүндэрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хамгийн хөнгөн ялыг хамгийн бага хэмжэгээр оногдуулаж, хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.
Харин жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдлэж дууссанаас хойш хугацааг тооцохоор шийдвэрлэн, шүүгдэгч С.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэснийг холбогдох байгууллагад мэдэгдэх нь зүтэй.
Шүүгдэгч С.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Бг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг, согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч С.Бг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох хөнгөн ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг долоон сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч С.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт хэргийн хамт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нь цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Бгээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ