| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 104/2023/00170/И |
| Дугаар | 210/МА2023/01594 |
| Огноо | 2023-08-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2023/01594
2023 08 14 210/МА2023/01594
Д.Т ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 104/ШШ2023/00280 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Д.Т
Хариуцагч: Б.Т
Нэхэмжлэлийн шаардлага: бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлж, 1,243,060 төгрөг гаргуулах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 20,043,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбагана, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие Шинэ Налайх хороолол, 01 дүгээр байр, 10 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг 2017 оноос нэг сарын 300,000 төгрөгөөр хариуцагчид түрээслүүлэхээр тохиролцсон. Тухайн үед 6 сарын төлбөр 1,800,000 төгрөгийг бөөнд нь авсан. Үүнээс хойш 4 жилийн хугацаанд түрээсийн төлбөр 300,000 төгрөг байсан.
1.2. 2021 оны 11 дүгээр сараас түрээсийн төлбөрийг 600,000 төгрөг болгон нэмэгдүүлснийг хариуцагч зөвшөөрсөн ба тэрээр 2018 онд 3,000,000 төгрөг, 10 дугаар сард 3,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн боловч түүнээс хойш түрээсийн төлбөрийг төлөөгүй. 2023 оны 04 дүгээр сар хүртэл орон сууцанд амьдарсан. Түүнд орон сууцыг суллах шаардлага тавьсан боловч суллаж өгөөгүй.
1.3. Тэрээр 2017 оноос хойш уг орон сууцанд амьдрах хугацаандаа орон сууцны хэрэглээний зардалд 1,243,060 төгрөг төлөөгүй.
Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлж, 1,243,060 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Анх тухайн орон сууцыг худалдаж авахаар Д.Т тэй тохиролцсон. Тухайн хэлцэл нь хуулийн шаардлага хангаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг чөлөөлж өгөхөд маргахгүй. Мөн хариуцагч нь тухайн орон сууцанд амьдарч байсан тул хэрэглээний зардлаа төлнө гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Миний бие 2017 онд орон сууц худалдана гэсэн зарын дагуу эхнэр Р.Л ын хамт Д.Т тэй уулзсан. Тухайн орон сууц ипотекийн зээлтэй байсан тул Д.Т ийн урьдчилгаанд төлсөн 15,000,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сараас 2018 он хүртэлх хугацаанд төлсөн. Үүнээс хойш сар бүр төлөх ипотекийн зээлийн 355,000 төгрөгийг төлсөн. Ингэхдээ Д.Т ийн болон түүний хэлсэн данс руу нийт 20,043,000 төгрөгийг шилжүүлсэн.
3.2. 2020 онд ковид-19 цар тахлын улмаас Засгийн газар ипотекийн болон бусад зээл эргэн төлөх хугацааг хойшлуулсан. Ипотекийн зээлийг хойшлуулсан хугацаа дуусаад Д.Т орон сууцны үнэ нэмэгдсэн тул тохиролцоог цуцлаад, орон сууцыг суллаж өгөхийг шаардсан. Уг тохиролцоог цуцалж байгаа тул орон сууцны төлбөрт шилжүүлсэн 20,043,000 төгрөгийг Д.Т өөс гаргуулна гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Миний бие орон сууц худалдах зар тавиагүй бөгөөд байр түрээслэн төлбөрийг бөөнд нь авна гэсэн зарын дагуу Б.Т ирж уулзсан. Б.Т хувиараа уул уурхайн бизнес эрхэлдэг гэж хэлсэн тул тэрнээс мөнгө зээлдэг байсан. Байрны төлбөрт 100,000-5,000,000 төгрөгийг зээлж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Т ын эзэмшлээс Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ-Налайх хороолол, 1 дүгээр байр, 10 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, хариуцагч Б.Т аас 1,229,067 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т т олгож, үлдэх 13,993 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.Т ын гаргасан 20,043,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 104,583 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 104,247 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 258,165 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрч Р.Л ын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хариуцагчаас 22,343,000 төгрөгийг эхнэр Х.Ц , дүү Д.Э нарын дансаар хүлээн авсан тухай баримт, сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргахгүй талаарх хариу тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байсан.
6.2. Талуудын хооронд хийгдсэн орон сууц зээлээр худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн холбогдох шаардлага хангаагүй, тухайн орон сууцыг шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч Д.Т т төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар буцаан шаардах эрхтэй.
Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1. Хариуцагч нь 2017 оноос хойш 7 жилийн хугацаанд тухайн орон сууцыг түрээслэн амьдрахдаа нэхэмжлэгчтэй тохиролцоод ипотекийн зээлд 6 удаа Б.Энэбиш гэх хүний дансаар дамжуулан мөнгө шилжүүлсэн.
7.2. Хариуцагч нь орон сууцыг худалдан авахаар 15,000,000 төгрөг өгөөгүй бөгөөд түрээсийн төлбөр 300,000 төгрөг байхаар тохиролцсоны дагуу урт хугацааны түрээсийн төлбөрт өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Б.Т д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, орон сууцны ашиглалтын зардал 1,243,060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2.1. Хариуцагч нь орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 20,043,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган үндсэн нэхэмжлэлийн агуулгыг эс зөвшөөрч маргасан.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон маргааны зүйлийг буруу тодорхойлсон, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.
4. Талуудын хооронд орон сууц хөлслөх, эсхүл орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр нь орон сууц хөлслөх гэрээний дагуу, эсхүл орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр эсэх, хариуцагч нь нэхэмжлэгчид төлсөн 20,043,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Шинэ налайх /12800/ 1 дүгээр байр, 10 тоот хаягт байршилтай, 48.36 м.кв талбайтай орон сууцанд хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд оршин сууж байсан. /хх 4/
5.2. Дээрх хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчид нийт 23,693,000 төгрөг өгсөн. /хх шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 тал/
6. Нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг хариуцагчтай орон сууц хөлслөхөөр тохиролцсон гэж, хариуцагч нь орон сууц худалдах-худалдан авахаар тохиролцож мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж тайлбарласан.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагын болон татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
7.1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээнд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагыг тавигдахгүй бөгөөд харин мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнд заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага тавигдана.
7.2. Хариуцагч нь дээрх орон сууцыг худалдах-худалдан авахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул тухайн хэлцэл талуудын хооронд байгуулагдсан гэж дүгнэхгүй. Түүнчлэн, хариуцагчийн тайлбарласанчлан тухайн орон сууц ипотекийн зээлтэй байгаа эсэх нь худалдах-худалдан авах гэрээг байгуулахад саад болохгүй. Иймд талуудын хооронд үүсээгүй орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс хариуцагч татгалзах боломжгүй тул тэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө нэхэмжлэгчээс буцаан шаардсан нь үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг дээрх үндэслэлээр өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
8. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. Учир нь, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх татгалзлын үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн хариуцагч нь дээрх хугацаанд тодорхой хугацааны давтамжтай мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж байсан, мөн хариуцагч тухай орон сууцанд оршин сууж байсан үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Шинэ Налайх хороолол, 01 дүгээр байр, 10 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг нэг сарын 300,000 төгрөгөөр хариуцагчид хөлслүүлэх, хариуцагч нь хөлсийг төлөхөөр тохиролцсон гэж дүгнэв. Иймд анхан шатны шүүхийн ...талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй гэх дүгнэлт үндэслэлгүй болжээ.
8.1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээнд мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. Мөн хуулийн 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ 2023 оны 04 дүгээр сард дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
8.2. Талуудын хооронд үүссэн маргаан нь орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болсны үр дагавар шаардахтай холбоотой байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох зохицуулалтыг тайлбарлан, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхээр тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.
9. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц ашиглалтын зардал 1,243,060 төгрөг гаргуулах хэсгийн заримыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн шийдэлд талууд давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны талуудын хооронд үүссэн харилцаанд тулгуурлан хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Учир нь, хуулийн дээрх зохицуулалт нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч нарын, мөн өмчлөгч болон сууц өмчлөгчдийн холбооны хооронд холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ бөгөөд талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд огт хамааралгүй юм. Иймд энэ талаарх дүгнэлтийг буюу нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж залруулж, шийдвэрийг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 104/ШШ2023/00280 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...106 дугаар зүйлийн 106.1, 147 дугаар зүйлийн 147.1 гэснийг ...302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж,
2 дахь заалтын ...492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар гэснийг ...243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
М.БАЯСГАЛАН