Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2023/01603

 

 

 

 

2023 08 14 210/МА2023/01603

 

 

Н.Э ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н.Э ,

Хариуцагч: Э ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 281,097,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Э ХХК-ийг төлөөлж захирал Д.Н тай 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хамтран ажиллах гэрээ, 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, нийт 74,000 ам доллар буюу 254,560,000 төгрөг, мөн 26,000,000 төгрөг, бүгд 280,560,000 төгрөгийг Э ХХК-д өгсөн.

1.2. Э ХХК нь тухайн үед амны хаалт үйлдвэрлэх болж, А ХХК-д нийлүүлж эхэлсэн нь итгэлийг нэмэгдүүлсэн.

2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Э ХХК-ийн амны хаалтны үйлдвэрт Д.Н тай уулзахад ...гэрээгээ цуцалъя, оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг чинь буцаагаад өгье, тооцоо нийлье гэсэн тул 2006 оноос 2013 он хүртэлх хөрөнгө оруулсан мөнгөө тооцоход надаас 74,000 ам.доллар, 26,000,000 төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Энэ талаар Д.Н тай тооцоо нийлж акт үйлдсэн. Тухайн үед актад Д.Н нь гарын үсэг зурсан ба намайг ...тамгаа дарахгүй юм уу гэхэд ...эхнэр байхгүй тул тамга одоогоор надад алга, одоо үйлдвэр ашиглалтад орсон үйл ажиллагаа жигдрээд ирэхээр тооцоо нийлсэн мөнгийг буцаан өгье гэсэн. Д.Н 2018 оны 11 дүгээр сард нас барсан, 2015 онд Э ХХК-ийг Г.Э т шилжүүлсэн.

Иймд Э ХХК-аас нийт 281,097,980 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Э ХХК-ийг 2015 онд Д.Н , Ч.У нараас худалдан авч, өөрийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж байна. Д.Н , Н.Э нарын хоорондын асуудал Э ХХК-д хамааралгүй. Учир нь, Д.Н ас Э ХХК-ийг худалдан авахдаа ямар нэгэн эд хөрөнгө болон тоног төхөөрөмж аваагүй. Тухайн үед өөрийн хөрөнгө оруулалтаараа БНХАУ-аас бүрэн автомажсан тоног төхөөрөмжийг худалдан авч, түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2.2. 2015-2018 оны хооронд Д.Нямтулгыг Э ХХК-ийн гүйцэтгэх удирлагаар ажиллуулж байхад уг асуудлыг хэлж байгаагүй.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Э ын хариуцагч Э ХХК-аас 281,097,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,563,440 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлэх актад талууд өгсөн, авсан бүхий л мөнгөн хөрөнгийг жагсаан бичиж, нийт 74,000 ам.доллар, 26,000,000 төгрөгийг Н.Э од төлөхийг харилцан хүлээн зөвшөөрсөн. Гэрч Б.Баатарцогтын мэдүүлгээр уг мөнгийг 5 жилийн хугацаанд төлөхөөр талууд харилцан тохирсон нь нотлогдоно.

4.2. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тухайн 5 жилийн хугацаа дууссан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3-т дугаар зүйлд тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...2006 онд Э ХХК-тай хамтран ажиллахаар тохирч, нэхэмжлэгч нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 74,000 ам.доллар, 26,000,000 төгрөгийг Э ХХК-д шилжүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр үүнийг баталгаажуулж талууд тооцоо нийлсэн баримт үйлдсэн гэж тодорхойлсон. Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч болон тухайн үед Э ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Д.Н нарын хооронд байгуулагдсан тохиролцоо нь Э ХХК-д хамааралгүй гэж үгүйсгэн маргасан.

 

3. Хэрэгт 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ авагдсан. Уг гэрээг нэг талаас нэхэмжлэгч Н.Э , нөгөө талаас Э ХХК-ийг төлөөлж Д.Н байгуулж, гарын үсэг зурж, Э ХХК-ийн тэмдэг дарагдсан. /хх7/

3.1 Дээрх гэрээнд үйлдвэрлэл явуулах түүхий эд авахад зориулж нэхэмжлэгч нь 15,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх, хариуцагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулах буюу үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байна.

Анхан шатны шүүх дээрх гэрээг талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

 

4. Э ХХК-ийн төлөөлөгч Д.Н нь нэхэмжлэгчээс нийт 34,174,250 төгрөгийг хөрөнгө оруулалтад авсан агуулга бүхий Э ХХК-ийн тэмдэг дарагдсан 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн баримт хэрэгт авагдсан. /хх 9/ Уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хамтран ажиллах гэрээний хураамжид төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Түүнчлэн, хэрэгт 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээ авагдсан. Уг гэрээнд нэг талаас нэхэмжлэгч Н.Э , нөгөө талаас Э ХХК-ийг төлөөлж Д.Н байгуулж, гарын үсэг зурж, Э ХХК-ийн тэмдэг дарагдсан./хх8/ Тухайн гэрээ нь 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-г баталгаажуулахаар дахин байгуулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, уг гэрээний дагуу талуудад гэрээний үүргийн харилцаа тусдаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Д.Н болон нэхэмжлэгч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, харилцан гарын үсэг зурсан. Уг баримтын агуулга нь Д.Н нэхэмжлэгчид нийт 74,000 ам.доллар болон 26,000,000 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулсан байна. /хх15/ Уг үнийн дүнд нэхэмжлэгчээс хамтын үйл ажиллагааны хураамжид төлсөн 34,174,250 төгрөг орсныг хариуцагч Э ХХК-аас нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэхгүй.

Учир нь, Э ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хураамжид төлсөн дээрх 34,174,250 төгрөгийн үүрэг 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн баримт үйлдсэнээр дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан өгөхөөр талууд харилцан тохиролцсон гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Түүнчлэн, тухайн баримтад заасан 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагчид хураамж 15,000 ам.доллар төлсөн гэж үзэх, мөн нэхэмжлэгчээс 2007 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгийг, 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 3,000 ам.доллар, 2008 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 12,000 ам.доллар, 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 10,000 ам.доллар, мөн өдөр 3,500,000 төгрөг, 2011 оны 05 дугаар 07-ны өдөр 20,000,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. /хх 7,10-15/

 

8. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тооцоо нийлсэн хэлцлийн дагуу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тухайн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хариуцагчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх 74,000 ам.доллар, 26,000,000 төгрөг буюу нийт 281,097,980 төгрөгийг шаардах эрхгүй.

Шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэлээр өөрчлөн дүгнэж, тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийг мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг болгон өөрчилнө. Өөрөөр хэлбэл, уг маргаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд биш байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч болон хэргийн оролцогч бус этгээд болох Д.Н нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн нь буруу.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2023/02493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3 гэснийг ...186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,563,440 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН