Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2016/00783

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-24-20 тоотод оршин суух, Бээл овгийн Эрдэнэбаатарын Чимгээ /ФМ81032202/-д хариуцагдах

“3 286 633 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Чимгээ нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Эмпипи” ХЗХ-оос 2 000 000 төгрөгийг сарын 4.5%ийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэж аваад гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй хоршоог хохироосоор байна. Э.Чимгээгээс авах учиртай мөнгөө тооцвол үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1 178 633 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 108 000 төгрөг нийт 3 286 633 төгрөг гаргуулан авна. Зээлдэгчийн төлөх учиртай нийт төлбөрөөс зээлийн хүүд төлсөн 621 367 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд Э.Чимгээгээс 3 286 633 төгрөгийг гаргуулан “Эмпипи” ХЗХ-нд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Чимгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Чимгээ миний бие нь “Эмпипи” хоршооноос 2 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн болно. 2015 оны 8 сар хүртэл хүү төлж байгаад 2015 оны 08 сарын 28-нд 7 сартай жирэмсэн байх үедээ шатнаас унаж бие өвдөн улмаар 9 сард нь эмнэлэгт хэвтсэнээс хойш төлөлт огт хийж чадалгүй байсаар 11 сард нь амаржин гэртээ суусан. Одоогоор хүүхэд маань 6 сартай эгчийнх нь хичээл амарсан учир Улаанбаатарт очиж хэдэн төгрөгний ажил олж хийж 6,7,8 сард боломжоороо хүү төлөөд 9 сараас ажилд орж цалингийн зээл авч төлөх нэг арга байна. Мөн би нөхрөөсөө салж хот руу яваад хашаа байшингаа шилжүүлж авч шүүхдэхээр энэ зуныг Улаанбаатар хотод өнгөрүүлэх учир шүүхийн дагуу гэр бүл цуцалж хашаа байшинг зарвал өрөө дарах бас нэг хувилбар байгаа. Иймд тус хоршоонд 6,7,8 саруудад хүүг төлөөд 9 сараас бүрэн төлөх хүсэлтэйг минь уламжилж шийдвэрлэж өгнө үү. Зээл хүү болон алдангийг өөрийн боломжоор бүрэн төлж барагдуулахаа батлаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ нь хариуцагч Э.Чимгээгээс “3 286 633 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжилсэн 3 286 633 төгрөгийг хариуцагч Э.Чимгээ нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон   ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлага 3 286 633 төгрөгийг хариуцагч Э.Чимгээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Э.Чимгээ нь нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-д 3 286 633 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 537 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 33 768 төгрөг, төрийн сангаас 33 768 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эмпипи” ХЗХ-д олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                        Б.ХИШИГДАВАА.